Ч.Уяа-Эрдэнэ: Улаанбаатарт угсармал 1,075 блок байгаагаас нийт 302 блокт нь улс нийслэлийн хөрөнгө оруулалтаар хөөсөн дулаалга хийгдсэн
Улаанбаатар хотод угсармал орон сууцнууд дулааны алдагдал ихтэй байдаг. Дулааны алдагдлыг багасгах гадна фасадын ажил зарим орон сууцанд хийгдэж байгаа харагддаг. Энэ нь орон нутгийн хөгжлийн сангийн болон нийслэлийн хөрөнгөөр хийгддэг байна. Тэгвэл орон сууцны гаднах болон дээврийн дулаалгыг хийлгэх бол хаана хандах, иргэд мөнгө төлөх эсэх, хэчнээн орон сууцанд дулаалга хийх талаар УБЗАА-ны хотын инженерийн байгууламжийн хэлтсийн мэргэжилтэн Ч.Уяа-Эрдэнээс тодрууллаа.
Түүний хэлснээр өнгөрсөн онд зөвхөн нийслэлийн төсвөөр угсармал орон сууцны дулаалга хийгдээгүй байна. Харин энэ жилээс нийслэл, Германы GIZ төсөл, БХБЯ хамтран угсармал орон сууцны дулаалгын төсөл хэрэгжүүлэх гэж байгаа аж.
Уг төсөлд хамрагдвал орон сууцны дулаан алдагдлыг хэмжүүлж, дээврийн болон гаднах дулаалга хийлгэх бөгөөд иргэн орон сууцны талбайн хэмжээнээс хамаарч сард 40,000-60,000 төгрөгийг 10 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй байна. Дулаалгын төсөлд хамрагдах бол иргэд төлбөрийн нөхцөлийг зөвшөөрч гарын үсгээ зурах, орон сууцны газар хөдлөлтөд тэсвэртэй гэсэн бичгийг бүрдүүлнэ.
Харин дүүргүүд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр орон сууцыг дулаалахдаа төлбөр авахгүй гэв.
-Улаанбаатар хотын хэмжээнд энэ жил хэчнээн угсармал орон сууцыг дулаалах вэ, дулааны алдагдлыг яаж хэмждэг вэ?
– Энэ жил нийслэлийн хэмжээнд угсармал орон сууцны нэг байршлын хоёр блокийг дулаалахаар 516 сая төгрөгийн хөрөнгө оруулалт нийслэлийн төсөвт тусгагдсан. Энэхүү төсвийн мөнгөөр Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, Жуковын музей орчмын хуучны орон сууцыг дулаална. Уг дулаалга нь дээврийн болон гаднах дулаалгыг цогцоор нь хийнэ. Гаднах дулаалгыг шилэн хөвөнгөөр хийж, металл фасадаар бүрнэ. Ингэсний дараа тоолуураар дулаан алдагдлыг хэмжинэ. Энэ төсөлд хамрагдахын тулд иргэд дулаалгын мөнгөний 50%-ийг өөрсдөө эргэн төлөхийг зөвшөөрсөн байх зохицуулалттай. Хоёрдугаарт орон сууцны газар хөдлөлтөд тэсвэртэй дүгнэлтийг иргэдээс шаардана.
Зургаан дүүргийн хэмжээнд угсармал орон сууцнуудын дулаан алдагдлын датаг цуглуулахаар 702,000 еврогийн өртөг бүхий тоолуурыг орон сууцны узелиудэд суурилуулж байгаа юм. Одоогоор нийт 101 угсармал орон сууцны 398 узельд тоолуур суурилуулж, ажлын явц 80%-тай байна. Халаалт эхлэх буюу есдүгээр сарын 15-нд тоолуур суурилуулах ажил дуусна. Ингэснээр тухайн барилгыг дулаалахаас өмнө хэчнээн хэмжээний эрчим хүч хэрэглэж байсан, дулаалсны дараа ямар үр дүн гарсан мэдээллийг цуглуулах юм.
Тоолуурыг суурилуулснаар тухайн орон сууц хэдэн онд ашиглалтад орсноос хамаарч дулааны алдагдал хэр их байгааг шууд хэмжиж эхэлнэ.
Угсармал орон сууц дээвэр, заадас, цонх, хаалгаар дулаанаа алддаг.
-Иргэдээс 50%-ийн төлбөрийг авч, угсармал орон сууцыг дулаалах төсөл хэрэгжүүлэх гэж байна гэсэн. Хэдэн төгрөг төлөх тооцоол гарсан уу?
-Нийслэл, Германы GIZ төсөл, БХБЯ хамтран хэрэгжүүлж буй угсармал орон сууцны дулаан алдагдлыг хэмжүүлж, дээврийн болон гаднах дулаалгын цогц төсөлд хамрагдсан иргэн орон сууцны талбайн хэмжээнээс хамаарч сард 40,000-60,000 төгрөгийг 10 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй. Дулаалгын төсөлд хамрагдах бол иргэд төлбөрийн нөхцөлийг зөвшөөрч гарын үсгээ зурах, орон сууцны газар хөдлөлтөд тэсвэртэй гэсэн бичгийг бүрдүүлнэ. Дулаалгад 3-5 жилийн баталгаа өгч, орон сууцны контор хариуцна.
Дараагийн удаад Сонгинохайрхан дүүргийн Нэгдүгээр хорооллын хойд талын, Баянзүрх дүүргийн Ботаникийн УС-15-ын орон сууцанд дулаалга хийлгэхээр иргэд гарын үсгээ цуглуулаад байна.
Дулаалгын төсөл 2027 он хүртэл хэрэгжинэ.
-Өнгөрсөн онд хэчнээн угсармал орон сууцыг, хэдэн төгрөгөөр дулаалсан бол?
-Өнгөрсөн онд зөвхөн нийслэлийн төсвөөр угсармал орон сууцны дулаалга хийгдээгүй. Харин энэ жилээс нийслэл, Германы GIZ төсөл, БХБЯ хамтран угсармал орон сууцны дулаалгын төсөл хэрэгжүүлэх гэж байгаа юм. Анхных нь Баянзүрх дүүргийн 41 дүгээр хорооны хоёр угсармал орон сууцыг дулаалах гэж байна. Ингэхдээ тухай орон сууцны оршин суугчдаас эргэн төлөлтийн зөвшөөрөл авсан юм. Төсөлд хамрагдахыг зөвшөөрсөн оршин суугчдын дарааллын дагуу ажлаа эхлүүлэх гэж байна.
Үүнээс гадна орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр дүүргүүд угсармал орон сууцыг хөөсөөр дулаалж байгаа. Орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэж буй дулаалгад иргэд мөнгө төлөхгүй. Тухайн дүүргийн тохижилтын хэлтэс хариуцсан мэргэжилтнүүд дулаалгын асуудлыг хариуцдаг. Тухайлбал 3,4 дүгээр хорооллын угсармал сууцнуудыг дулаалах ажлыг дүүргээс нь зохион байгуулж байгаа. Дүүргээс зохион байгуулж байгаа орон сууцны дулаалгын ажилд дүүргийн, орон нутгийн захиргааны байгууллагаас хяналт тавьдаг.
Энэ онд орон нутгийн хөгжлийн сангийн Баянгол дүүрэгт 2.6 тэрбум төгрөг төсөвлөгдсөний 570 сая нь дээвэр шинэчлэл, 1.4 тэрбум нь он дамжиж өгч буй төсөв, Сүхбаатар дүүрэгт 9.4 тэрбум, Баянзүрх дүүрэг 8.1 тэрбум төгрөг, үүнээс 2.3 тэрбум төгрөг нь он дамжсан бөгөөд угсармал орон сууцны дээврийн болон дулаалгыг хийхээр төсөвлөсөн байна. Бусад дүүрэгт дулаалгын төсөв байхгүй. /Он дамжсан гэдгийг өнгөрсөн жил төсөвлөгдсөн ч санхүүжилтээ авч чадаагүйг тодотгов/
Улаанбаатар хотод угсармал 1,075 блок байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 150 байрны 302 блокт улс нийслэлийн хөрөнгө оруулалтаар хөөсөн дулаалга хийгдсэн байна.
-Нийслэлээс хэрэгжүүлж буй угсармал орон сууцны дээврийн болон гаднах дулаалгыг цогцоор хийлгэх төсөлд хамрагдах бол хаана хандах вэ?
-Иргэд угсармал орон сууцны дулаалгын төсөлд хамрагдах Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албанд хүсэлт гаргахад болно.