М.Чимэдцэеэ: “Даян дэлхийн гурван том санаачилга” тэдгээрийн харилцан шүтэлцээ

0

Хятадын уламжлалт соёлд, өнө эртнээс нааш, их ёс суртлыг баримтлах, төрийн хэргийг түмэн олны үйл болгох, төр улсыг засах хэрэгт ёс суртлыг эрхэмлэх, ёс суртлаар хүмүүнийг боловсруулах, засаглахуй нь иргэн олныг тэтгэхүйд орших, их эв найрт дэлхий ертөнцийг цогцлоох, баян чинээлэг нийгмийг буй болгох, зохирлыг эрхэм болгох, санаа зохирон орших агаад сохроор эс дагалдах, шударгуу хийгээд өршөөлийг эрхэмлэх, ойр дотно, өршөөл журмыг сахиж, хөрш улстай эе найртай байх, улс орнуудтай эе зохирч, зэрэгцэн орших зэрэг төр улсыг засах баялаг үзэл санаа уламжилж ирсэн байдаг. 

Күнзийн сургаалтан буюу бичгийн сургаалтны үзэл санааг багтаасан Хятадын шилдэг уламжлалт соёлын дотор өнөөгийн хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа нийтлэг асуудал, бэрхшээлийг шийдвэрлэх мэдлэг ухаан оршиж байдаг гэж эрдэмтэд баталдаг. Тухайлбал, ойр дотно, өршөөл журмыг сахиж, хөрштэйгээ эв найртай байх, улс орнуудтай эе зохирч, зэрэгцэн орших зэрэг харилцааны ёс журам нь улс орнууд хоорондын зөрчил маргааныг зөөлрүүлж шийдвэрлэх, дэлхийн энх тайван, хөгжилд тус дөхөм үзүүлэхэд чухал үнэ цэнтэй үзэл санаа хэмээн үздэг. 

 БНХАУ-ын Дарга Ши Жиньпин “Өнөөдрийн Хятад улсыг ойлгож мэдье гэвэл, маргаашийн Хятад улсыг төсөөлөн танья гэвэл, эрхбиш Хятад улсын өнгөрсөн үеийг, Хятад улсын соёлыг ойлгож мэдэх хэрэгтэй. Өнөөгийн хятад хүний сэтгэлгээ, Хятад улсын Засгийн газрын улсыг засах төрийн бодлого тактик нь Хятадын уламжлалт соёлын ген нэвт шингэсэн байдаг юм” хэмээн онцолсон байдаг.  

 Чухамдаа тийм мэдлэг ухаан, шилдэг өв соёлын суурин дээр, БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Даян дэлхийн шинжтэй 3 том санаачилга”-ыг дэвшүүлжээ. Эдгээр нь: 

2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэхдээ дэвшүүлсэн “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”, 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Боагийн Азийн форумын оны хуралдааны нээлтийн ёслол дээр үг хэлэхдээ дэвшүүлсэн “Даян дэлхийн аюулгүй байдлын санаачилга”, 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ХКН болон дэлхийн улс төрийн намуудын дээд хэмжээний яриа хэлэлцээ хуралд үг хэлэхдээ дэвшүүлсэн “Даян дэлхийн соёл иргэншлийн санаачилга” юм.

Он дараалан дэвшүүлсэн энэхүү гурван санаачилгыг “Даян дэлхийн гурван том санаачилга” хэмээн нэрлэж байна. Энэхүү гурван том санаачилга нь органик нэгдэлтэй, харилцан шүтэлцээтэй, харилцан холбоо хамаааралтай, харилцан нөхцөлдсөн чухал санаачилга болохыг эрдэмтэн судлаачид, улс төрчид цохон тэмдэглэж байна. 

Түүхийн их урсгал дунд, хүн төрөлхтний нийгэм тасралтгүй урагшлан дэвшиж, эдийн засгийн даяаршил гүнзгийрэн хөгжиж, дэлхийн улс түмний харилцан холбоо, харилцан хамаарал гүнзгийрэх тусам, улам бүр жаргал зовлонгоо хамтатгасан хувь заяаны цогц нэгдэл болж байна. 

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албанаас энэ оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “Хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг гар гараасаа барилцан хамтдаа цогцлоох нь: Хятад улсын санаачилга, үйл ажиллагаа” нэртэй “Цагаан ном”-ыг танилцуулсан билээ. Уг “Цагаан ном”-д: “Бид итгэл найдвараар дүүрэн эрин үед, бас сорилт шалгалтаар дүүрэн эрин үед оршиж байна. Түүхийн их замын уулзуур дээр тулж ирээд, эе найрамдах уу, эсбөгөөс хагаран бутрах уу, уужуу нээлттэй байх уу, эсбөгөөс хаалттай түгжигдмэл байх уу, хамтран ажиллах уу, эсбөгөөс харилцан сөргөлдөх үү? гэсэн асуулттай тулгарч байна. Ямар сонголт хийх нь хүн төрөлхтний нийтлэг эрх ашиг лугаа шууд холбогдож, улс түмний оюун ухааныг сорьж шалгаж байна”. 

 “Нэгэн цэнхэр гараг дээр хамтдаа оршин аж төрөхүйд, ойрын хөрш, холын түншийн алин нь ч байсан, их гүрэн, бага улсын алин нь ч байсан, хөгжингүй улс, хөгжиж байгаа улсын алин нь ч байсан, чухамдаа өдрөөс өдөрт эрх ашиг нь улам бүр нэвчин сүлэлдэж, амар түвшин хийгээд аюул түгшүүр зэрэгцэн орших эрх ашгийн цогц нэгдэл, хариуцлагын цогц нэгдэл, хувь заяаны цогц нэгдэл бүрэлдэн тогтоод байна” хэмээн онцолжээ. 

Тэгвэл дээр дурдсан “Даян дэлхийн гурван том санаачилга” нь хөгжлийн, аюулгүй байдлын, соёл иргэншлийн гэсэн гурван өнцгөөс, хүн төрөлхтний нийгмийн урагшлах чиг хандлагыг тодотгон заасан, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг цогцлоон бүтээх, илүү сайн сайхан дэлхий ертөнцийг буй болгоход чиглэсэн Хятад улсын оюун ухаан, Хятад улсын хувилбар мөн болохыг судлаачид онцлон дурдаж байна. 

Хөгжил нь аюулгүй байдал болон соёл иргэншилтэй ямар холбоо хамааралтай вэ?

Хөгжил нь аюулгүй байдал болон соёл иргэншлийн суурь үндэс нь болох бөгөөд гагцхүү улс түмнүүд цэцэглэн хөгжиж байж сая энх тайван, аюулгүй байдал өнө бат оршиж, соёл иргэншил сая элбэг баян болж, урагшлан хөгжих жамтай ажээ. 

“Улс орон амар төвшин аваас үргэлж элбэг баян, улс орон үймээн самуунтай аваас үргэлж үгээгүй ядуу” гэсэн эртний Хятадын судрын үг байдаг. 

Хятадын өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй бодлогын уран барилгач хэмээн нэрлэгддэг Дэн Сяопин “Хөгжил бол хатуу ёс зүй” хэмээн хэлсэн байдаг. 

 “Даян дэлхийн хөгжлийн санаачилга” нь “Хүн төрөлхтөнд хөгжлийн ямар үзэл баримтлал шаардлагатай вэ?, “Даян дэлхийн хөгжлийг хэрхэн хэрэгжүүлэх вэ” гэсэн эрин үеийн шинжтэй асуултанд хөгжлийн үүднээс хариулт өгч, энэхүү санаачилга нь “Хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдэл”-ийг цогцлоон буй болгоход материаллаг үндэс суурь болох ёстой гэж үзэж байна. 

“Даян дэлхийн хөгжлийн санаачилга” нь юунд чиглэсэн санаачилга вэ? Энэ нь:

 -Хүн төрөлхтөн оршин тогтнох, цэцэглэн хөгжих болон улс орны шинэчлэлтийн үйл хэрэгт чиглэсэн, 

-Олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа өргөн олон хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн хөгжлөө эрчимжүүлж, түргэтгэх хүсэл эрмэлзэл болон тулгамдсан эрэлт шаардлагад чиглэсэн, 

-Улс орнууд хоорондын болон улс орны дотоодын хөгжлийн тэнцвэртэй бус, бүрэн дүүрэн бус байдлыг шийдвэрлэхэд чиглэсэн, даян дэлхийн хөгжлийн үйл хэрэг болон дэлхий дахины хөгжлийн хамтын ажиллагааны чиглэл хандлагыг тодотгон заасан санаачилга юм.  

“Даян дэлхий хөгжлийн санаачилга”-ын гол агуулга нь юу юуг багтаадаг вэ? 

Уг санаачилга нь 6 зүйлээс бүрдэж байна. 

1. Хөгжлийг эн тэргүүнд тавих явдлыг баримтлах. Хөгжлийг даян дэлхийн макро бодлогын хүрээний тэргүүлэх байранд тавьж, эдийн засгийн гол цогцын бодлого зохицуулалтыг эрчимжүүлэн, үргэлжилсэн, тогтвортой шинжийг хадгалан, илүү тэгш, тэнцвэртэй даян дэлхийн хөгжлийн түншлэлийн харилцааг цогцлоож, олон талын хөгжил, хамтын ажиллагааны үйл явцын уялдаа холбооны нөлөөг нэмэгдүүлэх, НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэтгэх.

2. Ард түмнийг гол төв болгох явдлыг баримтлах. Хөгжлийн явцад ард түмний амьжиргааг сайжруулж баталгаажуулах, хүний эрхийг хамгаалж, тус дөхөм үзүүлэх, хөгжил нь ард түмний төлөө байх, хөгжил нь ард түмэнд түшиглэх, хөгжлийн үр шимийг ард түмэн хүртэх, олон түмний аж жаргалын мэдрэмж, хүртэх мэдрэмж, аюулгүй байдлын мэдрэмжийг тасралтгүй нэмэгдүүлэх, хүний иж бүрэн хөгжлийг хэрэгжүүлэх.

3. Бүх нийтийн сайн сайхан, уужуу хүртээмжтэй байдлыг баримтлах. Хөгжиж байгаа орнуудын онцгой шаардлагыг анхаарч, өрийг хойшлуулах, хөгжлийн тусламж үзүүлэх зэрэг арга замаар хөгжиж байгаа орнууд, ялангуяа онцгой хүндрэл бэрхшээлтэй сул буурай орнуудыг дэмжих, улс хоорондын болон улсуудын дотоодын хөгжлийн тэнцвэртэй бус, бүрэн дүүрэн бус асуудлыг хүч тавин шийдвэрлэх.

4. Инновацын хөдөлгөгч хүчийг баримтлах. Шинжлэх ухаан технологийн шинэ хувьсгал болон үйлдвэрлэлийн өөрчлөлт хувиралтын түүхэн боломжийг атган, шинжлэх ухаан технологийн ололт бүтээмжийг үйлдвэрлэх хүчин болгон хувиргах явдлыг хэрэгжүүлэх, нээлттэй, тэгш, шударга, үл ялгаварлан гадуурхсан шинжлэх ухаан, технологийн орчин ахуйг буй болгох, ковидын дараах эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгөгч хүчийг нээж илрүүлэн, улс дамнасан хөгжлийг хамтдаа хэрэгжүүлэх.

5. Хүн хийгээд байгалийн эе зохиролтой зэрэгцэн орших явдлыг баримтлах. Даян дэлхийн хүрээлэн байгаа орчныг удирдан засах явдлыг сайжруулах, цаг уурын өөрчлөлтийн эсрэг идэвхтэй сөрөн зогсох, хүн хийгээд байгалийн хувь заяаны цогц нэгдлийг цогцлоох. Ногоон, хүчилтөрөгч бага ялгаруулдаг шилжилтийг түргэтгэх, ногоон, сэргэлтийн хөгжлийг хэрэгжүүлэх.

6. Үйл ажиллагааг удирдан чиглүүлэх явдлыг баримтлах. Хөгжлийн баялгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, хүнсний аюулгүй байдал, ковидыг эсэргүүцэх болон вакцин, хөгжлийн хөрөнгийн төлөвлөлт, цаг уурын өөрчлөлт болон ногоон хөгжил, аж үйлдвэржилт, дижитал эдийн засаг, харилцан холбогдож, харилцан нэвтрэх зэрэг салбарын хамтын ажиллагааг чухалчлан урагшлуулах, НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэсгэх, даян дэлхийн хөгжлийн хувь заяаны цогц нэгдлийг цогцлоон буй болгох. 

  Эдгээрийг хамтатган “Зургаан зүйлийг баримтлах” гэж нэрлэдэг. “Даян дэлхийн хөгжлийн санаачилга” нь хөгжил, хүн ардын амьжиргаа, инновац, бүх нийтийн сайн сайхан, хүн хийгээд байгалийн зохирол зэрэг эрин үеийн гол сэдвүүдийг онцлон, ядуурлыг бууруулах, хүнсний аюулгүй байдал, цаг уурын өөрчлөлт, ногоон хөгжил, дижитал эдийн засаг зэрэг хамтын ажиллагааны 8 том салбарыг дурдаж, олон улсын хамтын нийгэмлэг нь “сөргөлдөх” сэтгэлгээнээс “хөгжлийн” сэтгэлгээ рүү, “өрсөлдөх” сэтгэлгээнээс “хамтран ажиллах” сэтгэлгээ рүү, “дангаарших” сэтгэлгээнээс “хамтдаа хожих” сэтгэлгээ рүү шилжих явдалд тус дөхөм үзүүлж, улс орнууд хамтдаа хөгжин цэцэглэх шинэ харалт, шинэ арга зам, шинэ хэв маягийг илтгэн дурдсан санаачилга хэмээн үзэж байна. 

Дараагийн том санаачилга бол “Даян дэлхийн аюулгүй байдлын санаачилга” юм. 

Аюулгүй байдал нь хөгжил хийгээд соёл иргэншилтэй ямар холбоо хамааралтай вэ? 

Аюулгүй байдал бол хөгжил хийгээд соёл иргэншлийн урьдач нөхцөл гэж үздэг. Хэрэв энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдал үгүй бол, хөгжил хийгээд соёл иргэншил оршин тогтнох баталгаа үгүй болох аюултай юм. Эртний Хятадын “Ёслолт ном-Чү Ли” бүлэгт: “Хүмүүн дор ёслол журам байх аваас, амар амгалан, ёслол журам үгүй аваас аюул түгшүүртэй” хэмээн өгүүлсэн байдаг ажээ. 

Дэлхий ертөнц урьд өмнө үзэгдээгүй олон янзын эрсдэлтэй учирч, хүн төрөлхтний аюулгүй байдал урьд өмнө байгаагүй олон янзын мухардалтай тулгарч, хүн төрөлхтөн дахин түүхийн нэгэн уулзуурт тулж ирээд, хаанаас хаашаа зүглэх вэ гэсэн сонголт улс түмний өмнө тулгараад байна. “Дэлхий ертөнцөд аюулгүй байдлын ямар үзэл баримтлал шаардлагатай вэ, дэлхийн улс орнууд хамтын аюулгүй байдлаа хэрхэн хэрэгжүүлэх вэ” гэсэн асуудал хүн төрөлхтний өмнө тулгарч, эрин үеийн гол сэдэв болж байгааг онцолж байна. 

Тэгвэл “Даян дэлхийн аюулгүй байдлын санаачилга” нь тэрхүү “Хүн төрөлхтөнд аюулгүй байдлын ямар үзэл баримтлал шаардлагатай вэ?, “Бүх нийтийн аюулгүй байдлыг хэрхэн хэрэгжүүлэх вэ?” гэсэн даян дэлхийн шинжтэй асуултад хариулт өгч, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг цогцлоон байгуулах үндэс суурийг бүрдүүлсэн санаачилга гэж үздэг.

“Даян дэлхийн аюулгүй байдлын санаачилга” нь юунд чиглэдэг вэ? 

-Дайн хийгээд мөргөлдөөн, энх тайван хийгээд тогтвортой байдал зэрэг асуудалд чиглэсэн, даян дэлхийн аюулгүй байдлыг удирдан засах практик арга замыг тодорхой заасан санаачилга юм. Хүн төрөлхтөнд тулгарч байгаа даян дэлхийн шинжтэй сорилтын өөдөөс сөрөх чиглэл хандлагыг заасан, өнөөгийн бүс нутгийн халуун цэг, геополитикийн мөргөлдөөнийг шийдвэрлэх хувилбарыг тодотгон дурдсан санаачилга юм. 

  Эртний Хятадын их сэтгэгч Күнз улс түмний хоорондын харилцаанд зохирол нийцлээс илүү амин чухал үгүй хэмээн сургаж, хойч үеийнхэнд хандан хэд хэдэн чухал зарчмыг дурдсан гэж үздэг. Тухайлбал, “Зохирол бүхнээс эрхэм”, “Эрдэмт сайд бусад лугаа санаа зохирох агаад сохроор эс дагалдах”, “Өөрийн үл хүсэхийг өрөөл бусдад эс тулгах”, “Өөрийн биеийг тэтгэн босгосугай хэмээвээс өөр бусдыг тэтгэх, өөрийн биеийг аливаад нэвтэрхий болгосугай хэмээвээс өөр бусдыг нэвтэрхий болгох”, “Сайн сурталт хүмүүн ер үл ганцаардах, санаа нэгтэй хөрш лав байх” зэрэг олон чухал үзэл зарчмыг дурдсан байдаг. 

  Тэрхүү үзэл номлолыг “Хүн төрөлхтний ёс суртахууны алтан дүрэм”, “Хятадын уламжлалт соёлын шилдэг өв” гэхчлэн нэрлэдэг. 

Тэрхүү уламжлалт сэтгэлгээ, үзэл сургаал нь цаг үеэ даган уламжилж, цаг үетэйгээ хамт урагшлан, шинэ шинэ агуулга хэлбэрээр тэлэн баяжиж байдаг ажгуу. БНХАУ-ын дотоод, гадаад бодлогын үзэл баримтлал, чиглэл, санал санаачилгууд нь Хятадын шилдэг уламжлалт соёлын өв дээр суурилсан байх нь нэн элбэг байдаг. 

Тийм үзэл баримтлалын нэг болох “Даян дэлхийн аюулгүй байдлын санаачилга” нь 6 гол үзэл баримтлалыг дурджээ. Энэ нь:

1. Хамтын, цогц, хамтран ажиллах, тогтвортой аюулгүй байдлын үзлийг баримтлан, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хамтдаа сахин хамгаалах.

2. Улс орнуудын бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх явдлыг баримтлан, бусад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, улс орнуудын ард түмний өөрсдөө сонгосон хөгжлийн зам болон нийгмийн тогтолцоог хүндэтгэх.

3. НҮБ-ын дүрмийн эрхэм зорилго болон зарчмыг хүндэтгэн сахих явдлыг баримтлан, хүйтэн дайны сэтгэлгээнээс салж, дан ганц талын үзлийг эсэргүүцэх, бүлэглэсэн улс төр болон хүрээ лагерын сөргөлдөөн хийхгүй байх.

4. Улс орнууд аюулгүй байдалд зүй ёсоор санаа тавьж байгааг чухалчлан үзэх явдлыг баримтлан, аюулгүй байдлын хэсэгчлэн хувааж үл болох зарчмыг сахин, тэнцвэртэй, үр ашигтай, тогтвортой аюулгүй байдлын бүтцийг буй болгож, бусад улсын хувьд аюултай байдлын суурин дээр өөрийн аюулгүй байдлыг буй болгохыг эсэргүүцэх. 

5. Улс орнууд хоорондын зөрөлдөөн, маргааныг хэлэлцэн ярилцах, зөвшилцөх замаар, энхийн аргаар шийдвэрлэх явдлыг баримтлан, хямралыг энх тайвнаар шийдвэрлэхэд ашиг тустай бүхий л хүчин чармайлтыг дэмжих, давхар стандарт хэрэглэхгүй байх, ганц талын хориг болон “нутаг дэвсгэр дамнасан шүүх эрх мэдэл” -ийг дур зоргоороо хэрэглэхийг эсэргүүцэх

6. Уламжлалт хүрээний болон уламжлалт бус хүрээний аюулгүй байдлыг нэгдэлтэй төлөвлөж, сахин хамгаалах явдлыг баримтлан, бүс нутгийн маргаан болон терроризм, цаг уурын өөрчлөлт, кибер аюулгүй байдал, био аюулгүй байдал зэрэг даян дэлхийн шинжтэй асуудлыг хамтдаа сөрөн зогсох зэрэг багтаж байна. 

Эдүгээ хүрээлэн байгаа байгаль, орчин ахуй улам бүр муудан, нөөц баялаг улам барагдан, хоол хүнс улам хомсдож, баян хоосны хоёр туйл улам ихсэж, аллага хядлага гаарч, дайн мөргөлдөөн тасралтгүй дэгдэн, дэлхий ертөнцийн тодорхой бус байдал улам даамжирч буй зэрэг олон асуудал хүмүүн төрөлхтний оршин тогтнож, урагшлан хөгжихөд аюул занал учруулж байна. Аливаа нэгэн үндэстэн, ард түмэн, улс гэр тийм аюулаас дангаараа бултан зайлахад бэрх, дэлхий даяныг нөмөрч буй тийм аюулыг дан ганц өөрийн хүчээр сөрөн зогсох боломжгүй болж байна. 

Эртний Хятадын цэрэглэхүйн ухааны сонгодог судар “Сүнзийн дайтахуйн ухаан” номын эхний нүүрийг сөхөхөд: “Дайн тулаан болбоос даяар улсын их хэрэг буюу. Олон хүмүүний үхэхүй сэхэхүй, улс гэрийн оршихуй, мөхөхүй нь дайн лугаа холбоо бүхүйн учир, машид хичээнгүйлэн, магадлан эс шинжвээс үл больюу” гэж эхэлдэг бөгөөд дайн дажны хэрэгт туйлын хянуур болгоомжтой хандахыг сургасан байдаг. 

 “Даян дэлхийн аюулгүй байдлын санаачилга” нь Хятадын “Зохирлыг эрхэм болгох” Хятадын шилдэг уламжлалт соёл дээр суурилсан бөгөөд тусгаар тогтсон, бие даасан, энх тайванч гадаад бодлого хийгээд практикаас эх үндэстэй юм. Хятад улс урт хугацааны туршид хариуцлага үүрсэн их гүрэн байж, энх тайван, хөгжил, хамтран ажиллах, хамтдаа хожих үзэл санааг баримтлан, дэлхийн энх тайвны төлөө бүхий л хариуцлагыг хүлээн, даян дэлхийн аюулгүй байдлын хэрэгт чин үнэнчээр хувь нэмрээ оруулж байна.  

Хятад улс хэзээд ямагт энх тайванч хөгжлийн замаар замнахыг эрмэлздэг, дайн хийгээд мөргөлдөөнийг хэзээ ч өөрийн санаачилгаар өдөөж байгаагүй, бусад улсын газар нутгаас ямхын төдий ч газар нутгийг түрэмгийлэн эзэлж байгаагүй улс, Хятад улс хөгжлийн ямарч түвшинд хүрсэн гэсэн, хэзээ ч жанжлахгүй, газар нутгаа тэлэхгүй, нөлөөний хүрээгээ өргөжүүлэхийг эрмэлзэхгүй, зэвсэглэлээр хөөцөлдөхгүй бөгөөд хэзээ ямагт дэлхийн энх тайвныг сахин хамгаалагч байх болно гэдгийг өндөр дээд түвшинд ямагт онцлон тэмдэглэж байдаг. Тухайлбал, БНХАУ-ын Дарга Ши Жиньпин 2021 оны 10 дугаар сард Цагаагчин гахай жилийн хувьсгалын 110 жилийн ойн хурал дээр хэлсэн үгэндээ: “Хятадын олон үндэстний цусанд бусдыг эзлэн түрэмгийлэх, ноёлох, жанжлах үзлийн ген байдаггүй юм” хэмээн онцолсон байдаг. 

Түүнчлэн Боаогийн Азийн форумын 2021 оны хуралдааны нээлтэд хэлсэн үгэндээ: “Хятад улс хөгжлийн ямарч түвшинд хүрсэн гэсэн, хэзээ ч жанжлахгүй, газар нутгаа тэлэхгүй, нөлөөний хүрээг эрмэлзэхгүй, зэвсэглэлээр хөөцөлдөхгүй. Хятад улс цаашид ч дэлхийн энх тайвныг бүтээн байгуулагч, даян дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулагч, олон улсын дэг журмыг сахин хамгаалагч байх болно” гэж онцлон дурджээ.

  “Даян дэлхийн аюулгүй байдлын санаачилга” нь хамтын, цогц, тогтвортой аюулгүй байдлын үзлийг дэвшүүлж, сөргөлдөх бус харилцан ярилцах, эвсэн нэгдэх бус, түншлэн хамтрах, дангаараа завшин хожих бус, хамтдаа хүртэх шинэ маягийн аюулгүй байдлын арга замыг, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийн үзэл баримтлалын гол цөм утга агуулгыг илтгэн харуулж байна хэмээн олон улсын судлаачид онцлон тэмдэглэж байна. 

Гурав дахь том санаачилга бол “Даян дэлхийн соёл иргэншлийн санаачилга” юм. Уг санаачилгыг Хятад улсын Дарга 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ХКН болон дэлхийн улс төрийн намуудын дээд хэмжээний яриа хэлэлцээ хуралд үг хэлэхдээ дэвшүүлжээ. 

Соёл болбоос аливаа үндэстэн, аливаа улс орны оршин тогтнохуйн амин сүнс нь юм. Эдүгээ дэлхийн бөмбөрцөг дээр 8 тэрбум хүн ам, 200 гаруй улс орон, бүс нутаг, 2500 гаруй үндэстэн, 6000 гаруй хэл түүнчлэн олон шашин суртахуун оршиж байна гэсэн тоо баримт байдаг. Өөр өөр түүх хийгээд улс орны онцлог байдал, өөр өөр үндэстэн хийгээд ёс заншил зэрэг нь өөр өөр соёл иргэншлийг бүрдүүлэх агаад соёл иргэншлүүд нь тус тусын урган төлжих хөрс суурьтай, тус тусын оршин тогтнох үнэ цэнтэй юм.

  Орчлон ертөнц дээр олон соёл иргэншил эе найртай, энх амгалан зэрэгцэн оршиж, харилцан нэвчиж, харилцан хөгжих нь хүн төрөлхтний нийгмийн оршин тогтнож, урагшлан хөгжиж цэцэглэхийн бодит зүй тогтол, өнөөгийн дэлхий ертөнцийн үндсэн дүр төрх юм. 

Хүн төрөлхтний соёл иргэншил улиран хувьсаж, өрнөн хөгжих өөрийн зүй тогтолтой ажээ. Соёл иргэншил олон өнгө төрхтэй байснаар, харилцан холбоотой болдог, харилцан холбоотой байснаар, харилцан хүртээлтэй болдог, харилцан хүртээлтэй байснаар, цэцэглэн хөгждөг зүй тогтолтой байна. 

“Өнчин ганц цэцэг дэлгэрснээр хавар болдоггүй, өнгө өнгийн цэцгүүд бүгд дэлгэрч байж, хаврын үзэмж бүрддэг” хэмээсэн хятадын зүйр үг байдаг. “Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй” хэмээсэн монголын зүйр үг бий. Эдгээр онч мэргэн үгс нь олон соёл иргэншил зэрэгцэн оршихуйн учир ёсыг өгүүлжээ. 

Олон соёл иргэншил үнэ цэнийн хувьд эрх тэгш бөгөөд бүгд тус тусын давуу тал, бас тус тусын сул талтай хэмээнэ. Дэлхий дээр төгс төгөлдөр соёл иргэншил гэж үгүй, бас давуу тал юу ч үгүй соёл иргэншил гэж үгүй. Соёл иргэншилд дээр доор, сайн муугийн ялгал гэж үгүй.  

“Санаа зохирч, зэрэгцэн орших”-ын учир ёсыг Хятадын соёл өнө эртнээс нааш чухалчилж ирсэн байдаг. Эртний Хятадын их сэтгэгч Күнз “Өөрийн үл хүсэхийг өрөөл бусдад бүү тулгагтун” , Эрдэмт сайд бусад лугаа санаа зохирох агаад сохроор эс дагалдах, өчүүхэн хүмүүн сохроор дагалдах агаад санаа зохирч эс чадах бөлгөө” гэхчлэн сургасан нь чухамдаа олон соёл иргэншил зэрэгцэн оршихын учир ёсыг өгүүлсэн ажээ.

 Байгаль дэлхий хийгээд хүн төрөлхтний нийгэм баялаг олон өнгө төрхтэй. Хүн төрөлхтний нийгэм дэхь өөр өөр үндэстэн угсаатан, өөр өөр дэглэм тогтолцоо, өөр өөр шашин суртал, өөр өөр соёл иргэншил нь олон ургалч, олон янз бөгөөд “санаа зохирон зэрэгцэн орших” учиртай ажээ. Өөрөөр хэлбэл, нэг л төрлийн тогтолцоо, нэг л янзын соёл иргэншил, нэг л зүйлийн шашин суртлаар хорвоо ертөнцийг холбон нэгтгэх боломжгүй гэсэн үг юм. 

Хорвоо ертөнц дээр хоорондоо ав адилхан хоёр навч байдаггүй гэдэг. Түүнтэй нэгэн адилаар ав адилхан түүх соёл, ав адилхан нийгмийн тогтолцоо, ав адилхан соёл иргэншил байх боломжгүй. Соёл иргэншил харилцан холбоотой байж, сая олон өнгө төрхтэй болдог, харилцан хүртээлтэй байж сая элбэг баян болдог хэмээнэ. Соёл иргэншлийн ялгаатай, олон ургалч байдал нь дэлхийн зөрчил мөргөлдөөний эх үүсвэр болох ёсгүй, харин хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч болох ёстой ажээ. 

Соёл иргэншил нь хөгжил хийгээд аюулгүй байдалтай ямар харилцан шүтэлцээтэй вэ? 

Соёл иргэншил бол хөгжил хийгээд аюулгүй байдлын мандал бадралын илрэл хэмээн үздэг. Соёл иргэншил нь хөгжил хийгээд аюулгүй байдлын оюун санааны тулгуур болдог ажээ.

“Даян дэлхийн соёл иргэншлийн санаачилга” юунд чиглэсэн вэ?

Энэхүү санаачилга нь соёл иргэншлийн ангал зааг, буруу зөрүү ойлголтыг даван туулах, уужуу хүртээмжтэй байдал, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж батжуулахад чиглэсэн, соёл иргэншлийн олон ургалч байдлыг хүндэтгэх, олон улсын хүмүүнлэгийн солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх, улс түмний харилцан ойлголцол, нөхөрлөлд тус дөхөм үзүүлэхэд чиглэсэн санаачилга юм. 

Өнөөдөр дэлхий дахинаа “Даян дэлхийн соёл иргэншлийн санаачилга”-ыг “Шинэ эрин үеийн Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгт хандсан бас нэгэн чухал хамтын бүтээгдэхүүн, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжлийг урагшлуулах, хүн төрөлхтний шинэтгэлийн үйл явцыг ахиулах, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг цогцлоох Хятад улсын хувилбар” хэмээн нэрлэж байна. 

“Даян дэлхийн соёл иргэншлийн санаачилга” нь хүн төрөлхтний соёл иргэншлийн харилцааны 4 гол цөм асуудлыг багтаасан бөгөөд гол агуулга нь “Дөрвөн зүйлийг хамтдаа санаачлах” явдал ажээ. Энэ нь:

—Дэлхийн соёл иргэншлийн олон ургалч байдлыг эрхэмлэн хүндэтгэх явдлыг бид хамтдаа санаачлах ёстой бөгөөд соёл иргэншлийн эрх тэгш байдал, харилцан хүртээл, харилцан яриа, уужуу багтаамжтай байдлыг баримтлан, соёл иргэншлийн солилцоогоор соёл иргэншлийн ангал саадыг даван туулж, соёл иргэншлийн харилцан хүртээлтэй байдлаар соёл иргэншлийн мөргөлдөөнийг, соёл иргэншлийн уужуу багтаамжтай байдлаар соёл иргэншлийн илүү давуу байдлыг гэтлэн давах ёстой. 

—Нийт хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг бадруулах явдлыг бид хамтдаа санаачлах ёстой бөгөөд энх тайван, хөгжил, тэгш байдал, шударга ёс, ардчилал, эрх чөлөө бол улс түмний хамтын хүсэл тэмүүлэл мөн тул өөр өөр соёл иргэншлүүд үнэт зүйлийн утга агуулгыг ухаж мэдэх явдлыг уужуу талбиу сэтгэлээр ойлгож, өөрийн үнэт зүйлийн үзэл болон загварыг өрөөл бусдад тулгахгүй байх, үзэл суртлын сөргөлдөөн хийхгүй байх ёстой.  

—Соёл иргэншлийн уламжлал болон инновацыг чухалчлах явдлыг бид хамтдаа санаачлах ёстой бөгөөд улс орнуудын түүх, соёлын эрин үеийн үнэ цэнийг бүрэн дүүрэн нээн илрүүлж, улс орнуудын шилдэг уламжлалт соёл нь шинэчлэлтийн үйл явцын дунд бүтээлчээр өөрчлөгдөж, бүтээлчээр хөгжих явдлыг урагшлуулах ёстой. 

