Гаалийн ерөнхий газрын албан тушаалтанд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

0

Прокурорын байгууллага 2024 оны есдүгээр сарын 2-6-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 40925, мөрдөн байцаалтын 2833 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 407 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 238 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 109, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 57, Өмчлөх эрхийн эсрэг 50, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 9, Авлига, албан тушаалын 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг 3, Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 1 хэрэг байна

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас Гаалийн ерөнхий газрын албан тушаалтан Г.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, иргэн Ж.Г-ийн Монгол Улсын хилээр оруулж ирсэн бараа материалыг гаальд мэдүүлэхгүйгээр хяналтын бүсээр нэвтрүүлж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Газрын тосны хайгуул хийх, олборлох, боловсруулах, экспорт, импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “П” ХХК нь хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.11 дүгээр зүйлийн 3 /Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Баян-Өлгий аймгийн прокурорын газраас тус аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн албан тушаалтан И.Ж, Е.А, Е.К нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаагүй нэр бүхий 18 иргэнд тэтгэлэг олгож, давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *