Г.ТҮВШИН: ӨНГӨРСӨН ЖИЛ МЭДҮҮЛЭГЧ ГУЙГААД ШИВҮҮЛЭЭД ЯВАХ ШААРДЛАГА ГАРСАНГҮЙ
Г.ТҮВШИН: ӨНГӨРСӨН ЖИЛ МЭДҮҮЛЭГЧ ГУЙГААД ШИВҮҮЛЭЭД ЯВАХ ШААРДЛАГА ГАРСАНГҮЙ. GAALI.MN-Р ӨӨРӨӨ МЭДҮҮЛЖ, БАРААГАА ХҮЛЭЭЖ АВАХДАА Л ГААЛЬ ДЭЭР ОЧДОГ БОЛСОН
Гаалийн байгууллаас өнөөдөр “ЦАХИМ ГААЛЬ” өдөрлөгийг Улаанбаатар хот дахь гаалийн газар зохион байгуулж, 140 орчим иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон байна. Энэ үеэр “Арена компьютерс” ХХК-ны импортын менежер Г.Түвшинтэй уулзаж gaali.mn сайтын талаар цөөн хором ярилцлаа.
Танай компани гаальд цахимаар мэдүүлдэг үү? Gaali.mn сайтыг ашиглаж үзсэн үү?
Манай “Арена компьютерс” компани 16 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Би сүүлийн 4 гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг хариуцаж байна. Эхний 3 жилд гаалийн мэдүүлэгч, гаалийн зуучлагч байгууллагуудаар бүрдүүлэлтээ хийлгэдэг байсан. Мөн цар тахлаас болж тээвэр саатаж, ачаалал нэмэгдэж, хугацаа алдсанаас болж торгууль төлж зардал их гарсан. Гадаад худалдааны менежерүүдийн сургалтад сууж байхдаа гаальд цахимаар мэдүүлдэг системийн талаар анх олж мэдсэн. Тэгээд энд хотын гааль дээр ирж зөвлөгөө авч тоон гарын үсэг нээлгээд анх ашиглаж үзсэн. Өнгөрсөн оны зургаан сараас хойш gaali.mn -д өөрөө бараагаа мэдүүлж байна. Өнгөсөн жилийн зургаан сараас хойш 120 орчим мэдүүлгээр бараа бүтээгдэхүүн мэдүүлээд бараагаа авсан байна.
Цахимаар өөрөө мэдүүлэхийн ач холбогдол танай байгууллагад яаж мэдрэгдэж байгаа вэ?
Хамгын гол нь хугацаа. Мэдээлэл зөрөхгүй, зөрчил гаргахгүй, торгууль төлөхгүйгээр татвар мөнгөө ном журмын дагуу цахимаар төлөөд, зөвхөн бараагаа хүлээж авахдаа гааль дээр ирж байна. Заавал нэг хүнээр дамжуулаад байх шаардлагагүй. Өнгөрсөн жил Улаанбаатар хотын арав гаруй гаалийн хяналтын талбайруу хаяг харгалзахгүй бараа ирсэн. Тэр болгон дээр очоод мэдүүлэгч гуйгаад шивүүлээд явах шаардлага гарсангүй. Мэдүүлэх, бараагаа шалгуулж авах гээд өдөртөө огт амждаггүй байсан. Одоо ажил дээрээсээ бүхнийг амжуулж бараагаа авахдаа л гааль дээр очдог болсон. Хугацааны хувьд бүтэн нэг өдрийг хэмнэж байгаа юм. Хамгын том давуу тал нь энэ. Бас мэдүүлгийн зардал, мөнгөө хэмнэж байна.
Өөрөө мэдүүлж сурахад хүндрэлтэй байсан уу? Хөгжүүлэлт дээр хэрэглэгчийн хувьд санал хэлэх зүйл байгаа юу?
Гурван жил мэдүүлэгч нарын хажууд байж ажилласан болохоор ерөнхийдөө нэг баримжаа байсан л даа. Тэгээд gaali.mn-д өөрөө ороод үзсэн нарийн хэцүү юм нь байхгүй болоод, хялбаршуулсан байсан. Бүх цонхнууд нь ойлгомжтой байсан болохоор шивээд эхлэхэд амархан байсан. Зарим ойлгомжгүй санагдсан зүйлээ асууж зөвлөнө л дөө. Гаалийн талбайгаар үйлчлүүлж байгаа тохиолдолд нэгээс хоёр удаа алдаа гаргахад зөрчил гаргалаа гээд явчихдаг байсан бол цахимаар бүрдүүлж байхад зөрчил гэж хүлээж авахаасаа илүү залруулаарай гэж зөвлөөд явдаг нь их таалагдсан.
Одоо манайх импортын бүрдүүлэлт хийхээсээ гадна экспортын бүрдүүлэлт хийх талаар судлах зорилгоор өнөөдрийн өдөрлөг дээр ирээд сонирхоод явж байна. Бас гаалийн итгэмжлэлийг авах боломжтой юу, ямар төрлийн үйлчилгээ байдаг юм бол гээд л… зөвлөгөө авахаар ирсэн байна.