“Шинэ хоршоо”-ны зээлийн таазыг өндөрсгөсөн Д.Амарбаясгалан ард түмнийг төлөөлж буйгаа умартав уу

0

“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд малчдад зээл олгох хөтөлбөр зогсонги байдалд ороод буй. Учир нь, Засгийн газар-Монголбанк хамтарч зээлийн хүүгийн татаасыг олгож байгаа. Харин энэ хүрээнд 2024 оны хэмжээнд төсөвлөсөн мөнгө нь хэтэрсэн учраас зээл олгохоо зогсоогоод буй юм.

Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ мэдээлэл олон нийтэд хүрсэн өдөр буюу өчигдөр Монголбанканд очиж ажиллажээ. Ингээд зээлийн эх үүсвэрийг шууд 1 их наяд болгож нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байна. Үүнийгээ албан мэдээнд дурджээ.

Уг нь энэ тааз 500 тэрбум төгрөг байсан. Өнөөдрийн байдлаар 14381 малчны 3467 хоршоонд 495 тэрбум төгрөгийн зээл олгоод байгаа юм.

Арилжааны долоон банк зээл олгож, хүүгээ бодлогын хүүгээр тооцно. Бодлогын хүү 11 хувь байгаа. Харин зээл малчдад 6 хувийн хүүтэй очих бөгөөд зөрүүг Засгийн газар, Монголбанк хамтран улсын төсөвт зохицуулалт хийх маягаар шийдсэн.

2024 оны зээлийн татаасыг улсын төсвөөр шийднэ гэж Засгийн газар тогтоол баталсан байгаа. Тэгэхээр эх үүсвэрийн хэмжээг даруй хоёр дахин нэмэгдүүлснээр, татаасыг төсөв дийлэх үү, дийлэхгүй бол ЗГ тогтоолдоо өөрчлөлт оруулах уу гэдэг асуудал сөхөгдөж таарна.

Ер нь УИХ-ын сонгуулийн өмнө хийсэн малчдад чиглэсэн кампанит ажил бол “Шинэ хоршоо”. Эргээд улсын төсөвт хүндрэл учруулах, нөгөө талд арилжааны банкнуудад ашигтай тусах үйл ажиллагаа болсон. Тэр үед голчлон санаачлагч Д.Амарбаясгалан нь УИХ-ын дарга байгаагүй. Намын л удирдах албан тушаалтан байсан. Нам бол ард түмэн биш. Одоо Д.Амарбаясгалан ард түмнийг төлөөлж байна.

Иймд “Шинэ хоршоо” хөдөлгөөндөө нүүр улайхгүйн тулд УИХ-ын дарга болсон ч Монголбанк дээр шууд очиж ажиллах байдлаар зээлийн эх үүсвэрийг нэмүүлж байгаа нь эргээд улсын эдийн засагт хортой тусах вий хэмээн санаа зовох, шүүмжлэхээс аргагүй байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *