ХӨСҮТ-ийн захирал асан Ц.Билэгтсайхан 3.2 тэрбумын оношлуурыг санхүүгийн албандаа мэдэгдэхгүй, ажлын бус цагаар устгалд оруулсан хэрэгт холбогджээ

0

Улсын II төв эмнэлгийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан Ц.Билэгтсайханыг 2021 оны есдүгээр сарын 9-ны өдөр ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар томилж, 2023 оны тавдугаар сард үүрэгт ажлаас нь чөлөөлж байв.

Ц.Билэгтсайхан нь ажлаас чөлөөлөгдөхөөсөө хэдхэн хоногийн өмнө 3.2 тэрбум төгрөгийн оношлуурыг санхүүгийн алба зэрэг холбогдох газрууддаа мэдэгдэхгүйгээр ажлын бус цагаар усгалд оруулсан асуудалд нэр холбогджээ.

Тодруулбал, ХӨСҮТ-ийн захирал асан Ц.Билэгтсайхан нь 2023 оны тавдугаар сарын 05 өдөр А/94 тоот тушаал гаргаж, 3.2 тэрбум төгрөгийн оношлуурыг устгалд оруулсан байна.

Ингэхдээ Ковидын улмаас 2021 оны долдугаар сар хүртэл амбулаториор өвчтөнүүдийг хүлээн авч үзлэг хийгээгүйгээс 387,272.2 мянган төгрөгийн ашиглалтын хугацаа дууссан, Эрүүл мэндийн яамнаас 2021- 2022 онд үнэ төлбөргүй шилжүүлсэн 2,878,351.5 мянган төгрөгийн хугацаа дууссан оношлуур нийт 3,265,623.8 мянган төгрөгийн оношлуур урвалжийг өмч хамгаалах байнгын комиссын протокол үйлдээгүй, санхүүгийн албанд мэдэгдээгүй, устгалтын компанитай гэрээ хэлцэл хийлгүйгээр ажлын бус өдөр устгалтыг хийсэн байна. Үүгээр зогсохгүй байгууллагын санхүүгийн албанд устгалт хийсэн бичиг баримт, өмч хамгаалах зөвлөлийн протокол, устгал хийсэн компанитай хийсэн гэрээг устгал хийснээс 10 хоногийн дараа нөхөн бүрдүүлж өгчээ. Тиймээс уг асуудлыг хуулийн байгууллагаар шалгаж байгаа аж. Хэдийгээр хугацаа нь дууссан гэх оношлуурыг устгалд оруулсан гэж буй ч холбогдох албаныханд мэдэгдэхгүй, устгалтын компанитай гэрээ хэлцэл хийлгүйгээр ажлын бус цагаар дээрх устгалыг хийсэн нь асуудал дагуулж байгаа юм байна. Уг асуудал зэрэгтэй холбоотойгоор түүнийг ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллага шалгаж эхэлсэн гэх мэдээлэл ч байгаа юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *