УБТЗ-ын дүрмийн санг өөрчилж, таван шинэ зүтгүүр өгчээ

0

Хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Халх голын ялалтын 85, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100, “Улаанбаатар төмөр зам” ХНН үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэ үеэр 75 насны ойгоо тэмдэглэж буй УБТЗ-д ямар өөрчлөлт гарах бол гэсэн багахан ч атугай хүлээлт байсныг үгүйсгэхгүй. Төрийн тэргүүнүүдийн хийсэн хэлэлцээний албан мэдээнд “Монгол, Оросын хувь нийлүүлсэн УБТЗ ХНН-ийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай протокол байгууллаа” хэмээсэн. Чухам ямар өөрчлөлт оруулсан нь анхаарал татаж буй.

Анхаарал татах болсон шалтгаан нь хоёрхон жилийн өмнө Монгол Улсын болон ОХУ-ын Сангийн яам хооронд УБТЗ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх талаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар тус нийгэмлэгийн хөрөнгийг 167.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн нь юм. Ингэхдээ Монгол Улсын болон ОХУ-ын Засгийн газар тус бүрд ногдох 83.6 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг доорх байдлаар бүрдүүлэхээр тохиролцсон. Эхнийх нь, Монголын тал “МОН-П1” болон “МОН-П2” зээлийн гэрээний шаардах эрхээ шилжүүлэх, нөгөө нь Оросын тал ОХУ-д үйлдвэрлэсэн төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн таван ширхэг зүтгүүр нийлүүлэх гэсэн хоёр арга замыг тохиролцсон байдаг. Үүнийгээ яаж хэрэгжүүлсэн бэ? УБТЗ-ын хөрөнгө оруулалтыг зөвхөн дүрмийн санг нэмэгдүүлэх замаар л хийдэг онцлогтой.

Монголын талаас дүрмийн санг нэмэгдүүлэхэд Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Төмөр замын тээврийг сайжруулах төсөл”-ийн 2000 оны аравдугаар сарын 25-ны LSB-01038, LSB-0104 тоот гэрээний зээлийн үлдэгдэл төлбөрийг барагдуулах гэрээг Сангийн болон Зам, тээврийн хөгжлийн яам, УБТЗ ХНН-ийн хооронд 2023 оны зургаадугаар сарын 27-нд байгуулжээ. Үүний дагуу “МОН-П1” болон “МОН-П2” гэрээгээр УБТЗ ХНН-ийн өр төлбөрийг 83 673 494 098 төгрөгөөр бууруулсан үнийн дүнгээр тооцоо нийлсэн актад Монгол Улсын Сангийн яамнаас 2024 оны долоодугаар сарын 30-нд гарын үсэг зурсан байгаа юм. Энэ нь эхний арга замын хэрэгжилт. УБТЗ 34 жилийн тэртээ Японы Олон улсын хөрөнгө оруулалтын банкнаас зээлсэн “МОН-П1” болон “МОН-П2” гэх гэрээний өргүй боллоо. Монголын тал ийнхүү төлж дуусгасан. Тэгвэл Оросын тал өөрийн оногдох 83 тэрбумын оронд таван зүтгүүр өгчээ.

Олон удаа давтагдсан түүх л дээ. Дүрмийн сан нэмэгдүүлэх бүрд 1949 оны хэлэлцээрийн дагуу хоёр тал тэнцүү үүрэг хүлээж хөрөнгө гаргах болдог. Оросын тал ногдох хэсэг бүрдээ зүтгүүр болон техникүүд “шахдаг”. Энэ удаад ч мөн л тэртээх 30 гаруй жилийн өмнө, нийгмийн хариуцлагын хүрээнд үүссэн өрийн асуудал шийдэгдлээ. Тэр зээлийн хөрөнгийг УБТЗ-ын л үйл ажиллагааг сайжруулахад зориулсан байж таарна. Гэтэл “гуялж төлье” гэж протокол үйлдээд, оросууд өөрсдийнхөө төлөх өрөнд таван зүтгүүр өгчихье гэж байгаа юм. “Өгчихье” гэх нь байтугай бүр өгчихсөн байвал яах вэ. Бид ийм л “ах”-тай. Тэгсэн мөртлөө зорчигч тээврийн бөөн алдагдалтай, цахилгаан станцын нүүрс зөөдөг бахдам амжилтаа л яриад байдаг.

Харин зүтгүүр нэмэгдэж байгаа нь бол сайн хэрэг. Учир нь УБТЗ цаашдаа ч Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэгтэй, жилээс жилд өсөн нэмэгдэж буй тээврийн хэрэгцээгээ хангахын тулд техникийн шинэчлэл байнга хийж, санхүүгийн хүндрэлээсээ гарах ёстой.

Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлчээр Киргиз улсад болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ ОХУ-ын Засгийн газрын тэргүүн М.В.Мишустинтай ч, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай ч уулзаж, хоёулантай нь УБТЗ-ын талаар ярилцсан. Гурван Ерөнхий сайдын шийдэл нь “УБТЗ-ыг зөвхөн Монгол, Орос бус, Монгол, ОХУ, БНХАУ хамтдаа дахин хэлэлцэх бүтэцтэй болгож, олон улсад нээлттэй сонгон шалгаруулалт зарлан, хүчирхэг шинэлэг технологи, техникүүдийг нэвтрүүлэн, шинэ шатанд аваачих” байсан юм. Уг нь гурван тал ингэж шийдэж, хэрэгжүүлж чадвал УБТЗ хүчирхэгжих магадлал өндөр. Үүгээр УБТЗ-ын хөгжил шинэ шатанд хүрэх найдвар төрж байсан. Мөн Монгол, Хятад аль алиных нь хувьд төмөр замын холболтын цэгүүдийг тохирсон. Тохирохдоо Монголын тал эхлээд Гашуунсухайт-Ганцмодны төмөр замыг заавал холбож байж Сэхэ, Шивээхүрэн зэрэг төмөр замын бусад боомтын ажил дуусах зайлшгүй шат дараалалтайг ойлголцсон. Гэтэл өнөөдөр бид таван зүтгүүртэй, хөгжил нь хэвээрээ, өр нь хэвээрээ л үлдэх болчхоод байна.

Таван зүтгүүрийн тухайд товчхон дурдъя. УБТЗ-ын өмчид нийт 83.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий таван ширхэг шинэ зүтгүүрийг ОХУ-ын Холбооны төмөр замын тээврийн агентлагтай байгуулсан 2024 оны тавдугаар сарын 17-ны ХАГ/24/022 тоот гэрээний үндсэн дээр шилжүүлж байгаа юм. Үүнд гол замын ачааны хоёр секцтэй “2ТЭ25КМ” серийн ЗИП иж бүрдэл бүхий 0730 үйлдвэрийн дугаартай 16.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий илчит тэрэг (2024 оны зургаадугаар сарын 14-нд хүлээлцсэн актаар) багтаж байна. Мөн гол замын ачааны хоёр секцтэй “2ТЭ25КМ” серийн ЗИП иж бүрдэл бүхий 0731, 0732, 0733, 0734 үйлдвэрийн дугаартай, нийт 66.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий дөрвөн илчит тэрэг (2024 оны долоодугаар сарын 26-нд хүлээлцсэн актаар) багтсан бөгөөд эдгээрийг өдгөө тээвэрт ашиглаж буй юм байна.

Ингээд УБТЗ-ын Хувь нийлүүлэгчдийн хамтарсан 2024 оны есдүгээр сарын 3-ны хурлын протокол №4-ийн нэгдүгээр хавсралтаар “Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрэмд оруулах өөрчлөлт”-ийг баталжээ. Үүнд “Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 506 880 641 709.80 төгрөг, ингэснээр нэгж хувьцааны үнэ нэмэгдэж 2.5 тэрбум төгрөг болж байна. Хоёр талын эзэмших нийт хувьцааны тоо 200 ширхэг” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, 339.5 тэрбум төгрөг байсан дүрмийн сангийн хөрөнгийг энэ удаа, В.Путиний айлчлалаар 167.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ. Ингэснээр УБТЗ ХНН-ийн дүрмийн сан 506.8 тэрбум төгрөг болж нэмэгдсэн. Энэ нэмэгдүүлсэн хөрөнгийг хэмжээг Монгол, Оросын тал хувааж гаргах ёстой. Монголын тал гаргах мөнгөө шууд зээлдээ өгөөд, өрөө төлөөд дуусгачхаж. Оросууд нэмэгдүүлэх мөнгөөрөө таван зүтгүүр өглөө.

Өнгөцхөн харахад, Ерөнхийлөгчтэйгөө хамт ирээд зүтгүүр “шахчхаад” явчхаж байгаа мэт. Гэсэн ч Монголын тал өргүй, таван зүтгүүртэй хоцорч буй нь УБТЗ-ын өрийн дарамт багасаж, санхүүгийн үзүүлэлтүүд сайжирч, ачаа болон зорчигч тээврийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн техник, технологийг шинэчлэх төсөл, хөтөлбөрийг зах зээлийн зарчмаар хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж буйгаараа сайн талтай. Ингэснээр ачилтын хурд нэмэгдэнэ. Энэ нь тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд маш чухал үзүүлэлт болж байдаг.

Төгсгөлд нь нэмж мэдээлэхэд, өнөөдөр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Замын-Үүд боомтод ажиллах товтой байна. Үүгээр 1955 оны Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр болон Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2023 оны долоодугаар сарын 7-ны 68 дугаар тогтоолын хэрэгжилтийг хэлэлцэх нь. Тиймээс төмөр замын хөгжилд чухал ач холбогдолтой яриа хэлэлцээ болж магадгүй гэсэн хүлээлттэй байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *