Нарангийн энгэрийн хогийн цэгт хий шатаах байгууламж барих төслийн талаар хэлэлцлээ

0

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар дэлхий нийтэд тулгамдаад буй хог хаягдлыг дахин боловсруулах, хогийн цэгээс ялгарах метан хийг бууруулах асуудлыг хэлэлцлээ.

Тодруулбал, Өнөөдрийн байдлаар нийслэлд гурван төвлөрсөн хогийн цэг байдаг. Нийт хог хаягдлын 11.4 хувийг дахин боловсруулж, 88.6 хувийг булж устгаж байна. Тиймээс хог хаягдлыг булж устгах аргаас илүү дэвшилтэт технологийг ашиглан устгах хий шатаах байгууламж барих төслийн тухай талууд хэлэлцсэн юм.

Уг төслийн талаар Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон “Дэлхий дахинд хог хаягдлыг боловсруулан устгах хоёр төрлийн аргыг түгээмэл ашиглаж байна. Нэгдүгээрт булж устгах, хоёрдугаарт шатаах арга. Булж устгах аргын хувьд метан хийг ихээр ялгаруулдаг. Энэ нь дэлхийн уур амьсгалд сөргөөр нөлөөлж байна. Бидний хувьд эсрэгээрээ гарч байгаа метан хийг шатааснаар хүлэмжийн хийг бууруулна гэж үзэж байгаа юм” хэмээлээ.

Харин нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр хог хаягдлыг боловсруулах нь хотын менежмент, байгаль орчныг хамгаалах чухал хэсэг, ард иргэдийн амин чухал эрх ашигтай ч холбоотой гэдгийг онцлоод энэ чиглэлээр гадаад улсын сайн туршлагаас судлах, хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ.

Хий шатаах байгууламжийн төслийг хэрэгжүүлэхээр хэлэлцэж буй Нарангийн энгэрийн хогийн цэгийг 2009 онд Японы компанийн санхүүжилтээр байгуулсан бөгөөд энэ нь шүүрсэн ус цэвэрлэх системгүй, мембран хучлагагүй энгийн хогийн цэг юм. Тус төвлөрсөн хогийн цэгт гол төлөв Багануур, Багахангай, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдээс хог хүлээн авдаг. Хоногт ирж буй хогийн дундаж хэмжээ 2348 тонн байгаа нь Улаанбаатар хотын хэмжээнд үүсэж буй нийт хогийн 62 орчим хувийг эзэлж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *