Д.Энхжаргал самбар хадаж дрож дэвсэж орой өөрийг нь хүргэж өгдөг дүүдээ ШУТСангаас цалин өгдөг байжээ
Шинжлэх ухаан технологийн санг 2016-2019 онд удирдаж байсан Д.Энхжаргалын хэрэг удтал дуншсаны эцэст саяхан шүүхээр шийдвэрлэгдлээ. Экс захирал хатагтай өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ШУТСанд “орон тооны бус зөвлөл” гэх бүтцийг нэмж батлан, улмаар “орон тооны бус зөвлөлийн гишүүд, гэрээт ажилтныг томилох тухай” тушаал гарган Б.Амарсайхан, С.Будням, Г.Дугаржав, Б.Батбуян, Д.Пүрэвдаавуу нарыг гишүүдээр томилж, давуу байдал бий болгон, 2017 оны 07 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарын хооронд Б.Амарсайханд 2.019.886 төгрөгийг, С.Буднямд 1.992.026 төгрөгийг, Г.Дугаржавд 2.019.704 төгрөгийг, Б.Батбуянд 2.007.712 төгрөгийг, Д.Пүрэвдаавууд 1.979.852 төгрөгийг буюу нийт 10.019.180 төгрөгийн цалин, тэтгэмжийг ямар ажил үүрэг гүйцэтгэсэн нь тодорхойгүй, хийж хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэл, тодорхойлолт, үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээгүйгээр олгосон, мөн өөрийн төрсөн дүү Д. Амгалан-Энхийг Дамирангийн Амгалан-Энх нэрээр хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнээр томилж, Д.Амгалан-Энхэд 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 3.001.356 төгрөгийн цалинг хөдөлмөрийн гэрээгүй, тодорхой ажил үүрэг гүйцэтгээгүй байхад олгосон зэрэг хэрэгт яллагдсан. .
“Орон тооны бус зөвлөл”-ийн “гишүүд” ийн мэдүүлжээ.
С.Буднямын өгсөн “…Энэ бол маргаантай асуудал. Шүүх юу гэх юм байгаа юм. Мөн Д.Э. нь өөрөө энэ олгосон мөнгөө бид нарыг хариуцах ёстой гэж хэлж байгаа юм уу? Шүүхийн шийдвэр гарвал бид энэ мөнгийг төлөхөд бэлэн байна. Би бол ОХУ-ын талтай холбоо тогтоож өгч байсан, зөвлөгөө өгч байсан, түүний төлөө надад урамшуулал гэж мөнгө өгч байсан. Энэ олгосон мөнгөө цаанаа ямар шийдвэр гаргаж өгч байсан, мөн ямар хууль зөрчсөн гэдгийг нь бид мэдэхгүй…”
Б.Батбуянгийн өгсөн “…Би 1.353.469 төгрөгийг хариуцах ёстой гэдгээ ойлголоо…”
Б.Амарсайханы өгсөн “…Намайг Д.Э. туслаад өгөөрэй гэж байсан. Би мөнгө авъя гэж хэлээгүй, та нарын ажлын хөлс гээд л өгч байсан…”
Д.Пүрэвдаавуугийн өгсөн “…Би шинжлэх ухаан, технологийн сан болон Д.Э-д ямар нэгэн ажил гүйцэтгэж өгөөгүй, би дээрх мөнгийг нь хувьдаа зарцуулаад дууссан…”
Харин дүү нь өөрийн ажлын байрны “тодорхойлолт”-оо ийн мэдүүлжээ. Гэхдээ эгч нь “хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн” дүүгээрээ арай л дорд ажил хийлгэж байжээ.
“… Эгчдээ туслах гээд сан дээр хийж болох бүх л зүйлийг хийж байсан. Би эрэгтэй хүний хийж болох бүх л юмыг хийсэн, самбар хадсан, дрож дэвсэх гэх мэт аж ахуйн ажлуудыг ч хийсэн. Орой эгчийгээ хүргэж өгдөг байсан. Төрсөн эгч маань энэ байгууллагыг хөл дээр нь босгох гээд нүдэн дээр ядраад байхаар нь тусалсан юм…”
Шүүх Д.Энхжаргалыг үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцож 12 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хасжээ.