—Олон улсын хүмүүнлэгийн солилцооны хамтын ажиллагааг бэхжүүлэх явдлыг бид хамтдаа санаачлах ёстой бөгөөд даян дэлхийн соёл иргэншлийн харилцан яриа хамтын ажиллагааны сүлжээг цогцлоон буй болгох явдлыг эрж сүвэгчлэн, солилцооны агуулгыг баяжуулан, хамтын ажиллагааны арга замыг өргөжүүлэн, улс түмний харилцан ойлголцол, харилцан ойр дотно байдалд тус дөхөм үзүүлж, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил, дэвшлийг хамтдаа урагшлуулах ёстой. 

Бид олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран, дэлхийн хүмүүнлэгийн солилцоо, соёлын харилцаа, хүн ардын сэтгэл зүрхний хэлхээ холбооны шинэ байдлыг үүтгэн буй болгож, дэлхийн соёл иргэншлийн цэцэгсийн их хүрээлэн зүйл зүйлийн цэцэгсээр өнгө алаглан, элбэг дүүрэн бялхан байхыг хүсэж байна” хэмээн онцолсон байна. 

Хүн төрөлхтний соёл иргэншлийн нийтлэг зорилго, эрхэм дээд хүсэл тэмүүллийг Хятадын уламжлалт соёлын “Эн тэргүүнд хувь өөрийн үзэсгэлэнт сайхныг бахдах, дараа нь өрөөл бусдын үзэсгэлэнт сайхныг бахдах, улмаар хамаг олон үзэсгэлэнт сайхан бүхнийг хамтад нь бахдах, эцэст сүүлд нь тэнгэрийн дор их эв найрт хүрэх” гэсэн “16 ханз үсгээс бүтсэн сургаал үг”-ээр илэрхийлсэн байдаг. 

Анх түрүүнд өөрийн үндэсний соёлыг эрхэмлэх ёстой бөгөөд учир нь соёл иргэншлийн олон ургалч байдлыг эрхэмлэн чухалчлах нь өөрийн үндэсний соёлыг хөгжүүлэх дотоод шаардлагаас урган гардаг байна. Аливаа үндэсний соёл бүхэн өөр өөрийн охь дээжийг агуулж байх бөгөөд тухайн үндэстний оршин тогтнож, мандан бадрах оюун санааны тулгуур нь болдог. 

Улмаар бусад үндэстний соёлыг эрхэмлэн, дэлхийн соёл иргэншлийн олон ургалч байдлыг хүлээн зөвшөөрч, улс түмний соёлын эрх тэгш байдлыг чанд баримтлан, даян дэлхийн соёл иргэншлийн хөгжил цэцэглэлд хамтдаа тус дөхөм үзүүлэх ёстой гэсэн үг юм. 

Соёл иргэншил нь тухайн үндэстэн төдийгүй даян дэлхийд хамааралтай. Учир нь аливаа үндэстний соёл нь өөр өөрийн үндэсний өвөрмөц онцлогоороо дэлхийн соёлыг тэтгэн баяжуулж, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил цэцэглэлтийг хамтын хүчээр урагшлуулдаг байна. Дэлхийн соёл иргэншлийн олон ургалч байдлыг хадгалж байж, сая дэлхий ертөнц элбэг баян олон өнгө төрхтэй, амьдрах дүүрэн эрч хүчтэй байдаг жамтай ажээ. Тийнхүү эцэст нь тэнгэрийн дор их эв найрт хүрснээр, “дэлхийн соёл иргэншлийн цэцэгсийн их хүрээлэн зүйл зүйлийн цэцэгсээр зүс алаглан, элбэг дүүрэн, эрч хүчтэй” орших учиртай ажээ. 

Олон өнгө төрхтэй өнөөгийн ертөнц болбоос чухамдаа хүн төрөлхтний соёл иргэншлийн харилцан солилцоо, харилцан хүртээлийн дунд бүрэлдэн тогтсон хэмээн хэлж болно. Өөр өөр соёл иргэншил нь өөр өөрийн өвөрмөц онцлогтой, өөр өөрийн өвөрмөц өнгө төрхтэй бөгөөд оюун санааны гоо сайхан, аж төрөхүйн гоо сайхан, урлан бүтээхүйн гоо сайхан бүхнийг илтгэн харуулж байдаг, хүн төрөлхтний оюун санааны хосгүй үнэт өв эрдэнэ мөн хэмээн үздэг.  

“Даян дэлхийн гурван том санаачилга” нь харилцан холбоотой, харилцан шүтэлцээтэй, харилцан нөхцөлдсөн, хүн төрөлхтний нийгмийн дэвшлийн гурван том асуудалтай нягт уялдсан, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг цогцлоох “гурван том тулгуур” болсон, илүү сайн сайхан дэлхий ертөнцийг бүтээхэд чиглэсэн Хятад улсын оюун ухаан, Хятад улсын хувилбар мөн хэмээн судлаачид, улс төрчид онцолж байна.  

                              МУСГЗ, Доктор (Ph.D), профессор, хятад судлаач

                                                             М.Чимэдцэеэ 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *