Хятадын дэд даргын айлчлал ба Монголын талаас тавьсан хүсэлтүүд
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Амралтын өдрүүдэд болсон урд хөршийн даргын айлчлалаар ямар асуудал шийдсэнийг тоймолж байна.Айлчлалаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хятадын дэд дарга Хань Жөн нар хэлэлцээ хийж, Монголын талаас хоёр улсын төмөр замын гол боомтуудын хил холболтыг чухалчилж, Хятадын талыг хамтран ажиллахыг хүссэн байна.Хил холболтЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ойрын хугацаанд Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь хоёр улсад харилцан ашигтай стратегийн асуудал гэдгийг дурдаад Шивээхүрэн-Сэхээ, Чойбалсан-Бичигт, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал зэрэг төмөр замын хил холболтын төслүүдэд БНХАУ-ын тал хамтран ажиллаж эдгээр төслийг эрчимжүүлэхийг хүслээ.Метроны төсөлУлаанбаатар хотод метро барих төслийг эхлүүлэхээр зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компанийг сонгон шалгаруулсан. Метроны зөвлөх үйлчилгээний тендерт БНСУ-ын “Dohwa Engineering” компани шалгарч, “Улаанбаатар метро” төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах үүргийг хүлээсэн.Тэгвэл Хятадын дэд даргын айлчлалаар манай талаас Улаанбаатар метро төсөл болон тойрог хурдын зам байгуулах төслүүдэд БНХАУ-ын талтай хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн юм.Цахилгаан станцМөн айлчлалын үеэр Монголын талаас эрчим хүчний салбарын реформын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, Эрдэнэбүрэнгийн УЦС барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулах саналтай байгаага илэрхийлжээ.Эдийн засгийн коридорОрос, Монгол, Хятадын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хүрээнд Буйр нуурыг түшиглэн усан боомт байгуулах, хил дамнасан усан аялал жуулчлал хөгжүүлэх саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинээр дэвшүүлээд Буйр нуурын ойр орчим 4C зэрэглэлийн нисэх буудал байгуулахаар төлөвлөж байгаа илэрхийлжээ. Энэхүү төсөл нь Монгол Улс, БНХАУ, ОХУ гурван улс хооронд хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх “Цайны зам” хөтөлбөрийг дэмжих нэг том хүчин зүйл болох боломжтойг тодотгосон байна.Хятадын талаас дээр дурдсан дэд бүтэц, эрчим хүчний төслүүдийг эрчимжүүлэх нь зүйтэй гэдэг саналыг илэрхийлжээ.Хятадын дэд дарга Хань Жөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтод тулгуурлан, Монгол Улстай найрамдал, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Хятад, Монголын харилцааг тогтвортой хөгжүүлэхэд хятадын тал бэлэн байгааг илэрхийлжээ.2024 оны ёсдүгээр сарын байдлаар Хятад, Монголын худалдааны эргэлт 17.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Хоёр улсын төрийн тэргүүн нар Хятад, Монголын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхээр тохиролцсон билээ.