УИХ-ын гишүүн Д.Батлут нь Орхон аймгийн ИТХ-д дэвшигчдийг ганцаараа сонгож, сонгуульдаа ажилласан ах дүү, найз нөхдөө дэмжсэн гэв
Орхон аймгийн МАН-ын хорооны зарим гишүүд УИХ-ын гишүүн Д.Батлутын хууль зөрчсөн үйлдлийн талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Орхон аймгийн МАН-ын хорооны дарга Д.Батлут нь 2024 оны гуравдугаар сард МАН-аас тус аймаг, сумын ИТХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй 100 гаруй хүнийг тодруулж тэдгээртэй хатуу гэрээ байгуулж ажиллажээ.
Энэ талаар Орхон аймгийн Засаг даргын орлогч асан, МАН-ын гишүүн А.Түвшинжаргал ярихдаа “Д.Батлут нь УИХ-ын гишүүний албан тушаалаа ашиглаж намын хорооны гишүүдийг УИХ-ын сонгуулиар өөртөө ажиллуулж дараа нь аймаг, сумын ИТХ-д нэр дэвшүүлэх эрхийг олгосон. Энэ талаар миний бие шүүмжилсэн ч хүлээж аваагүй. Орон нутгийн сонгуультай холбоотойгоор аймгийн намын хорооноос нийт сонгогчдын дунд судалгааг хийсэн гэж бидэнд тайлбарласан. Гэхдээ судалгааны дүнг нээлттэй танилцуулсангүй. Тиймээс намын гишүүд бид судалгааны дүнд эргэлзэж байна. Мөн намын бодлогоор нэр дэвшүүлэх хүмүүсийн нэрийг тэргүүлэгчдээрээ нээлттэй хэлэлцүүлж оруулж ирэх ёстой байтал ганцаараа шийдээд шууд орж ирээд нэрсийг нь уншсан.
Намаас бодлогоор нэр дэвшүүлж байгаа 41 төлөөлөгч дээр 24 хүн сайн дураараа дэвшсэн. Гэтэл санал хураалтаар бодлогоор дэвшүүлсэн 41 хүнээ 100 хувь хамгаалж, 15 нэр дэвшигчийг унагаж, 9 саналын хуудсыг хүчингүй болгосон. Есөн саналын хуудсыг хүчингүй болгож буй нь намын гишүүдийн боловсрол мэдлэгийг доромжилсон үйлдэл гэж харж байна. 50 гаруй хүн дээр хураасан саналыг 5 цаг тоолсон ч эцэст нь тооллогын комиссоос ийм шийдвэрийг гаргасанд харамсаж байна. Тэгэхээр энэ асуудлаар МАН-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хяналтын хорооны даргад хандана. Намын дотоод ардчилал, гишүүдийн итгэл үнэмшил байхгүй болж нэг хүний компани шиг ажиллах юм бол ард иргэдийн итгэл алдагдана.
Энэ намд олон жил сэтгэл, зүрхээ зориулж ажилласан хүмүүсийн хөдөлмөрийг гишгэлж эсрэгээрээ өөрийнхөө ах, дүү хамаатан садан, найз нөхдийг дэвшүүлж байна. 2020-2024 онд манай аймгийн удирдлагууд бие дааж шийдвэр гаргасан удаа нэг ч байхгүй. Дандаа Д.Батлут шийдвэг гаргадаг. Түүнийг шүүмжилсэн би хэрчүүлсэн. Гэхдээ би энэ талаар өмнө нь нэг ч удаа ярьж байгаагүй. Энэ талаар хүмүүс ярьж чаддаггүй. Батлут айлгадаг мангас юм уу, Эрдэнэт түүний хувийн компани юм уу. Нам ийм байдал руу орсон. Орхон аймагт ажилладаг бүх хүн түүний энэ үнэнийг хэлж чаддаггүй” гэлээ.
Эх сурвалж: isee.mn