УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хаалттайгаар хэлэлцэж эхэллээ
УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэж эхэлжээ.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Ерөнхий прокурор өнгөрсөн баасан гаригт УИХ-ын даргад хүргүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэн шийдвэрлэнэ. Тус асуудлыг эхлээд Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэх хуулийн зохицуулалттай.
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хаалттай хэлэлцэж, нууцаар санал хураана. УИХ-ын тухай хуульд “Халдашгүй байдлын дэд хороо УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүнээс бүрдэнэ” гэж заасан байдаг. Халдашгүй байдлын дэд хорооны гишүүнд Ц.Мөнх-Оргил, Н.Энхболд, С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт нар багтдаг.
УИХ-ын тухай хуулийн 28.6-д Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо Улсын Их Хуралд хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүнээс бүрдэх бөгөөд УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах талаар энэ хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас УИХ-д ирүүлсэн саналыг судалж санал, дүгнэлт гарган зохих Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оруулна гэж тусгажээ.