Г.Дарамзагдын охин Д.Оюун: Оюуны өмчийн газраас тодорхой шийдвэр гартал ямар ч дуучин “Хулан хонгор” дууг дуулахгүй байхыг мэдэгдье
Анх МУГЖ Ж.Нансалмаа дуулж олны хүртээл болгосон “Хулан хонгор” дууны аяыг нэрт хөгжмийн зохиолч, найрал дууны удирдаач Г.Дарамзагд, шүлгийг МУСГЗ Д.Цэдэв зохиосон. Улмаар МУГЖ Ж.Нансалмаа гуайн шавь Л.Нарантуяа багшийнхаа зөвшөөрөлтэйгөөр дараа нь дуулсан байдаг.
Гэтэл өнгөрсөн сард тус уран бүтээлийг хуулбарлан дуулсан ардын дууч Д.Бурмаа, СТА дуучин Э.Мөнгөнчимэг нарын маргаан дэгдэж, олон нийтийн анхаарлыг татсан.Гэхдээ Д.Бурмаа, Э.Мөнгөнчимэг нарын зөвшөөрөл авсан эсэх тодорхойгүй. Тэгвэл хөгжмийн зохиолч Г.Дарамзагдын охин Оюун “Эрхэм дуучдын анхааралд. Д.Цэдэвийн үг, Г.Дарамзагдын ая “Хулан хонгор” дууг тодорхой шийдэл гартал ямар ч дуучин дуулахгүй байхыг мэдэгдье. Энэ шийдвэрийг зохиогчдын эрхийг хамгаалах байгууллага тун удахгүй гаргах юм байна. Таагүй мэдээлэл хийсэндээ уучлал хүсье. Та бүхэн уран бүтээлчдийн оюуны хөдөлмөрийг хүндэтгэн үзнэ гэдэгт найдаж байна. Энэ дууг зөвшөөрөлгүй дуулсан тохиолдол гарвал бичлэг хийж явуулна уу хэмээн хүсье” гэж мэдэгджээ.
Эдгээр дуучид нь зөвшөөрөл аваагүй тохиолдолд дуулах эрхгүй юм. Зохиогчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 13.3, 13.2-т “Онцгой эрхийг зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусад этгээд хэрэгжүүлэхийг хориглоно” гэж заажээ.
Харин зохиогчийн эрхийг хамгаалах тухайд “Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх нь зохиогчийн насан туршид болон нас барснаас хойш 50 дахь жилийн 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хүчин төгөлдөр байна” хэмээн хуульд тусгасан байна. Иймд “Хулан хонгор” дууг Оюуны өмчийн газрын зохиогчийн эрхийн мэдэээллийн санд бүртгэлтэй эсэхийг http://copyright.ipom.mn/ сайтаар шалгаж үзэхэд бүртгэлгүй байна. Тиймээс энэ дууг ямар нэг уран бүтээлч зөвшөөрөлгүйгээр дуулсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх үндэслэл үүсэхгүй байхаар байгаа бол одоо Оюуны өмч дээрхтэй холбоотой шийдвэрийг гаргах бололтой.