Ж.Дэлгэржаргал: Төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд судалгаанд үндэслэж, эх үүсвэрүүдийн уялдаа холбоог хангах нь чухал

0

Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргалтай ярилцлаа.

——————————————————————————————————-

-Бүс нутгийг хөгжүүлэх, бүсчилсэн хөгжлийг бий болгох бодлогыг УИХ, Засгийн газар гаргасан. Үүнийг хэрэгжүүлэх чиглэлд 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтыг хэрхэн хуваарилж, эрэмбэлсэн бэ?

-Төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлага маш их байдаг. Учир нь хүн ам өсөхийн хэрээр эрэлт хэрэгцээ нэмэгддэг. Энэхүү өссөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахын тулд төсвийн хөрөнгө оруулалтыг зөв хуваарилах ёстой.

Манай улсын хувьд хөгжиж байгаа орон учраас дэд бүтцийн хэрэгцээ шаардлага их бий. Эмнэлэг, сургуулиудаа шинээр барих шаардлага үүсдэг. Гэтэл төсвийн хэмжээ хязгаарлагдмал шүү дээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийгмийн дийлэнх асуудлыг шийдэж ирсэн. Өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан Монгол Улсын 2025 оны төсвийн төсөвт төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ 4.3 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн. Энэ нь 2024 оны тодотгол хийгдсэн төсвийн түвшингөөс 500 тэрбум төгрөгөөр илүү байгаа юм. Харин 2022 онд 2.6, 2023 онд 2.8 их наяд төгрөгийн хэмжээтэйгээр батлагдаж байсан.

-Ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтын онцлог нь юу вэ?

-2025 оны төсвийн хөрөнгө оруулалт сүүлийн арван жилд хийгдэж байгаагүй маш онцлог боллоо. Төсвийн хөрөнгийг илүү үр ашигтай төлөвлөх, хэрэгцээ шаардлагатай төслийг хэрэгжүүлэх, түүгээр дамжиж иргэд ая тухтай орчинд амьдрах нөхцөл бий болох нь бидний үүрэг. Мөн иргэд болон хувийн хэвшлийн бизнесийн орчныг сайжруулах ёстой. Эдийн засгийн үр өгөөжийг дэмжих ёстой гэх зэрэг олон шалгуураар өргөн цар хүрээнд олон талаас нь харах хэрэгтэй байдаг.

Төсвийн төслийг бэлтгэхдээ баримталсан гол бодлого нь өнгөрсөн 6-р сард УИХ-аар батлагдсан бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал болон өнгөрсөн долоо хоногт батлагдсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлого, Алсын хараа-2050 зэрэг бодлогын үндсэн баримт бичгүүдийг судалж, тэдгээрт тусгасан зорилго, зорилт, арга хэмжээг хангахын тулд төсвийн төслөө чиглүүлсэн.

Ингэхдээ нэн тэргүүнд бүс нутгуудыг хөгжүүлж, онцлог давуу талыг нь бий болгох хэрэгтэй. Хоёрдугаарт, өнөөдөр Монголд хийгдэж байгаа төслүүдийн бүх эх үүсвэрүүдийг судалсан. Өөрөөр хэлбэл, Нийслэл өөрийн хөрөнгө оруулалтаар ямар төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна, гадаад зээл тусламжийн санхүүжилтээр ямар төслийг хэрэгжүүлж байна. Орон нутгууд өөрсдийн боломжит эх үүсвэрээр ямар төсөл хэрэгжүүлж байна. Тэгвэл улсын төсвөө бид хаашаа чиглүүлэх вэ гэдгийг судалж, эрэмбэлсэн.

Гуравдугаарт, хөрөнгө оруулалтын төслүүдийн олон жилийн судалгааг хийхэд яаж төлөвлөлт хийвэл, ямар байдлаар харвал төсөл хөтөлбөрүүд хуулиар батлагдсан хугацаа, төсөв санхүүжилтийн хүрээнд амжилттай хэрэгждэг вэ гэдэг нь их чухал.

Өмнө нь 2023 онд шинэ хөрөнгө оруулалт тавихгүйгээр олон жил үргэлжилсэн төслүүдээ дуусгахын тулд материалын үнийн өсөлтийг нь бүрэн тусгаж, төслүүдийг ашиглалтад оруулж байсан, тэгэхэд төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн санхүүжилт жилийн эцэстанх удаа 2.8 их наяд төгрөгт хүрсэн.

Түүнээс өмнөх онуудад хамгийн ихдээ гүйцэтгэлийн санхүүжилт 1.6 их наяд төгрөг гарч байсан. Тиймээс төслүүдээ амжилттай дуусгах нь маш чухал. Тэгэхгүй бол бүх салбарт хөрөнгө оруулалтууд шинээр эхлүүлчихээд хугацаанд нь дуусгахгүй үргэлжлүүлэхээр төсөвт өртгийн нэмэлт санхүүжилтийн асуудал ч үүсдэг юм байна. Төслүүд ч удааширдаг.

Ирэх оны хөрөнгө оруулалтын бодлого бол бусад улс орнуудад ч байдаг хөрөнгө оруулалтын санхүүжилтдээ тохируулга, зохицуулалт хийх нь маш чухал байгаа юм. Тиймээс бид эхлээд бодлогын баримт бичгүүдээ гаргасан. Мөн санхүүжилтийнхээ эх үүсвэрийн судлагааг хийсэн. Гуравдугаарт, яавал төслүүд амжилттай хэрэгжих вэ гэсэн хэрэгжилт гүйцэтгэл дээр нь үнэлгээ өгч, улсын хэмжээнд хэрэгцээтэй тэргүүн эрэмбийн  төсөл юу байх вэ гэдэгт төвлөрсөн.

Ирэх жилд нийгмийн салбарт хийгдэж байгаа бүх төсөл үргэлжилнэ. Бүх санхүүжилтийг нь тусгасан. Тухайлбал, 90 сургууль, 62 цэцэрлэг, 34 эмнэлэг зэрэг бусад бүх төсөл үргэлжлэн хэрэгжинэ. Энэ салбарт шинээр хийх хөрөнгө оруулалтын төслүүдийг нэг жилээр хойшлуулсан. Харин шинэ хөрөнгө оруулалтын орон зайд бүсчилсэн хөгжлийг дэмжих томоохон замуудыг, эрчим хүч, инженерийн шугам сүлжээний асуудлуудыг төлөвлөсөн. Ирэх жилийн шинэ хөрөнгө оруулалт гурван салбарт зарцуулагдана. Нэгдүгээрт, автозам. Хоёрдугаарт, эрчим хүч. Гуравдугаарт, инженерийн хангамж шугам сүлжээ, дэд бүтэц

Замуудын хувьд үндсэн гурван эрэмбэ баримталсан. Аль болох боомтын замуудыг барина. Хоёрдугаарт, аймгуудыг хооронд нь холбоно. Гуравдугаарт, аялал жуулчлалын замуудыг барихаар төлөвлөсөн. Авто замын салбарт ирэх жил нийтдээ 4,400 км автозамын төсөл хэрэгжинэ. Үүний 2200 км нь шинээр эхэлж байгаа замууд. Дурдвал Бичигт, Хавирга, Арцсуурь, Ульхан, Шивээхүрэн гэсэн таван боомтын төсөл хэрэгжинэ. Харин Ханги, Цагаандэл-Уул боомтын замын ажил төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд явж байна. Ингээд нийт долоон боомтын замын ажил хийгдэнэ.

Аймгуудыг хооронд нь холбох замуудын тухайд, Ховд-Увсыг, Говь-Алтай-Завханыг холбох замуудаас гадна аялал жуулчлалын хойд болон хангайн бүсүүдэд аялал жуулчлалын хөдөлгөөний эрчим өндөртэй замуудыг төлөвлөсөн.

Их засвар хийх замууд ч бий. Тухайлбал, Улаанбаатараас Мандалговь хүрэх зам маш их эвдрэл гэмтэлтэй. Үүнийг хоёр жилийн дотор засаж дуусахаар бүтэн хөрөнгийг нь тусгасан. Мөн Налайх-Тэрэлжийн дөрвөн эгнээ замын ажлыг ирэх жил эхлүүлж 2027 онд дуусгахаар төлөвлөсөн. Энэ мэтээр бодлогын том шийдлүүдийг гаргаж төлөвлөснөөрөө онцлог.

-Манай улсын эрчим хүчний салбар маш эмзэг шүү дээ. Нөгөөтэйгүүр дэд бүтцийн хомсдол нь хувийн хэвшлийнхэнд бизнесийн таатай орчинд тээг болчихдог. Эрчим хүчний бие даасан байдлаа хангахын тулд хичнээн төгрөгийг зарцуулж, ямар шинэ төслүүд эхлэхээр байгаа вэ?

-Ярианы эхэнд би эх үүсвэрүүдийн уялдаа холбоо чухал байсан гэж ярьсан шүү дээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалт болоод гадаад зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслүүдийг харахад гадаад зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслийн дийлэнх нь эрчим хүчний салбарт байдаг. Жишээлбэл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц эхлэх гэж байна. Улаанбаатар хотод батериа хуримтлуур буюу Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг нэг удаа хангах хэмжээний том төсөл АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж байгаа. Хэд хэдэн аймагт салхи болон нарны цахилгаан станц буюу сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжиж байна. Түүнчлэн улсын төсвөөс тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг ч хийж байгаа.

Эрчим хүч, автозамын салбар бол төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх гэхээсээ илүү бизнесийн орныг дэмждэг чухал салбар. Энэ бол суурь хоёр асуудал нь.

Эрчим хүчний салбарт БНСУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлээр 10 аймагт дулааны станцын төсөл хэрэгжиж байгаа бөгөөд нийт гүйцэтгэл 45 хувьтай явж байна.

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эдгээр дулааны станцуудын хэрэглэгч рүү хүрэх дэд бүтцийг нь төсөвт тусгасан. Хоёр эх үүсвэрийн санхүүжилтээр 10 аймаг дулааны станцтай болно.

Бидний гол зорилго бол эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг бий болгох. Хоёрдугаарт, одоо байгаа эрчим хүчнийхээ найдвартай байдлыг хангах. Үүнд Налайхын ДЦС-ын 180 мВт-ын өргөтгөл шинээр тусгагдсан. Мөн улсын төсөвт Хөвсгөл аймгийн дулааны станц хэрэгжиж байна.

Энэ жил Дорнод аймгийн 150 мВт-ын станцыг ашиглалтад оруулсан. Ховдод Хөшөөтийн эрчим хүчний төсөл хэрэгжиж байна. Мөн 220 кВт-ын хэд хэдэн цахилгаан шугамууд бий. Эрдэнэбүрэн, Мянгад, Чойр, Багануур гэсэн энэхүү дөрвөн том төсөл хэлэлцээрийн түвшинд явж байна.

Ер нь эрчим хүчний санхүүжилт зээл тусламжаар илүү хэрэгжиж байгаа учраас бид улсын төсвийн санхүүжилтээр авто замын төслүүдээ түлхүү явуулъя. Нийслэл бонд гаргаад нийгмийн салбарын зарим төслүүдээ хэрэгжүүлж байгаа учраас дутагдаж байгаа сургууль цэцэрлэгээ орон нутгуудад баръя гэдэг ч юм уу уялдаа холбоотой зохицуулалт, эрэмбэлснээрээ ихээхэн онцлогтой.

-Хэчнээн хэмжээний төсөв эрчим хүчний салбарт хийгдэж байгаа вэ. Таны дурдсан төслүүд хэрэгжсэнээр бид тулгамдчихаад байгаа эрчим хүчнийхээ бие даасан байдлыг хэр хангах бол?

-Бидний үзэж байгаагаар одоо явж байгаа төслүүдээс гадна Таван толгойд 450 мВт-ын төсөл хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байна. Ингээд үзвэл улс хувийн хөрөнгө оруулалтаар нийт 1600 гаруй МВт-ын эрчим хүчний эх үүсвэрийн төслүүд хэрэгжиж байна. Эдгээр төслүүд бүрэн дуусч 2, 3 жилийн дараа ашиглалтад орчихвол цаашид эрчим хүчний бие даасан байдал бий болох байх гэж үзэж байгаа.

Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний төслүүд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байна. Жишээлбэл, төвийн бүст Бөөрөлжүүтийн ДЦС хэрэгжиж байгаа. Энэ бол хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжээд 150 мВт нь энэ жилдээ ашиглалтад орно. Ирэх жил үлдсэн 150 мВт нь ашиглалтад орох юм байна лээ. Ингээд үзвэл эрчим хүчний бие даасан найдвартай байдал нь хангагдах юм байна гэж харж байгаа.

-Инженерийн хангамжийн тухайд?

-Бидний судалгаагаар орон сууцжуулах аян нэлээд өрнөж байна. Үүнд яах аргагүй инженерийн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж, ариутгалын татуурга зэрэг дэд бүтэц чухал нөлөөтэй.

Шинэ зуун мод, Хөшигийн хөндийд хот байгуулахаар бодлогын баримт бичгүүд гарсан. Хөшигийн хөндийд хот байгуулахын тулд дэд бүтцээ хөгжүүлэх ёстой. Тэгж байж тэнд хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулалт хийж барилга байгууламжаа барина. Төрийн зүгээс цэцэрлэг, сургуулиуд барина. Тиймээс дэд бүтцийн салбарт хэд хэдэн том төсөл хэрэгжиж байгаа. Хөшигийн хөндий шинэ хотын дэд бүтцийн төсөв ирэх жилийн төсөвт тусгагдсан. 2022 онд дэд бүтцээ эхлүүлсэн. Бүх судалгаа ТЭЗҮ нь гарсан. Хөшигийн хөндийн дэд бүтцийг хөгжүүлэхэд зөвхөн инженер шугам сүлжээнд 500 тэрбум төгрөг шаардлагатай. 2022 оноос үүний 200 тэрбум төгрөгийг нь санхүүжүүлсэн. Ирэх жил 100-аад тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ төсөл хэрэгжчихвэл тэнд бүхэл бүтэн хот босох дэд бүтэц бий болчих юм.

Үүнээс гадна бүх аймгуудад шинэ суурьшлын бүс үүсгэж байна. Шинэ суурьшлын бүс гэдэг нь орон сууцжуулалтын бүс гаргаж байгаа гэсэн үг. Тиймээс үүнд улсын төсвөөс бүх дэд бүтцүүдийг хийж байгаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *