Э.Шижир: Хурдан эв зүйгээ олж, гангийн төслөө урагшлуулах ёстой
Гангийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын талаар Кью Эс Си ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Шижиртэй ярилцлаа.
–Өмнө нь 2-3 тэрбум төгрөг байсан татварын орлогыг 80 тэрбумд хүрсэн-
– Кью Эс Си компанийн талаар манай уншигчдад товч танилцуулна уу?
Бид байгалийн баялгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд оролцож улс орны эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулъя гэж л яваа юм. Тиймээс аж үйлдвэрлэлд ач холбогдол өгч, тэр дундаа гангийн үйлдвэрлэлд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.
– Гангийн үйлдвэрлэл яагаад чухал байдаг вэ? Кью Эс Си компани яагаад үүнийг зорилгоо болгов?
Монгол Улс мандаж байсан үедээ ахуйн болон зэвсгийн зориулалтаар төмөр үйлдвэрлэдэг байсан тухай эх сурвалжууд байдаг. Харамсалтай нь Монгол Улс Манж Чин гүрний эрхшээлд байхдаа энэ чадвараа алдсан бөгөөд коммунист дэглэмийн үед ч сэргэж чадаагүй. Гэсэн хэдий ч Монголчууд төмөрлөг боловсруулах уламжлал, түүний ач холбогдол нь улсын тусгаар тогтнол, эдийн засгийн бие даасан байдалд их нөлөөтэй гэдгийг ойлгож мэдсээр л байсан. Харин одоо орчин цагт ган бол улс орны дэд бүтэц, аж үйлдвэрийн хөгжлийн үндсэн материал болж байгаа бөгөөд зам, гүүр, барилгаас эхлүүлээд үйлдвэрлэл хөгжүүлж, машин механизм хийхэд зайлшгүй шаардлагатай түүхий эд болоод байна. Бид Монгол Улс дотооддоо гангийн үйлдвэрлэлийг хөгжүүлснээр импортын хараат байдлаа бууруулж, ажлын байр бий болгож, үндэстний бие даасан байдлаа дээшлүүлж, хараат бус эдийн засгийг хөгжүүлэх нэн чухал ач холбогдолтой гэж үздэг юм. Ийм учраас Кью Эс Си компани энэ ач холбогдол, үнэ цэнийг өөрсдийн зорилт болгон дэвшүүлж энэхүү салбарт үр дүн гарган оролцохоор ажиллаж байна.
– Яагаад Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хөрөнгө оруулахаар шийдсэн бэ? Энэ хөрөнгө оруулалтын хэмжээний тухай хэлж өгөөч?
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн тухай дурдахад, энэ бол улсын хэмжээнд гангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цорын ганц аж ахуйн нэгж байсан бөгөөд хаягдал төмөр хайлуулах цахилгаан нуман зуух (ЦНЗ) болон арматур хийх халуун цувих процессыг ажиллуулж байсан туршлагатай. Нөгөө талаар ирээдүйн үйлдвэрлэлд хэрэгцээтэй төмрийн хүдрийн нөөцтэй. Гэтэл Төмөрлөгийн үйлдвэр байгуулагдсан цагаасаа байнга санхүүгийн бэрхшээлтэй явж ирсэн бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй, байнга засгийн газраас дэмжлэг татаас авч ирсэн, төмрийн хүдрийн орд нь олон улсын шүүхэд маргаантай явж байсан байдаг. Кью Эс Си компани яагаад орох болов гэж?! Бид Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой бэрхшээл болон боломжуудыг хоёуланг нь харсан. Тус үйлдвэр санхүүгийн томоохон бэрхшээлтэй тулгарч байсан хэдий ч Монголын ган үйлдвэрлэлийн цор ганц тулгын чулуу байв. Ийм үед бид шаардлагатай хөрөнгө оруулалтыг нь санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээг “бүтээгдэхүүн хуваах” нөхцөлтэйгээр 2010 онд байгуулж байсан. Хөрөнгө оруулалтын гэрээ үр дүнгээ өгсөөн. Энэхүү гэрээний дагуу Кью Эс Си компани 2010-2013 оны хооронд нийт 62 сая ам.долларын санхүүжилтийг тус төсөлд зориулж Дарханы төмөрлөгийн үйлдвэрт оруулсан. Ингэснээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн санхүүгийн байдал сайжирч үндсэн хөрөнгө нь 5 дахин, борлуулалтын орлого нь 3 дахин өссөн байдаг. Ингэснээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн байнга улсаас дэмжлэг татаас авдаг байсан нөхцөл байдал арилж, дээрээс нь үйл ажиллагаа өргөтгөх шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг Кью Эс Си компаниар хийлгүүлж нөхцөл байдал нь сайжирч эхэлсэн.
-Энэ бүтээгдэхүүн хуваах нөхцөлтэй гэрээ нь яаж Концессын гэрээ болсон юм бэ?
Төрийн зүгээс Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг илүү тогтвортой, урт хугацаанд асуудлыг нь шийдвэрлэх хэрэгцээ шаардлага хэвээр байсан л даа. Эргэж баримт материалуудыг харахад УИХ-аас тус үйлдвэрийг хувьчлахаар төлөвлөж буй төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад 2010 онд оруулсан байсан юм билээ. Энэ үед Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хөрөнгөд Кью Эс Си компаниас оруулсан хөрөнгө 80 гаруй хувийг нь эзэлдэг болчихсон байсан.
Ийм үед Засгийн газар уг үйлдвэрийг хувьчлахын оронд одоо байгаа бүтээгдэхүүн хуваах гэрээг нь Концессын гэрээ болгож өөрчлөх шийдвэр гаргажээ гэж харж байгаа. Ингэснээр Засгийн газар түншлэлийн гэрээгээр дамжуулан өмчлөх эрхээ хадгалсан хэвээр мөртлөө гангийн үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилт, хөрөнгө босгох үүргийг, түүнтэй холбоотой эрсдэлийг хувийн хэвшилд буюу Кью Эс Си компанид шилжүүлсэн. Дээрээс нь Концессын гэрээний хүрээнд “Кью Эс Си” компани Засгийн газарт 63.9 тэрбум төгрөгийн төлбөр төлөхөөр болж, түүний хагасыг гэрээ байгуулсан даруйд төлсөн. Үүнийг энгийнээр жишиж хэлбэл Кью Эс Си компани 30 жил ашиглах түрээсийн 15 жилийн түрээсийн төлбөрөө тэр дор нь урьдчилж улсын төсөвт төлсөн гэсэн үг.
Нөгөө талаар, Концессын гэрээ нь Кью Эс Си компанид Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг үр ашигтай удирдахад шаардлагатай үйл ажиллагааны бие даасан байдлыг олгосон бөгөөд энэ нь цаашдын өргөтгөл шинэчлэлийн төслийг өөрсдөө удирдан хэрэгжүүлэх боломжийг нээж байгаа юм.
-Бид өөрсдөөс шалтгаалах олон чухал төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн-
–Танай компани Концессын гэрээний дагуу Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ямар төслүүд хэрэгжүүлсэн бэ?
Бид концессын гэрээнд тусгагдсан болон бусад үйл ажиллагаанд шаардлагатай гэж үзсэн маш олон чухал төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл өөрсдөөсөө хамаарсан томоохон бүтээн байгуулалтуудыг бүгдийг амжилттай хэрэгжүүлж дуусгасан. Үүнд техникийн шинэчлэлт, баяжуулах үйлдвэрүүд, төмөр замын бүтээн байгуулалт, авто замын төсөл, ган бөөрөнцгийн үйлдвэр, дахивар төмөр боловсруулах шинэ технологи, гангийн найрлага тохируулах шанаган зуух суурилуулах гэх мэт олон төслүүд хэрэгжүүлсэн. Үйл ажиллагааны үр ашигтай байдлыг сайжруулах зорилготой хэрэгжүүлсэн бусад олон жижиг төслүүд ч байгаа. Үндсэн гол гангийн үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхэд цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн хомсдолтой нөхцөл байдал тулгарсан байдаг. Одоо ч байгаа асуудал бид үүнийг бүгдээрээ мэдэрч байна шүү дээ. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Гангийн үйлдвэрийн технологийн зураглалыг эрчим хүчний дутагдалтай нөхцөл байдалд тааруулан шинэчилсэн ТЭЗҮ-г бас боловсруулж батлуулсан. Шийдлээ гаргаж чадсан гэсэн үг.
-Концессын гэрээний мөн чанар нь юу юм бэ, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хэрхэн тусгалаа олсон бэ?
Концессын гэрээ нь төр тодорхой зорилгоор хувийн хэвшилтэй түншлэн хамтран ажиллах гэрээ юм. Төр ямар зорилгоор хувийн хэвшилтэй түншилдэг вэ гэхээр нийтийн өмч, үйлчилгээтэй холбоотой тодорхой чиг үүргийг хувийн хэвшилд хэрэгжүүлэх, гүйцэтгэх эрхийг тодорхой хугацаанд олгодог. Үүний хариуд хувийн аж ахуйн нэгж нь ихэвчлэн хөрөнгө, үйлчилгээг санхүүжүүлэх, барьж байгуулах, шинэчлэн сайжруулах, өртөг бууруулах, үр ашигтай удирдах, холбогдох эрсдэлийг хариуцах үүрэг хүлээдэг.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн жишээн дээр Засгийн газар нь түншлэлийн гэрээгээр гангийн үйлдвэр байгуулах хөрөнгө босгох, бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэх, түүнтэй холбоотой эрсдэлийг Кью Эс Си компанид шилжүүлж хариуцуулсан.
Нөгөө талаар Кью Эс Си нь “Уул уурхай, металлургийн цогцолбор”-ийг 30 жилийн хугацааны дотор өөрсдөө барьж байгуулаад, үйл ажиллагааг нь явуулан ашиглаж байгаад хугацааны эцэст төрдөө үнэ төлбөргүйгээр шилжүүлж өгөхийг хүлээн зөвшөөрсөн гэрээ юм.
Энэ түншлэл маш үр дүнтэй явагдсан. Засгийн газар уг үйлдвэрт дахин татаас өгөх шаардлага гараагүй, эсрэгээрээ төлбөр урьдчилж авсан. Нэмээд уг үйлдвэрийн улсад төлдөг татвар хураамжийн орлого нь үлэмж нэмэгдсэн. Тодруулбал өмнө нь 2-3 тэрбум төгрөг байсан татварын орлого нь 80 тэрбум хүрсэн байдаг. Гол үр дүн нь төр буюу Засгийн газар Гангийн үйлдвэрийн бүтээн байгуулалтад хөрөнгө зарцуулах шаардлагагүй болж санхүүгийн ачааллаас чөлөөлөгдсөнөөр нийгэм – эдийн засагт чухал бусад төслүүддээ анхаарлаа хандуулж, түүндээ хөрөнгөө зарцуулах боломжийг нь олгож байгаа явдал юм.
-Кью Эс Си компани яагаад энэ эрсдэлтэй, ихээхэн хөрөнгө шаардах төслийг хариуцахаар шийдсэн юм бэ? Энэ гэрээнээс ямар үр өгөөж хүлээж байсан бэ?
Энэ төслийг хэрэгжүүлэхээр Кью Эс Си компанид хариуцуулах болсон нь бидний хувьд ч тэр, төрийн хувьд ч маш чухал зоримог шийдвэр мөн. Бид “Монголыг Монголчууд Хөгжүүлнэ” гэсэн уриандаа хөтлөгдөн Монгол Улсынхаа аж үйлдвэрлэлийн салбарт томоохон нөлөө үзүүлэхийг зорьж байна. Бидний хүсэл бол Монголчууд маань өөрсдөө санаачлагатай зоримог байж чадвал хөгжлийн тулгуур болсон салбаруудаа үндэсний компаниуд нь аваад явах чадвар байгаа шүү гэдгийг харуулах, мөн аж үйлдвэрлэлийн хөгжил улс орны урт хугацааны өсөлтөд үр нөлөөтэйг харуулахыг зорьж байна.
Харин бизнесийн үүднээс авч үзвэл Концессын гэрээгээр Кью Эс Си компани аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд идэвхийлэн ажиллах эрхийг олж авсан. Үүнд үйлдвэрлэлийг шинэчлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, үр ашиг, гарцыг сайжруулах дэвшилтэт технологи нэвтрүүлэх зэргээр харж болно. Мэдээж энэ бол маш эрсдэлтэй алхам хэдий ч, зөв хөрөнгө оруулалт, үр ашигтай удирдлага менежментийн нөлөө нь хөрөнгө оруулалтыг урт хугацаанд өгөөжтэй байлгаж чадна гэдэгт итгэлтэй байгаа.
-Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг маш хүнд байдалтаагаар хүлээн авч, хөрөнгө оруулалт хийж эрс сайжруулсан-
-Засгийн газар Концессын гэрээг цуцалж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн эрхийг төрд буцааж авсан. Яагаад ийм зүйл болсныг тайлбарлаж чадах уу?
Кью Эс Си компани концессын гэрээний дагуу асар их хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийгээд байсан хэдий ч Засгийн газар 2022 оны 4 дүгээр сард гэрээг цуцалж энэхүү үйл явдал болсон. Энэ шийдвэр маш гэнэтийн байсан бөгөөд шалтгааныг нь тодорхой тайлбарлаагүй. Харин шийдвэр дотор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсантай холбоотой асуудлаар буюу шүүхээр гэмт буруутай эсэх нь эцэслэн шийдвэрлэгдээгүй асуудал дээр нэгэн мөрдөгчийн бичсэн мэдэгдлийг үндэслэл хэсэгт дурдсан байдаг. Ийм мэдэгдэл нь бодитой тогтоогдсон гэмт хэрэгтэй ижил төстэй өөр үйлдэл гарахаас сэргийлэх зорилгоор хийгддэг. Гэтэл энд гэм буруу нь тогтоогдоогүй байхад ийм мэдэгдэл хийсэн нь хачирхалтай байдаг, тэгсэн атлаа үүнийг нь задалж ярьж болохгүй байгаад байдаг.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг маш хүнд байдалтай байхад нь манай компани гэрээний дагуу хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагааг нь мэдэгдэхүйц сайжруулаад байгаа. Концессын гэрээг цуцлах шийдвэр гаргахад төслийн гүйцэтгэл, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхтэй шууд хамааралгүй улс төр, эдийн засгийн хүчин зүйлс нөлөөлсөн гэж үзэж байгаа. Засгийн газар стратегийн салбаруудад илүү хяналт тавих, улс төрийн динамикийн өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлэхийг илүүд үзсэн байж болзошгүй. Гэхдээ одоо ийм шийдвэр яаж гарсан нь чухал биш, харин ач холбогдол өндөртэй энэхүү төслөө бид хамтдаа олон талаас нь хамтран ярилцаж гацаанаас гаргах нь чухал гэж харж байна.
– Концессын гэрээ цуцлагдсан нь Кью Эс Си компани болон Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хэрхэн нөлөөлсөн бэ?
Концессын гэрээ цуцлагдсанаар Кью Эс Си компани болон Дарханы төмөрлөгийн үйлдвэрт аль алинд нь маш олон сөрөг зүйл бий болж байгаа.
Кью Эс Си компанийн хувьд нөлөө нь их гүн гүнзгий байсан. Бидний урт хугацаанд төлөвлөсөн ажил маань тасалдаж, улмаар бидний ажил хууль ёсны эрхээ, оруулсан хөрөнгө оруулалтаа хамгаалах хууль эрх зүйн маргаанд чиглэхэд хүргэж байна. Маш бүтээлч биш байдал руу шилжиж байна шүү дээ. Түүнчлэн энэхүү маргааны нөлөөгөөр бидний хамаг хөрөнгө битүүмжлэгдсэн, данс хаагдсан, хилийн хорио тогтоосон байдал олон жил дамнуулснаар өөр бусад төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжгүй болгочихож байгаа юм. Энэ нөхцөл байдал нь бидний цаг хугацаа, нөөц бололцоог үндсэн зорилгоос маань холдуулж нийт үйл ажиллагаанд хортойгоор нөлөөлж байна.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хувьд үр дагавар нь бас л ноцтой. Уг үйлдвэр манай компанийн удирдлага дор шинэчлэлт, бүтээмж нэмэгдүүлэх чигтэй явж ирсэн. Бид үйлдвэрийн үр ашгийг дээшлүүлэх, өртөг бууруулах, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд чиглэсэн гол төслүүдийг санаачлан хэрэгжүүлж ирсэн. Одоо тасалдаад байгаа зарим ажлуудаас жишээ болгон дурдвал, гангийн үйлдвэрлэлийг зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх зорилгоор ган арматурын Монгол Улсын стандартыг шинэчлэх ажлын туршилт судалгааны ажил хийгдээд дуусч байсан нь зогсчихлоо. Мөн Төмөртолгойн уурхайн ашиглалтын хугацааг уртасгахын тулд нэмэлт хайгуулын ажил хийсэн байсан нь мөн доголдож ордыг хаах чиглэлд нь явуулж байх шиг байна. Үйлдвэрлэл бол урт хугацааны төсөл шүү дээ, тиймээс удирдлага чиглэл нь ойр ойрхон солигдоод байх нь тогтворгүй байдал руу шууд чиглүүлдэг.
–Энэ байдал олон нийтэд ямар нөлөөтэй юм бэ? Монгол Улсын эдийн засагт ямар үр дагавартай вэ?
Олон нийтийн хувьд энэ бол өдөр тутмын амьдралтай нь шууд холбоогүй, өдөр тутам сонсдог өөр нэг “мэдээ” мэт л санагдаж байгаа байх. Гэхдээ хэрэв Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд эдийн засгийн үр дагаварыг нь ярьвал, валютын гадагшлах урсгалыг багасгана, дотоодод илүү үнэ цэн бий болж ажлын байр нэмэгдэнэ, гадаад худалдааны тэнцэлд эерэг нөлөө үзүүлнэ, аж үйлдвэрлэл хөгжих үндэс суурь тавигдана, ган бүтээгдэхүүний гадаад хамаарал багасч эдийн засгийн бие даах чадвар нэмэгдэнэ шүү дээ. Энэ шууд бусаар алсдаа хэрэгтэй зүйл. Гэвч Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хэрэгжүүлсэн олон сайн төслүүдийг хар өнгөөр будаж олон нийтэд ойлгуулсан нь харамсалтай хэрэг.
Нөгөө талаар төр засгийн урьдчилан тааварлах боломжгүй, гэнэтийн ийм төрлийн шийдвэр нь дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад маш “муу мэдээ” болж очих бөгөөд энэ нь Монгол Улсын хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг бас харлуулчихаж байна шүү дээ.
-Ийм “муу мэдээ” гадаадын хөрөнгө оруулалтад ямар нөлөө үзүүлэх вэ?
Хөрөнгө оруулагчид оруулсан хөрөнгийхөө баталгаатай байдал, байгуулсан гэрээ хэлэлцээрийн итгэлт байдал, маргаан шийдвэрлэхэд хууль дээдлэх зарчим ямар байгааг голлон анхаардаг
шүү дээ. Гэтэл эдгээр үнэт зүйлсийг хамгаалан баталгаажуулж байх ёстой.Засгийн газар нь гэрээгээ дангаар өөрчлөх юм уу, ямар ч үндэслэлгүйгээр цуцлах боломжтой гэдгээ өөрөө харуулах нь Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны нэр хүндэд ноцтой хохирол учруулна.
Кью Эс Си компанийн төртэйгээ түншилж хийсэн гэрээний нөхцөл байдал нь манай улсын хөрөнгө оруулалтын орчны таагүй байдлын илэрхийлэл болж очвол Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд чухал ач холбогдолтой гадаад дотоодын шууд хөрөнгө оруулалт буурахад хүргэж болзошгүй гэж санаа зовж байна.
-Үүсээд буй асуудлыг шийдвэрлэх ямар арга хэмжээ авч байна вэ?
Бидний хүсэл бол энэхүү нөхцөл байдлыг уулзаж ярилцан бодит байдлыг хамтран дүгнэж эвийн журмаар шийдэх явдал. Засгийн газартай нээлттэй ярилцаж, хамтран ажиллах нь тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх хамгийн сайн арга зам гэж бид үзэж байна. Энэ ч үүднээс бид өнгөрсөн 2 жил холбогдох төрийн байгууллагуудад хүсэлтээ өгсөөр ирсэн.
Энэ эрмэлзэл хэдийгээр биелэхгүй, уулзалт болохгүй байгаа үед өөрсдийн хууль ёсны эрх, оруулсан хөрөнгө оруулалтаа хамгаалах чиглэлээр шүүхэд хандсан байгаа л даа. Энэ нь Концессын гэрээний дагуу Кью Эс Си компанийн оруулсан хөрөнгө оруулалт, цаг хугацаа, гэрээнд заасан эрхээ хамгаалах зорилготой явж байна. Гэрээ, хэлэлцээрийг хүндэтгэн хариуцлагатай хандах нь дотоодын болон олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалах үндэс суурь юм шүү дээ.
Гэхдээ дахин хэлэхэд хамтран ярилцаж шийдэлд хүрэх нь бидний нэн тэргүүний сонирхол гэдгийг онцлон хэлмээр байна. Бид асуудлыг эв зүйгээр шийдэж, цаг алдалгүй энэ аж үйлдвэрлэлийн төслийг үргэлжлүүлэх нь чухал гэж үзсээр байгаа.
–Та ярилцаад юунд хүрнэ гэж найдаж байна вэ, танай компанийн хувьд хамгийн тохиромжтой үр дүн юу байх вэ?
Төр засагтаа хандан хэлэхэд түншиллээ хүндэтгэж ажил хэрэгч байдлаар асуудалд хандахыг уриалмаар байна. Хувийн хэвшил гэж байгаа ч бид ч бас Монголчууд шүү дээ. Бид ч энэ улсдаа сайн сайхныг бий болгохын төлөө зорьж байгаа, сайныг бодож хамтран ажилласнаар Монгол Улсад л сайн үр дүн бий болно.
Бидний хувьд хамгийн тохиромжтой үр дүн гэвэл Монгол Улсаа ган үйлдвэрлэгч орон болгох зорилгоо үргэлжлүүлэн явуулах боломжийг олгосон шийдэл байх болно. Бид аль хэдийнээ маш их цаг хугацаа, сэтгэл зүрхээ зориулсан төсөл шүү дээ, тиймээс бид Концессын гэрээнд туссан бүтээн байгуулалтаа дуусгахыг илүүд үзнэ. Бид маргалдаад хохирол нөхөн төлбөр гэхээсээ илүүтэйгээр энэ чухал ач холбогдолтой төслөө хэрэгжүүлж дуусгах л сонирхолтой байна. Кью Эс Си компани “Монголыг Монголчууд Хөгжүүлнэ” гэсэн уриатай гэдгээ түрүүн хэлсэн, үүндээ тууштай байгаа.
-Монгол Улсын эдийн засгийн хөгжилд дэм болох нэгэн том ган багана босно-
-Та төр засаг, иргэд, олон нийтэд гол ойлгуулахыг хүсч буй зүйл чинь юу вэ?
Энэхүү чухал төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгахын тулд бид нөхцөл байдлыг эв зүйгээр шийдэж нэмж цаг алдахгүйгээр төр засагтайгаа хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд бэлэн байна. Мэдээж төсөлд санаснаар болоогүй, хугацаа алдсан зүйлс байсан, хийж амжуулж чадсан зүйлс ч байгаа. Тэдгээрийн ард ярилцаж шийдвэрлэх зүйлс ч бий, боломж гаргалгаа ч байгаа. Тэгэхээр бие биесээ хэмэлж байхаар, хийж бүтээх дээрээ хамтраад явах нь зүйтэй гэдгийг л хаана хаанаа ойлгоосой л гэж хүсч байна. Ингэж чадвал төслийг цааш үргэлжлүүлэх боломж гарна. Тасалдсан нөхцөл байдлыг сэргээхэд хугацаа авч магадгүй ч, бүтээн байгуулалтаа хурдан эхлүүлбэл 3 жилийн хугацаанд хийгдэж дуусна. Монгол Улсын эдийн засгийн хөгжилд дэм болох нэгэн том ган багана босох юм шүү дээ.
Үүнийг дагаад өөр олон чухал асуудлууд хөндөгдөж ундран гарна. Жишээ болгоход, гангийн үйлдвэр нь шинжлэх ухааны байгууллагуудтайгаа, тухайлбал их дээд сургууль, судалгааны байгууллагуудтай нягт хамтран ажиллах ёстойг бид өнгөрсөн туршлагаас олж мэдсэн. Шинжлэх ухааны мэдлэг, инновацийг үйлдвэрлэлтэйгээ нягт хамтад нь хөгжүүлж байж гангийн үйлдвэрийн тогтвортой хөгжил, технологийн дэвшилд хөл нийлүүлэн алхаж чадна. Түүнээс биш дан ганц санхүүжилт, хөрөнгө оруулалтаар бүх зүйл шийдэгдэхгүй. Тэгэхээр бид гангийн үйлдвэрийн бүтээн байгуулалттай зэрэгцээд энэ чиглэлийн шинжлэх ухаасалбараа хамтад нь хөгжүүлээд авч явна гэж төлөвлөж байна. Гэх мэтчилэн үүнийг тойрсон олон бодсон, төлөвлөсөн юмнууд бий.
Эх сурвалж: Eguur.mn