Ц.Туваан сайд “Петро Матад” компанид тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч ажиллана гэв
Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Петро Матад” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзжээ. Уулзалтад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, сайдын зөвлөх Ш.Адьшаа, Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр, “Петро Матад” ХХК-ийн талаас гүйцэтгэх захирал Майк Бак, А.Гэрэлт-Од нар оролцсон байна. Тус компанийн удирдлагууд Дорнод аймагт эрхэлж буй газрын тосны хайгуулын үйл ажиллагаагаа танилцуулжээ.
Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Петро Матад” ХХК нь 2010 оноос хойш Монголд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж буй бөгөөд Матад XX талбайн ашиглалтын зөвшөөрөл 2023 онд олгогдсон талаар дурдсан байна. Тус талбай ашиглалтад орж эхэлснээр Газрын тосны боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход үйлдвэрийг түүхий эдээр хангах томоохон эх үүсвэр болно гэдгийг компанийн удирдлагуудын зүгээс онцолжээ.
Салбарын сайдын Ц.Туваан газрын тосны салбарт бодлогын түвшинд анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна. Мөн тус компанийн хайгуул болоод бусад тулгамдаж буй асуудлуудыг бодлогын түвшинд шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлжээ.