Монгол Улс Евро азийн холбооны гишүүн орнууд руу экспортоо тэлэх боломж бий юу

0

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Владимирович Путины Монгол Улс дахь айлчлалын үеэр эдийн засгийн ач холбогдол бүхий хэд хэдэн чухал ажил хөндөгдлөө.

Том зургаар нь харвал, манай улсад өгөөжтэй томоохон төсөл хөтөлбөр болоод эдийн засгийн хамтын ажиллагааны түншлэлээ сайжруулах тал дээр ахицтай хэлцлүүд ч ажиглагдсан. Ялангуяа энэ дунд манай улсаас Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд руу 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг экспортлохдоо импортын татвараас чөлөөлнө, чөлөөт худалдааны онцгой боломж бүрдүүлнэ гэсэн соргог мэдээ дуулдав. Үнэн бол, эдийн засгийн хэтийн өгөөж нь дотоодын эдийн засаг болоод үйлдвэрлэгчдийн хувьд маш таатай үйл явдал юм.

-Евроазийн эдийн засгийн холбоо гэж юу вэ, цар хүрээ, үр өгөөж-

Хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнууд эдийн засгийн интеграцчилалын шинэ түвшнийг бий болгох зорилгтын дор 2014-2015 онд үүсгэн байгуулж, Евроазийн холбоо гэсэн товчхон тодорхойлолтоор зарлаж байв. Анхлан Армен, Беларусь, Казахстан, Киргизстан, Молдав, Орос, Тажикистан, Узбекистан, Украин зэрэг улс гишүүн болон ажиглагч орноор хамтарч,  улс хоорондын эдийн засгийн өгөөжөө дээшлүүлэхээр онцгой нөхцлөөр өргөн хүрээнд худалдаа хийх эрхээ бэхжүүлж авцгаасан. Тухайн үед Оросын эдийн засгийн өсөлт удааширч байсан бөгөөд ДНБ-ий хувь хэмжээ нь 0.3-0,5 хувиар өсөх үзүүлэлтийг зарласан нь үндсэндээ зогсонги гэсэн үг. Иймд эдийн засгаа тэлэх өөр боломжит аргуудыг илэрхийлсний нэг нь улс төр, эдийн засгийн хувьд өнийн хамтрагчдаа нягтшуулах том сонирхол байсан нь энэ. Нэг ёсондоо цус сэлбэх шинэ боломж нь Евроазийн холбоо. Эдийн засгийн томоохон түшиц улс болох Украинтай геополитикийн асуудал үүссэн нь бусад гишүүн орнуудад дарамт үзүүлээд зогсохгүй худалдааны эргэлт нь буурч, харилцан хөрөнгө оруулалт хийх нь ч удааширсан байна. Иймд Евроазийн холбоо гэсэн богино тайлбараа илүү цар хүрээг нь томсгож Евроазийн эдийн засгийн холбоо болгосноор Оросын хувьд худалдааны алдагдлаа бууруулахад илүү дөхөм болж иржээ.

Өнөөдрийн дүр зургаар харвал Орос, Украины дунд өрнөж буй хүйтэн үйл явдлаас үүдэж Европийн холбооноос тасралтгүй тавигдсан эдийн засгийн хоригууд нь тус улсад үлэмж хохирол учруулж эхэлсэн гэж болно. Лангуун дээрх барааны нэр төрөл цөөрч, үйлдвэрлэлийн процессууд удааширч, хүнсний төдийгүй өргөн хэрэглээ, томоохон үйлдвэрлэгчдэд ч эд материал, тоног төхөөрөмжийн хомсдол бий болсноор эдийн засаг, нийгмийн томоохон сорилтуудтай тулж эхэлсэн. Харин энэ үед Оросын дотоод, гадаад эдийн засгийн жинтэй хүч нь Евроазийн эдийн засгийн холбооны улсууд дээрээ төвлөрч байна. Наанадаж л, Эрмитаж руу нэвтрэхэд тасалбар нь Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын иргэнд хөнгөлөлттэй гэсэн шошго зүүх жишээтэй. Энэ мэтээр Оросын дотоодын эдийн засгийн бүх л талбарт Евроазийн эдийн засгийн холбооны үүрэг оролцоо яг өнөөдрийн байдлаар амин зүйл нь гэж болно.

-Монгол улсад энэ талбарт ямар боломж байна-

Монголд эрт энэ яриа өрнөсөн мөртэй. Монголоос Орос руу экспортлох бүтээгдэхүүний босго өндөр, татвар чанга. Хаа ч байхгүй 40 гаруй хувийн татвар гэдэг бол эдийн засгийн эргэлтээ сайжруулахаар эрмэлзэж буй аж ахуй нэгж, дотоодын үйлдвэрлэгчдэд дэндүү хол. Оны эхэн үеийн нийт гадаад худалдааны дүнгийн ердөө 10 гаруй хувь нь ОХУ-руу. Энэ нь 1.4 тэрбум ам.долларын дүн бөгөөд манайхаас экспортлох хувь нь ердөө 70 сая хүрэхгүй ам.доллар. Манай талаас ерөөсөө энэ нөхцлийг сайжруулъя, эдийн засгийн үр ашигтай худалдааны эргэлтийг бий болгоё гэсэн хүслээр удаа дараа санал тавьж, энэ нь ч Оросын талд уламжлагдсаар ирсэн. Ядаж тарифаа бууруулаач гэдэг саналыг олон ч жил тавьсан. Оноор нь мөшгөвөл 2020 онд намрын чуулганы дараахан уг саналыг ажил хэргийн шатанд ахиулж, ОХУ болон Монгол Улсын талаас Евроазийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах ажлын хэсгийг байгуулж, анхдугаар уулзалт нь болж байв. Үүнээс хойш удаа дараагийн яриа өрнөсөн ч шат ахисангүй. Энэ оны хавар Евроазийн эдийн засгийн холбооны гишүүд Монголтой харилцаагаа гүнзгийрүүлнэ гэж бас л яригдсан.

Энэ удаагийн ОХУ-ын ерөнхийлөгчийн айлчлалын үеэр эл сэдэв дахин хөндөгдөж, Монголоос Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд руу импортын татваргүй бараа нийлүүлнэ гэсэн яриа дахин чих дэлссэн.Зөвхөн эдийн засаг талаасаа авч үзвэл манайхаас хөрш оронтойгоо чөлөөт худалдааны эргэлт сайтай байх нь мэдээж чухал. Албан яриа ажил хэрэг болж чадвал бидэнд 185 гаруй сая хэрэглэгчтэй зах зээл рүү нэвтрэх зураглал байна. Боломж ч, эрсдэл ч бий. Яригдаад хоёр ч парламент дамжсан энэ сэдвийг ажил хэрэг болгох эсэх нь зөвхөн Оросын ашиг сонирхлоос шалтгаалж байгаа нь илт ээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *