ОРОСООР ДАМЖСАН ЕВРОП ХЭЛНИЙ ЗЭЭЛДМЭЛ НЭРС

0

Зарим үгний гарлыг тааварлахаас өөр аргагүй. Гагарин, товчлоод гааг, гаагаа гэж дотуур богино өмд, өөрөөр хэлбэл түрсийк. Энэ нь яах аргагүй орос хүний ориг нэр, бүр сансрын нисгэгч. Бодвол алдарт нисгэгчийн бага насны тухай жараад оны сурталчилгааны кино болон гэрэл зургаас сэдэн өмссөн богино өмдөөр нь нэрэлсэн болов уу? Гагариныг доромжлох гээгүй байхаа? Дээр үед түрийтэй гадаад гутлыг түрийтэй гэлгүй “савхин гутал”, дотоод үйлдвэрийнх бол “цагаан улт” гэдэг байлаа. Савхи гэдэг нь орос хэлний “сапоги” буюу түрийтэй гутал гэдгээс гаралтай аж. Хороом ч химийн элементийн нэр болохоос өнгөлж будсан савхи биш. Горшокийг горшоонк, ноцоосыг ноцоосог гэх мэтээр монгол дуудлага болгосон үг олон. Усны цоргыг “кран” гэсэн герман гаралтай үгээр нэрэлдэг ч, бодвол өргөгч цамхаг кранаас ялгахын тулд бололтой, “карант” гэж бид нэрэлдэг.


ОРОСООР ДАМЖСАН ЕВРОП ХЭЛНИЙ ЗЭЭЛДМЭЛ НЭРС

Үг зээлэх гол шалтгаан нь юмс, ухагдахууныг нэрлэх шаардлага, агуулгын хувьд ижил төстэй боловч өөр өөр ойлголтуудыг ялгах хэрэгцээ, дүрслэх хэллэгийг солих, нэг үгээр хэлбэл зээлэх нийгэм-сэтгэл зүйн учир шалтгаан, хүчин зүйл юм. Нийгмийн тодорхой хэсэг нь гадаад хэл дээрх үгийг илүү нэр хүндтэй “эрдэмтэнлэг”, “сайхан сонсогдож байна” гэж хүлээн зөвшөөрөх явдал ч бий. Гэсэн хэдий ч энэ нь тийм биш байж магадгүй. Хэл шинжлэл нь математик шиг нарийн шинжлэх ухаан биш тул эдгээр үгсийг бүлэг болгон хуваах нь нэлээд дур зоргоороо байдаг. Заримдаа тодорхой үг яагаад монгол хэл рүү орж ирснийг тайлбарлахад хэцүү байдаг. Юутай ч яагаад, хэрхэн, хэзээ гэдгээсээ ямар ч байсан үгсийн санд баттай нэвтэрсэн нь факт юм.

Үгийн гарвал зүй буюу этимолог нь хэл зүйтэй төдийгүй түүх болон газар зүйтэй нягт холбоотой. Орчин үед шинээр буй болсон ойлголт ухагдахууны шинэ нэршлийн гарвалыг олоход харьцангуй амархан. Гэтэл нэн эрт алив хэлэнд нэвтэрсэн зээлдмэл үгийн уг сурвалжийг олохын тулд нэр төстэй ганц хэлний үгээс хайх, олох нь нэн хангалтгүй. Энд түүх, газар зүйн байж болох холбоосыг сурвалжлахаас гадна өөр бусад хэлд хэрхэн хэлэгддэг, нэршил, хэл зүйн хувьд уул үгийн үндэс, морфем, синтатик, фонэтик, симасолог, морфолог, лексэм зэргийг харьцуулах шаардлага гардаг.

Үгийн гарвал зүй түүхтэй хэрхэн холбогдож байж ойлгогддог ганцхан жишээ хэлье. Шимээсэг бол урт иштэй хадуур. Ийм хадуураар зөвхөн өвс хаддаг болохоор мал аж ахуйтай л холбоотой. Оросоор “серп” гэдэг ишгүй, зөвхөн бариултай гар хадуур нь будаа тариа хадаж хураах зориулттай. “Шимээсэг” гэх үгийг анх буриадууд өөр хэлнээс зээлдэн монгол хэлэнд нэвтрүүлжээ. Гэтэл орос хэлэнд ийм үг байхгүй. Сайтар сурвалжилбал энэ нь орос хэлний “семейские” гэсэн үгнээс гарвалтай аж. Энэ нь “бүл”, “айл” гэсэн утгатай, өвс, будаа, тариа, хураах, хадах зэрэгтэй ямар ч холбоогүй. Хэргийн мөрөөр хөөвөл, 1793 онд Польш-Литви улсыг Герман, Австри, Орос гурав хуваан авч энэ орныг газрын зургаас арчсан юм. Үүнээс өмнө Польшийн нутгийг зүүн талаас нь хэмэлсэн оросууд иргэдийг нь Алс Дорнод, Байгал нуур орчимд цөлж байлаа. Тэднийг гадуурхан цөлөх гол шалтгаан нь, тэд үнэн алдарт шашинтан боловч раскольник гэгддэг тухайн үедээ Оросын шашинтай зөрчилдсөн бүлэглэлийн удмынхан аж. Мөн энэ үетэй давхцаад Алс Дорнодод эзлэн түрэмгийлэл хийн Байгал нуур, Амар мөрөн, Камчаткийн хойг, Охот гол зэрэгт газар нутгаа тэлж байсан Оросын эзэнт гүрэн Манж Чин улстай харгалдан муудалцах болжээ. Булааж авсан нутагтаа шинэ хил тогтоож, тэндээ суулгах тохьтой томоотой орос ба оросжсон айл хунар суулгах шаардлагатайгаас “Нэрчүүгийн шилжин суулгах нууц тогтоол” гэдгийг гаргав. 1689 оны Нэрчүүгийн гэрээ зөвхөн Байгал орчимд Орос-Хятадын хил тогтоосон ба дараагийн эзлэн түрэмгийлэлд шинэ хилийн зурвас тогтоох гэж ингэсэн хэрэг. Ингээд мөн булаан эзлэлтээр өөрт нь шилжин ирсэн литви, польш, украин, беларус айлуудыг Байгал нуур орчимд гэр бүлээр нь цөлжээ. Гэр орноороо алс хол цөлөгдсөн тэднийг “семейские” гэж нэрлэх болов. Буриадууд тэднээс урт иштэй хадуурыг нь зээлж хэрэглэх болсноор монгол хэлэнд “шимээсэг” гэдэг шинэ үг, шинэ ухагдахуун бий болсон байна. Тариа будаа тарьдаг баруун монголчууд ишгүй, гарт барих жижиг бариултай хадуурыг шимээсгээс ялгахын тулд “гар хадуур” гэх болов.

ХХ зуунд ялангуяа орос хэлнээс болон орос хэлээр дамжин монгол хэлэнд хэдэн мянган үг зээлдэгдэн нэвтэрсэн нь үүнээс өмнөх олон зуун жилийн гаднаас авсан зээлдмэл үгсийн нийт нийлбэрээс хавьгүй олон байна. Шинжлэх ухаан, техник технологийн үсрэнгүй дэвшил, үүнийг дагасан үй олон ухагдахуун, шинэ ойлголт, мөн дэлхий даяаршиж ирсэнтэй энэ нь шууд хамааралтай. Томат, помидор гэх үг алс холын Америк тивийн азтэк гаралтай боловч испани хэлээр дамжин өөр олон хэл дамнасаар оросоос монгол хэлэнд нэвтэрчээ. Иймэрхүү жишээ маш олон. 

Монголчууд Оростой хөршлөөд 300 орчим жил болж байгаа ч ХХ зуунаас өмнө орос хэлнээс нэвтэрсэн зээлдмэл үг тун цөөн байсан бололтой. Замаг (бууны), винтов, цөлхөөв (цельковый буюу орос нэг рубль), бэрдаан буу ч их хожмын зээлдмэл нэр бололтой. Богино хугацаанд хэдэн мянган үг оросоор дамжин нэвтэрсэн гэх мөртөө яг жинхэнэ орос хэлнийх гэхээрээ ердөө 200 орчим үг байх. Харин хамгийн олон нь латин гарвалтай мянга орчим үг байна. Цааш нь герег, англи, франц хэлнээс гарвалтай тус бүр 500, герман 200, мөн осман түрэг, нидерланд, санскрит, араб, перс угшилтай нэлээд байх жишээтэй.

Оросоос дамжсан ч бай дамжаагүй ч бай аль ч хэлний биш даун, маузэр, ом, бэлл, бэрдаан, ампер, кардаан, мамбасай, брайл гээд хүний нэр ч цөөнгүй. Жип, жинс ч аль нэг хэлний үг биш.

ОРОС

Зээлдмэл үгийн утга өөрчлөгддөг, хэллэг бичлэг нь өөр болдог, зээлдмэл гэдэг ч огт танигдахгүй монголждог жишээ олон. Жинхэнэ орос хэлнээс шууд орж ирсэн автийрк, адяал, акуурк, балмад, балиашиг, бартаар, ёлк, парампаашиг, запаас, молкоо, кисалдаа, маруужин, пүүшиг, оочир, палааж, пилээтэг, пиво, таавчиг, хярлаан, очкоов зэрэг нь орос бичлэгээр бичээгүй, дуудлагаар нь хэлдэггүй ч хэдийнээ монгол үг болжээ. Монгол хүн эдгээр үгсийг бичгээр харсан ч, чихээр сонссон ч юу гэсэн утгатайг нь эргэлзэхгүй ойлгоно. Орос үг гэдэг нь шууд мэдэгддэг ч баахан цээрлэх маягтай ханддаг дурак, чоорт, пизда бол хамгийн их хэрэглэгдэг нэршил. Хуйснаа, наахуу гээд өөр төстэй үг ч бий.

Зарим орос үг ижил утгатай боловч бүр нарийвчлан тусгааралсан утга агуулах болжээ. Герег хэлнээс авч история гэж оросжуулсан“түүх” гэсэн үгийг монголоор истоор гэдэг. Гэхдээ энэ нь зөвхөн “өвчний түүх бичлэг, жагсаалт” гэсэн утгатай. Монгол хэлний “молкоо” бол зүгээр сүү гэхээсээ өтгөрүүлсэн чихэртэй лаазалсан сүү. Пэрээзэр бол зүгээр переезд биш, зөвхөн төмөр зам хөндлөн нэвтрэх гарц. Кисалдаа бол зүгээр хүчил биш, ходооны хүчил, эсвэл мотоциклийн акумляторт ордог хүчил. Чех хэлнээс орж ирсэн пүүшиг бол их буу гэсэн утгатай биш, их бууны зурагтай орос тамхинаас үүдэлтэй, иштэй янжуур. Загас барихад ашигладаг урт, бат бөх нийлэг утсыг бид “сатурк” гэдэг ч тийм орос үг байхгүй. Хэргийн мөрөөр хөөвөл загасчлалын бүхий л төхөөрөмж үйлдвэрлэдэг Зөвлөлтийн Сатурн үйлдвэрийн нэр аж. Дүрүүжбаа бол цахилгаан хөрөө. Тоомсог бол монголоор сайн угсааны адууны үүлдэр, харин үгийн гарвал нь Зөвлөлтийн Томскийн морин заводын нэр. Рука гэж монгол үг бий, энэ нь хөлбөмбөг тоглож байхад хэн нэг нь бөмбөгөнд гар хүрэхийг хэлдэг.

Зарим үгний гарлыг тааварлахаас өөр аргагүй. Гагарин, товчлоод гааг, гаагаа гэж дотуур богино өмд, өөрөөр хэлбэл түрсийк. Энэ нь яах аргагүй орос хүний ориг нэр, бүр сансрын нисгэгч. Бодвол алдарт нисгэгчийн бага насны тухай жараад оны сурталчилгааны кино болон гэрэл зургаас сэдэн өмссөн богино өмдөөр нь нэрэлсэн болов уу? Гагариныг доромжлох гээгүй байхаа?

Дээр үед түрийтэй гадаад гутлыг түрийтэй гэлгүй “савхин гутал”, дотоод үйлдвэрийнх бол “цагаан улт” гэдэг байлаа. Савхи гэдэг нь орос хэлний “сапоги” буюу түрийтэй гутал гэдгээс гаралтай аж. Хороом ч химийн элементийн нэр болохоос өнгөлж будсан савхи биш. Горшокийг горшоонк, ноцоосыг ноцоосог гэх мэтээр монгол дуудлага болгосон үг олон. Усны цоргыг “кран” гэсэн герман гаралтай үгээр нэрэлдэг ч, бодвол өргөгч цамхаг кранаас ялгахын тулд бололтой, “карант” гэж бид нэрэлдэг. 

ЛАТИН

Латин гарвалтай үгс орос хэлэнд XVIII-XIX зуунаас олноор орж иржээ. Латин хэлний хамгийн ойрын төрөл нь франц, испани, итали, португал хэл юм. Чухам тэр үеэс Францын соёлын нөлөө Орост хүчтэй нэвтэрсэн аж. Симпозиум, стипенд, университет, автор, адрес, лекц, конспект, амаржий, семинар, ректор, профессор гээд үй олон латин үгс. Зээлдмэл латин үгс нь а) нийгэм улс төрийн: акц, депутат, диссидент, коррупц, президент, плюрализм; б) эдийн засгийн: дефицит, дотац, импорт, инфляц, капитал, компенсац, контракт; в) хууль эрх зүйн: анкет, азаартах, нотариот, статус; г) анагаахын: алерги, вирус, пульс, д) шинжлэх ухааны: аргумент, конструкц, консультац гэх мэтээр ангилдаг.

Иймээс латин сурвалжтай франц зээлдмэл үгс орос хэлд маш олон оржээ. Эдгээр франц гарвалтай үгсээс монгол хэдэнд 500 орчим үг орж ирэн монголжсон байна: амаржий, багаажбажинк, банаал, бандааш, бардак, бензин, билет, боржуур, бүүлчиг, вакцин, вампир, виз, гарааш, даам, донор, дооз,жижүүр,инжинер,кондом, литр,маарл,масааж, гонжоом, моод, польто, реклам, ресторан, саван,сосисог, сюрприз,такси,толоон, түжүүрк, түүз, пургон, шаанс, шантааж, шоок, эмооц, юбк…

ГЕРЕГ

Орос хэлний шашины гаралтай үг тэр чигээрээ герег гаралтай. Тэгсэн мөртөө православие гэх шашиныхаа нэрийг герег хэлнээс oρθόδοξος (orthodoxos) үгчлэн орчуулжээ. oρθόν (ortho, «үнэн, зөв»), δόξα (doxa, «үзэл»). Энийг нь монголчууд бас үгчлээд “Үнэн алдар” гэсэн байдаг. Слав хэлний анхны цагаан толгойг IX зуунд Кирил, Мифодэй нар зохиосонд бараг тэр чигээрээ герег үсэгнүүд. Орчин үеийн орос цагаан толгойд тэндээс олонх нь үлдсэн учир орос хүн францаар гэхээсээ герег бичиг илүүтэй үсэглээд уншчихана. 

Шинжлэх ухаан, урлагийн зээлдмэл үгс бараг тэр чигээрээ герег гаралтай: физик, геометр, математик, логик, философ, анатом, географ, трагед, комед, драм, симфон, симметр, фотограф. Анагаахын үгс ч ялгаагүй: аорт, бактер, кардилог, меланхолиг, стамотолог, хирург гэх мэт.Улс төрийн үгсийг мартаж болохгүй: демокрт, монарх, анарх, проблем, практик… Шинжлэх ухаан, техник технолог, урлагт бий болсон шинэ үзэгдэл, нээлт, ойлголт, ухагдахуун бий болуут эрдэмтэд герег хэлний жирийн үгийг авч нийлүүлэн шинэ нэршил зохиох дуртай байжээ. Жишээ нь галактик гэдэг нь герег хэлний κύκλος γαλαξίας (kýklos galaxiakós) буюу сүүн зам, Γαλα нь зүгээр л сүү гэсэн үг. Монголоор харин тэнгэрийн заадал гэдэг нь манай галактикийн оноосон нэр. 

Монгол хэлний “ном” гэсэн үг герег хэлний νόμος (nomos) – оос гаралтай хууль, номлол, сургааль гэсэн утгатай аж. Санскритаар “дарма”, төвдөөр “чой” гэсэн энэ үг яаж яваад герегээс монгол хэл рүү шингэсэн нь бүү мэд, магадгүй согд, перс хэлээр дамжсан байж болох. Их эртний орчуулгаар “бурханд мөргөе, номд мөргөе, багшид мөргөе” гэсэн уншлага сунаж мөргөх гэж ойлгогдсон бололтой, одоо хэвэлмэл ном хараад Гитлерийн Майн кампф ч байсан бөхийн духаа хүргэх болжээ. Духаа хүргэн мэхийн ёслох биш, дагах шүтэх бишрэх гэсэн утга агуулдаг учир санскрит “намо дарма” нь Буддын сургаалийг даган биширье гэсэн агуулгатай. Тэгээд ч гадуураа хавтаслан дэвтэрлэсэн хэвэлмэл ном Буддагаас хоёр мянган жилийн дараа бий болсон. Монгол хэлний “ном” гэсэн ойлголт нь герег хэлний хууль, дэг журам, сургааль гэсэнтэй утга таардгийг “номондоо орох”, “номоороо болох”, “номтой хүн” (хэвэлмэл ном олныг цуглуулсан хүн гэсэн утга үгүй), “номын дагуу” зэрэг хэллэгээс тод харагдана.

ГЕРМАН

250 жилийн өмнө герман гүнж Екатрина Оросын хатан хаан болсноор олон герман мэргэжилтнийг урьж авчиржээ. Тэд дагалдуулаад зөндөө герман ойлголт ухагдахууны герман нэршлийг авчирсан болохоор эдгээр зээлдмэл үгс орос хэлийгих баяжуулсан аж: абзац, бутерброд, галстук, китель, слесарь, шайб, шланг, шницель, туфль, ванн, маршрут, цех, шприц, штаб, штанг, вагон гээд маш олон. Харин орос хэлээр дамжаад монголд орж ирсэн 200 орчим герман зээлдмэл үг байна.

АНГЛИ

Ангичууд Ватикаанаас хобоогоо тасалж, өөрийн англикан шашинтай болсноос хойш католик орнууд англи хэлнээс үг зээлдэх дургүй болжээ. Гэтэл англи бол маш нээлттэй хэл, орчин тойрноос байтугай далайн хүчирхэг орон болсноосоо хойш ертөнцийн бараг бүх үндэстнээс огт “сэжиглэлгүй” үгс зээлдэн авснаар тун олон шинэ ухагдахуун, ойлголт хэлэндээ оруулж иржээ. Англи хэлний үгсийн сангийн бараг 80 хувь нь гадаад гаралтай англижсан зээлдмэл үгс гэж ч ярьдаг. Шинжлэх ухааны хувьд ч тэргүүлэх үндэстэн болсны хувьд шинэ нээлт ололтууддаа өөрийн төдийгүй франц, герег, латин угшилтай үгс зохиосон. XIX зуунаас АНУ хэмээх англи хэлтэй үндэстэн-улс хөгжин гарч ирсэнээр англи хэл дэлхийд улам ноёрхох хандлагатай болов.

Орос хэл нь нэлээд харьцангуй нээлттэй боловч, франц, герег, латин, герман хэлний нөлөөгөөр ХХ зуун хүртэл англи хэлнээс төдий л олон үг зээлдэж чадаагүй. Гэвч өнгөрсөн зуунаас Британи, АНУ-ын нөлөөгөөр англи зээлдмэл үг тийш цутгах болсон. Орос гэлтгүй, дэлхий даяараа англи хэлнээс үг зээлдэх боллоо. Монгол хэлэнд оросоор дамжилгүй англи үгс бүр ХХ зууны эхээр орж ирэх болсон: форд, поомп, маниул, булигаар, кэйс (Баргатай хил залгаа хатиган халхчууд жижиг хайрцгийг ингэж нэрэлдэг байж) корни (corner), хавсай (off side).

Оросоор дамжиж орж ирсэн англи зээлдмэл үгс: автобус, хулигаан, астаачир, түрсийк, бикаав, бокс, гамрит, гүүпэр, ватман, фонд спорт, танк, комбайн, нейлон, палмаастар, пиджак, раунд, серозни, свитэр, гээд зөндөө үг бий. Гэтэл ялангуяа сүүлийн 30-40 жилд оросоор дамжилгүй шууд англи хэлнээс орж ирсэн үгс: админ, айдэнтити, бизнис, шоу, блог, бойлор, бонд, хаус, эрсээпшн, шопинг, брокэр, брэнд, мээнэжмэнт, гэй, дрон, жип, мэйл, имиж, кондишнэр, продакшн, мисс, краш лол, орк… 

Англи хэлнээс орж ирж буй зээлдмэл үгсийг эдийн засгийн, улс төрийн, компютэр технологийн, спортын, мэргэжлийн, хөгжим соёлын, шинжлэх ухааны гэж бүдүүн тоймоор ангилж болмоор.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *