СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО АЗИЙН СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНЭЭР ХОЁР ЖИЛ АЖИЛЛАНА
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Азийн Сонгуулийн байгууллагуудын холбооны Удирдах зөвлөлд сонгогдож, 2024-2026 онд гишүүнээр ажиллахаар боллоо.
Азийн Сонгуулийн байгууллагуудын холбооны удирдах дээд байгууллага болох Ерөнхий ассамблейн чуулган энэ сарын 11-13-ны өдөр Тайваньд боллоо. Чуулганд Монгол Улс, Энэтхэг, Бангладеш, Индонез, БНСУ, Мальдив, Филиппин, Балба, Казахстан улс болон АНУ-д төвтэй Сонгуулийн системийн олон улсын хүрээлэнгийн төлөөлөгчид оролцов.
Нээлттэй, ил тод, бие даасан, шударга сонгууль зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, харилцан туршлага солилцох, сонгуультай холбоотой мэдээлэл, судалгаа явуулах зорилготой ажилладаг тус холбоонд Ази, Номхон далайн 20 гаруй орнууд гишүүнээр ажилладаг юм.
Ерөнхий Ассамблейн энэ удаагийн чуулганаар холбооны нарийн бичгийн дарга нарын газрыг байнга үйл ажиллагаа явуулахаар байгуулах, Орлогч дарга сонгох болон Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох зэрэг зохион байгуулалтын асуудлыг хэлэлцлээ. Улмаар Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороо, Бүгд Найрамдах Казахстан улсын Сонгуулийн төв комиссыг Холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонголоо. Түүнчлэн Холбооны Нарийн бичгийн дарга нарын газрыг Шинэ Дели хотхоо байгуулж, Бүгд Найрамдах Филлипин улсын Сонгуулийн комиссыг Орлогч даргаар сонгов.
Сонгуулийн ерөнхий хорооны Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир Удирдах зөвлөлийн гишүүний хувиар холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоо илэрхийллээ.
Азийн Сонгуулийн байгууллагуудын холбооны Ерөнхий ассамблейн чуулганы хүрээнд “Сонгуулийн шударга байдал, ташаа мэдээлэлд хариу өгөх нь” сэдэвт олон улсын семинар зохион байгуулсан бөгөөд оролцогчид сонгуулийн үеэр гардаг ташаа мэдээлэлд хэрхэн хариу өгдөг, ямар арга хэмжээ авдаг талаар туршлагаа хуваалцав.
Сонгуулийн ерөнхий хорооны Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир чуулганы үеэр Азийн Сонгуулийн байгууллагуудын холбооны дарга Чин Янг Литэй хоёр талын уулзалт хийж сонгууль зохион байгуулах, төлөвлөх, мэдээллийн бааз бүрдүүлэх, жендерийн талаарх эрх зүйн таатай нөхцөл бүрдүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцох, сургалт зохион байгуулах талаар ярилцав.