ГССҮТ, ӨВӨР МОНГОЛЫН АУИС-ИЙН 2-Р ХАРЬЯА ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, Өвөр Монголын Анагаах ухааны их сургуулийн 2-р харьяа эмнэлгийн захирал QIU YI нар өнөөдөр гэмтэл, согогийн тусламж үйлчилгээний чиглэлээр хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү арга хэмжээнд ГССҮТ-ийн удирдлагын баг болон Өвөр Монголын АУИС-ийн 2-р харьяа эмнэлгийн удирдлагууд, резидент эмч нарын төлөөлөл бүхий баг бүрэлдэхүүн оролцсон бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд хийх ажлуудаа ярилцаж, тус төвийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Санамж бичгийн дагуу эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг харилцан солилцож ажиллуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээнд мэдээллийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны ажилд оролцуулах, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийж мэдлэг туршлагаа хуваалцах зэргээр хамтын ажиллагаа өрнүүлэхээр боллоо.