“Баавгай болохсон” киног Оскарын анхан шатны шалгаруулалтад сонгохоос Кино урлагийн зөвлөл татгалзжээ
Кино урлагийн зөвлөлөөс “Баавгай болохсон” киног Оскарын шагнал гардуулах ёслолын анхан шатны шалгаруулалтад сонгохоос татгалзжээ.
Энэ талаар тус киноны найруулагч П.Золжаргал, “Каннын кино наадмын албан ёсны уралдаанд хэсэгт Монгол улсаас анх удаагаа шалгараад, дэлхийн тойрч томоохон кино наадмуудад оролцож маш олон шагнал хүртээд, 10+ улсын кино театруудад албан ёсоор олон нийтэд хүрээд, Монголдоо хүртэл 2024 оны Box Office Топ 5-д жагссаар байхад “БААВГАЙ БОЛОХСОН” киног Монгол улс Оскарын шагнал гардуулах ёслолын анхан шатны шалгаруулалтад сонгохоос татгалзав. Тэгснээ энэ жил ямар ч кино явуулахгүй өнжих юм гэнээ.
Монголын Кино Урлагийн зөвлөлийн гишүүд та нар тайлбар өг. Та нарт ичгүүр гэж байна уу? Нэг их Монгол кино уран бүтээлчдээ дэмжих энээ тэрээ бөөн сургалт, энд тэндхийн зөндөө олон улсын киноны байгууллагад гишүүнээр элсэж хурал хуй болоод л … Ямар учиртай худал хуурмаг хоёр нүүр вэ” гэжээ.