Сурвалжилга: Замын ажил гацаасан гэх айл 5 объект бүхий газраа 4 тэрбумаар үнэлжээ
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 13 байршилд шинээр холбоос зам хийж буй. Үүний нэг болох Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй буюу Гэмтлийн эмнэлэг /ГССҮТ/-ийг “Содон” хороололтой холбох гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий 3.9 км авто замын ажил хоёр дахь жилээ үргэлжилж байна. Бид энэ ажлын явцыг өмнөх долоо хоногт буюу одоогоос тав хоногийн өмнө сурвалжилсан.
Тус бүтээн байгуулалтын газар чөлөөлөлтийн ажил 2022 оноос хойш үргэлжилж, өнөөдрийг хүртэл дуусаагүй байна. Тодруулбал, энэ хүрээнд нийт 356 нэгж талбарыг чөлөөлөхөөр төлөвлөөд байсан. Одоогийн байдлаар уг замын ажил нэг айлын газар чөлөөлөлтөөс үүдэн гацаад байна. Өөрөөр хэлбэл Нийслэл болон тухайн газар эзэмшигч хоёр тохиролцолд хүрээгүй хэвээр байгаа аж.
Энэ тухайд одоогоос жилийн өмнө албаныхан “Хоногт 26-35 мянган автомашин нэвтрүүлэх хүчин чадалтай гол холбоос үндсэн зам болж байгаа. 13 байршилд авто зам, замын байгууламжийг өргөтгөн, шинэчилснээр замын сүлжээ 17.8 хувиар нэмэгдэх чухал ач холбогдолтой. Гэсэн хэдий ч зарим иргэн газрын тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, 3-4 дахин их төлбөр нэхэмжилж байгаагаас болж тус замын ажил саатсан“ хэмээн мэдээлж байв.
Энэ зам ашиглалтад орвол нэгдүгээр хорооллын урд талын болон 21 дүгээр хороолол руу чиглэсэн замын ачаалал эрс багасах боломжтой гэж тооцоолж буй. Нэмээд зам дагуух айлуудын газрын үнэ өсөж, нийтийн тээврийн хүртээмж сайжирч, худалдаа үйлчилгээ, бизнесийн орчин бий болох зэрэг эерэг талуудыг харсан хүлээлт үүсээд байгаа юм.
ГССҮТ-ийг “Содон” хороололтой холбох зам зургаан эгнээ бөгөөд хоёр талдаа тойрогтой, гүүрэн гарцтай. Эл замын бүтээн байгуулалтын хүрээнд хийж буй 31.7 метр өргөн, 18.8 метр урт, 5.5 метр өндөр таван нүхэн гарц бэлэн болжээ. Замын ажлыг “Монгол зам групп” ХХК гүйцэтгэж буй. Ажил 2022 оны зургаадугаар сард эхэлсэн бөгөөд 2024 оны зургаадугаар сард дуусгахаар төлөвлөсөн ч ийнхүү зогсонги байдалд ороод байна.
–Газраа 4 тэрбум төгрөгөөр үнэлсэн гэх айл Нийслэл хоёр одоог хүртэл тохиролцоонд хүрээгүй байна–
Гурав хоногийн өмнө “20 минутын хот” үндэсний хороо анхны хурлаа хийж Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын мэдээллийг сонссон. Энэ хүрээнд хурлаас гарсан шийдвэрийг олон нийтэд танилцуулах үеэр хотын дарга дээрх замын тухай товч мэдээлэл өгсөн. Тэрбээр, “Ард Аюушийн гудамжийг Содон хороололтой холбох замын ажил ганц, хоёр айлаас болоод гацсан. Бид зохиогч автортай нь яриад айлын үл хөдлөхтэй давхцаад байгаа хэсэг дээр замын трасыг есөн метр шилжүүлье гэж ярьсан боловч тохиролцоонд хүрээгүй. Өнөөдөр хамгийн сүүлийн айлынх дөрвөн тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн. Тэр мөнгийг төсвийн тодотголын дараа өгье гэж ярьж байгаа. Нийтдээ 260 нэгж талбар өртсөн. Энэ айлтай зөвшилцөл дууссан учраас гэрээгээ хийж, нүүлгэн шилжүүлнэ. Ингэвэл бид энэ сардаа багтаж хучилтаа хийж дуусгаад зорчих хөдөлгөөнөө нээнэ. Явган хүний зэрэг бусад ажлыг араас нь хийнэ” гэсэн.
Эл мэдээллийн мөрөөр бид дахин нэгдүгээр хорооллыг зорив. Тус газрын байршил Гэмтлийн эмнэлгийн замын баруун хойд хэсэгт гэр хороололтой залгаа байрлалтай. Тодруулбал, уг замын эхлэл хэсэг дээр байгуулж буй гүүрний яг дэргэд буюу гэр хорооллын урдуур өнгөрдөг засмалыг ГССҮТ-ийн баруун хэсгийн засмалтай холбох зайд байрлаж байна. Иймд зайлшгүй тус газрыг чөлөөлөх шаардлага үүсжээ.
Энэ газар дээр иргэн “Ч” 2008 оноос хойш өдийг хүртэл 16 жилийн турш хувийн бизнес эрхэлж байна. Энд нийт таван объект бий. Эднийх приус автомашины засварын газар болон сэлбэгийн дэлгүүртэй. Сэлбэгийн дэлгүүр бүхий объект гурван давхар. Мөн барилгын материалын дэлгүүр ч байв. Тухайн дэлгүүрт төрөл бүрийн шал, ламинат, паркет, хулдаас, хивс, дрож зэргийг худалдаалдаг, гурван давхар. Үүнтэй залгаа авто засварын газар ажилладаг.
Хотын дарга Х.Нямбаатарын хэлснээр энэ таван объект бүхий газрын үнэлгээ дөрвөн тэрбум гэгдэж буй. Харин газар эзэмшигчийн зүгээс “Одоогийн байдлаар асуудал эцсийн байдлаар шийдэгдээгүй. Нийслэлээс газрын үнэлгээг эцэслэж баталсан зүйл одоогоор байхгүй байна. Манайх энд 2008 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хэдээр үнэлэхийг бид тооцоолох боломжгүй. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарна байх. Олон нийтийн эрх ашиг энд хөндөгдөж байгаа учраас манайх шийдвэрийг дагана. Зөрөөд зүтгээд байгаа асуудал байхгүй” гэсэн юм. Энэ мэдээллийг албан ёсоор бус ярилцах зуурт яриандаа дурдсан бөгөөд нээлттэй мэдээлэл өгөхөөс татгалзав.
-Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох замын төсөвт өртөг 74 тэрбум төгрөг-
Уг авто замын тендерийг 2022 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр зарлажээ. Нийт төсөвт өртөг 84,359,000,000 төгрөг. Тендерт “Ган бүрд”, “Үйлсийн зам” ХХК, “Хурдны зам” ХХК, “Монгол зам групп” ХХК өрсөлдөж “Монгол зам групп” ХХК шалгарсан байна. Энэ компани 2010 онд үүсэн байгуулагдсан. Захирлаар нь Үржингийн Батмөнх гэх хүн бүртгэлтэй байдаг.
Сүүлд энэхүү төсөв 10 тэрбумаар буурч 74 тэрбум болоод буй. Тодруулбал, гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох олон түвшний огтлолцлын авто зам, гүүрэн байгууламжийн ажлын зураг төслийг 2022 онд гаргасан. Гэвч газар доогуурх инженерийн байгууламжийн асуудлаас шалтгаалан уг зураг төсөлд өөрчлөлт оруулах шаардлага үүсэж ийнхүү бууруулсан юм.
Эх сурвалж: Eguur.mn