Ногоон байгууламжийн арчилгааг 135 га талбайд хийнэ

0

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас долоо хоног бүрийн баасан гарагт хийж, хэрэгжүүлсэн болон цаашид хийхээр төлөвлөж буй ажлууд, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч буй. Тэгвэл өнөөдөр инженерийн байгууламж, ногоон байгууламжийн арчилгаа болон цэвэрлэгээний аяны талаар мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Хот тохижилтын газар 48 байршлын 46 га, аж ахуйн нэгж, байгууллагууд 88 байршлын 89 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа хийнэ. Есөн дүүргийн ногоон байгууламжийн арчилгааны 25 багц ажлын сонгон шалгаруулалтыг зарласан. Ногоон байгууламжийн арчилгааны ажлыг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, есөн дүүргийн ОНӨААТҮГ, хувийн хэвшлийн цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нийт 400-450 цэцэрлэгчин хийж байна. Олон улсын жишигт нэг цэцэрлэгчид ногдох талбайн хэмжээ 0.2 га газар байдаг. Цаашид энэ хэмжээнд хүргэхэд анхаарч ажиллах бөгөөд одоо арчилж байгаа талбайн хэмжээтэй уялдуулахад 650-700 цэцэрлэгчин шаардлагатай байна. Ногоон байгууламжийн арчилгааг дөрвөөс арваннэгдүгээр  сард хийж байгаа. Цаашид ногоон байгууламжийн арчилгааг өвлийн улиралд хийх, мэргэшсэн ажилчдыг тогтвортой ажиллуулах, байнгын ажлын байраар хангах шаардлага тулгарч байна” хэмээв.

Нийслэлийн  414.2 мянган өрхийн  50.2 хувь нь 16.5 мянга орчим га талбайг хамарсан гэр хорооллын бүсэд амьдарч буй. Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоо чухал.  2016-2022 оны хооронд Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2.4 ам метрээс 5.1 ам метрт хүрсэн. Хэдийгээр хот богино хугацаанд ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн ч нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг олон улсын жишигт хүргэх шаардлагатай байгаа юм. Иймээс УБЗАА-наас гэр хорооллын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор иргэд өөрсдийн хөрөнгөөр хашаандаа мод сөөг тарьж ургуулахад олгох мөнгөн урамшууллын журмын төслийг боловсруулаад байна.

Сургууль, цэцэрлэгийн гадна орчинд цэвэрлэгээ хийнэ

“Хотоо угаая” аян гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Аяны хүрээнд энэ долоо хоногт автобусны 242 буудал, 425 хаяг, хаягийн байгууламжид угаалга цэвэрлэгээ хийжээ. Мөн өнжмөл өвсийг цэвэрлэх, хайс, хашлага будах, модны угаалга, усалгааг хийж эхэлсэн байна. Ирэх долоо хоногт их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн гадна орчинд угаалга, цэвэрлэгээ хийх юм. Иймд сургууль, цэцэрлэгийн ажилтан, албан хаагчдыг цэвэрлэгээний ажилд идэвхтэй оролцохыг хүслээ.

Нөөцийн мах худалдаалах дэлгүүрийн тоог нэмлээ

Нөөцийн махыг гуравдугаар сарын 15-наас есөн дүүргийн 431 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн. Нөөцийн махны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор гуравдугаар сарын 27-ноос 50 сүлжээ дэлгүүрийг нэмж, 481 цэгээр борлуулж байна. Нөөцийн мах худалдан борлуулалтад Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Татварын газар, дүүргүүдийн ЗДТГ газартай хамтран тогтмол хяналт тавьж байгаа юм.

Мөн стандартын шаардлага хангахгүй болон зөвшөөрөлгүй байрлуулсан хаяг, хаягийн байгууламжийг цэгцлэх, буулгах ажлыг гуравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 15-ны өдрүүдэд хоёр үе шаттай зохион байгуулж байна. Энэ долоо хоногт зөвшөөрөлгүй, шаардлага хангахгүй 1259 байгууламжийг буулгаж, 2851 мэдэгдэл хүргүүлжээ.

Дулааны 28.1 км гол шугам сүлжээг өргөтгөн, засварлана

Инженерийн байгууламжийн засвар, үйлчилгээний талаар УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Балдандорж мэдээлэл өглөө. Тэрбээр:

-Нийслэлийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, зуны их болон урсгал засвар, хөрөнгө оруулалтын ажлын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж байна. Энэ хүрээнд нийт 29 байгууллагаас төсөл, арга хэмжээний саналыг хүлээн авахаас одоогийн байдлаар 24 байгууллагаас 615 төсөл, арга хэмжээний санал ирсэн. Тухайлбал, 19 байршилд 28.1 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөн, засварлах юм. Үүнд, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр гурван байршилд гурван км, Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр найман байршилд 15.7 км, улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар гурван байршилд 7.4 км, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн өөрийн хөрөнгө оруулалтаар таван байршилд дулааны шугам сүлжээг шинэчлэн засварлана. Мөн АНУ-ын Мянганы сорилтын сангийн буцалтгүй тусламжаар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийн ус гүн цэвэршүүлэх үйлдвэр, Азийн хөгжлийн банкны  хөрөнгө оруулалтаар Зүүн хойд, Тасган, хорооллын усан сангуудыг холбох гол магистраль шугамын ажлыг хийх юм. Түүнчлэн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажил тавдугаар сарын 1-нээс эхэлнэ. Зуны улиралд хийж буй эдгээр засвар шинэчлэлийн ажлын хүрээнд иргэдийн халуун усыг хязгаарлах шаардлага үүсдэг. Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад сүүлийн 20-30 жилийн хугацаанд дэд бүтцийн чиглэлээр буюу шугам сүлжээний томоохон шинэчлэлийн ажил хийгээгүй. Жишээлбэл, Багшийн дээдийн уулзвараас Бага тойруугийн хойд хэсгээр тойроод, Цэцэг төв хүртэлх дулааны шугам нь 26  жилийн настай. Дан ганц дулааны шугам сүлжээ гэлтгүй цахилгаан эрчим хүч, ус суваг гэх мэтчилэн дийлэнх дэд бүтцийн эх үүсвэрийн ачаалал хэтэрсэн. Тиймээс эдийн засгийн нөхцөл байдалдаа тааруулаад жил бүр бага хэмжээгээр засвар, шинэчлэлийн ажил хийх шаардлага үүсдэг гэдгийг иргэд ойлгож, хүлээн аваасай гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *