Сэлэнгийн Цагдаа, Мэргэжлийн хяналтын даргын хэргийг шүүх нь шийдвэрлэхгүй нь

0

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга асан, хурандаа А.Энхбат, Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Отгонхүү, өдгөө тус аймгийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж буй, өмнө нь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга байсан, дэд хурандаа С.Батжаргал, “Эко петролиум” ХХК-ийн захирал Г.Баттулга нарт холбогдох хэргийг Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэлгүй, хоёр дахь удаагаа прокурорт буцаалаа.

Уг нь Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах болон Улсын дээд шүүх өмгөөлөгч нарынх нь гаргасан гомдлыг үндэслэн хянаад анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон юм. Гэвч Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл өнгөрсөн пүрэв гарагт товлон хурлыг эхлүүлээд дахиад прокурорт буцаах захирамж гаргачихав. Дээр дурдсан шүүгдэгч нарт холбогдох хэргийг өмнө нь 2023 оны арванхоёрдугаар сарын 14-нд хэлэлцэн нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах захирамж гаргаад байсан юм. Тус шүүхийнхэн хууль, хяналтын байгууллагын дарга асан хүмүүсийнхээ хэргийг эцэслэн шийдвэрлэхгүй нь бололтой.

Магадгүй танил тал, аймгийн хуулийн байгууллагад нэг дор ажиллаж байсан зэрэг нь нөлөөлж, ашиг сонирхлын зөрчил үүсгэж байхыг ч үгүйсгэхгүй.

Тиймээс НПГ-ын хяналтын прокурорууд холбогдох байгууллагад хүсэлтээ хүргүүлж, харьяаллыг нь өөрчлүүлэхгүй бол авлига, албан тушаалын эл хэргийг шийдэхгүй нь. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн зорилт хангагдахгүй нь. Авлигын дагнасан шүүх байгуулж, уг хэргийг шийдвэрлэх гэсээр байтал хөөн хэлэлцэх хугацаа нь ч дуусна.

Дээр нэр дурдсан албан тушаалтнууд улсын орлого болгосон дэрвэгэр жиргэрүүг Г.Баттулга захиралтай “Эко петролиум” ХХК-д давуу байдал олгон худалдсан хэрэгт холбогдсон билээ.

Тодруулбал, “Эко петролиум” ХХК тухайн ургамлыг худалдан авах үнийн санал ирүүлээгүй байхад 2018 оны хоёрдугаар сарын 2-нд хууль бусаар шалгаруулуулж, тус аж ахуйн нэгжийн удирдлагад давуу байдал бий болгосон байдаг. Уг нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны долоодугаар сарын 9-ний А-282 дугаартай тушаалын хавсралтаар дэрэвгэр жиргэрүү ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг нэг кг-ыг нь 50 000 төгрөгөөр тогтоосон. Гэтэл дээрх хүмүүс тус компанид нэг кг-ыг нь 10 000 төгрөгөөр тооцон 4500 кг дэрвэгэр жиргэрүүг борлуулж, орон нутгийн төсөвт орох ёстой 225 сая төгрөгийг оруулалгүй, их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдсон юм. Өөрөөр хэлбэл, Цагдаагийн газрын дарга, хурандаа А.Энхбат, Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.Отгонхүү нар ажилтнуудынхаа хураасан дэрвэгэр жиргэрүүг хуулийг дагуу шийдвэрлэх ажлын хэсгийн гишүүн, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч А.Бямбадорж, тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа С.Батжаргал нарт нөлөөлж, дээрх компанийг тендерт шалгаруулсан байдаг.

А.Энхбат, Ж.Отгонхүү, С.Батжаргал, Г.Баттулга нарт НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсгийн албан тушаалаа урвуулан ашигласан гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдээд буй билээ.

Ташрамд дурдахад, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэлтэй холбоотой хоёр ч гомдлыг Шүүхийн сахилгын хорооныхон өнгөрсөн долоо хоногт хэлэлцэхээр товлоод байв. Түүний эсрэг шүүхийнх нь хоёр ч албан тушаалтан гомдол гаргаад буй. Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Одбаатарын гаргасан гомдлын дагуу сахилгын хэрэг үүсгэх, эсэхийг шийдвэрлэх хурлыг өнгөрсөн пүрэв гарагт товлосон ч хойшлуулсан байна.

Харин Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газрын эрх бүхий албан тушаалтан Ж.Төмөрсүхийн гаргасан гомдлын дагуу сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан байсныг хүчингүй болгож, дахин хянуулахаар Сахилгын хорооны илтгэгч гишүүнд нь буцаажээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *