Яагаад МАН “Нүүрсээр мөнгө угаагчид”-ыг Өмнөговьд илгээдэг вэ?

0

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль буюу бидний хэлж дассанаар орон нутгийн сонгуулийн санал хураалт эхлэхэд бэлэн болоод байна. УИХ-ын сонгууль анх удаа бүсчилсэн гэх өргөн хүрээнд болж өнгөрсөн, энэ хэрээр орон нутгийн сонгуулийн үр дүн иргэд, сонгогчид та бидний амьдралд бүр ч илүү ойр цор ганц сонгууль учраас ач холбогдол нь тод томруун болж ирлээ. Харин тэрхүү шийдвэр гаргах орон зайд хэн очих вэ? Тухайн нам, эвслээс хэнийг гол дүрээ болгож илгээж байгаагаас үүнийг тодорхой харж болно. “Даанч дээ” гэмээр илгээлт бас байна аа. Үүний нэг нь Өмнөговь аймагт МАН-аас нэр дэвшигчдийн жишээ. Нүүрсний хулгайн хэрэгт “яллагдагч”-аар татагдсан Н.Наранбаатарыг нэр дэвшүүлээд УИХ-ын гишүүн болгосон МАН орон нутгийн сонгуульд Л.Энхболд, Х.Мандахбаяр нарыг нэр дэвшүүлж байна. Өмнөговь нутгийн өргөн уудам газар нутгаас яаж олохоороо энэ айхавтар эдийн шуналтнуудыг олж “Сонго” гэж өгч чадаж байна аа! Сонгогчид төрийн албаар ашиг олж, сэтгүүлзүйгээр шантааж хийж хөрөнгөжихийг хувиараа бизнес эрхлэгчээс ялгаж чаддаг болсон.

Х.Мандахбаярт хууртсан иргэдийн хохирлыг МАН хариуцах уу?

Х.Мандахбаяр нь аймгийн Засаг дарга болно, тэгээд хохирогчдынхоо хохирлыг барагдуулна гээд аман сурталчилгаа хийгээд явах юм. Аймгийн Засаг даргыг хуулиараа аймгийн ИТХ-аас томилдог биш билүү? Өнөөдрийн байдлаар, 100 гаруй иргэн “Гранд маршал” хотхонд пентхаустай болох мөрөөдлөөр “Зиндаа констракшн”-тай гэрээ байгуулаад захиалсан орон сууцандаа орж чадахгүй байна. Энэ мөрөөдөл сэдлийг төрүүлсэн жүжигчин Т.Бархүү, И.Одончимэг, нэвтрүүлэгч Д.Одзаяа нарын сурталчилгаанд итгэсэн. Одоо тэдэнд хандахаар “бид ч бас хохирогч” гэдэг. Үнэхээр тэд хохирогч юм бол олон зуун сая төгрөгийн хохирол амссан хохирогчидтой нэгдэж, хуурч мөнгийг нь авсан этгээдүүдийг илрүүлэхийн төлөө хамтрах ёстой. Тэгэхгүй бол хамжигч, хамтрагч гэж үзэхээс өөр аргагүй” хэмээн тэдэнд гомдож явдаг юм билээ. Хохирогчид дор хаяж 290 саяас дээш төгрөгийг бэлэн мөнгөөр болон дансаар шилжүүлсэн, тус бүр захиалгын гэрээтэй. Гэвч барилгын ажлыг дуусгаж пентхаустаа орж амьдарна гэсэн мөрөөдлөөр гурван жил гаруйн хугацаа өнгөрчээ. Ковидын үеийн бэрхшээлийг бол тэд ойлгож уучилдаг. Өнгөрсөн хугацаанд хохирогчид Х.Мандахбаяртай удаа дараа уулзсан боловч сайхан хөөрөглөж мэндлээд сонгуульд ялчихвал хохирлыг барагдуулна гэдэг аж. Хангалттай баримт, гэрчтэй боловч тэднийг дурьдаж хохирсон дээр нь хохироохыг хүссэнгүй, шүүх дээр бол нотлох бүрэн баримт бий. Энд зөвхөн “Гранд маршал”-ын хохирогчдын талаар бичлээ. Цаана нь Өмнөговьд барьж буй хотхон болон “Хайрын төгөл”-ийн дутуу барьсан барилгууд Х.Мандахбаярыг хүлээж байна. Гэтэл Х.Мандахбаяр яагаад сонгуульд ялж байж өгнө гээд байна вэ? Яагаад Засаг дарга болно гэж яриад байна вэ? Засаг дарга болчихоор яаж мөнгө олдог болоод ийм их хэмжээний хохирлыг барагдуулах, эсвэл тэдгээр барилгыг дуусгана гэж ойлгох вэ? Орон нутгийн сонгууль бол улстөрч болон хууль тогтоогч болохын өмнөх том даваа, чухал шат алхам яах аргагүй мөн. Тэгвэл эрх мэдэлд хүрэхийн зэрэгцээ их мөнгө олдог, эсвэл хуулийн хариуцлага хүлээхээс хамгаалах “улс төрийн хамгаалалт” гэдгийг тэр дээрх үг, үйлдлүүдээрээ нотолж байна. Эсвэл түүнийг нэр дэвшүүлсэн МАН Х.Мандахбаярт хууртаж мөнгөө өгсөн хохирогчдын хохирлыг барагдуулах юм уу? Яагаад Х.Мандахбаяр Засаг дарга болно гэдэгтээ итгэлтэй байна вэ? Яагаад МАН Өмнөговьд “нүүрсээр мөнгө угаагчдыг” илгээдэг вэ? Үгүй бол ийм нэр дэвшигчийг Өмнөговийнхонд илгээснээрээ тус аймгийн иргэд, сонгогчдыг доромжилж буй хэрэг.

МАН-аас нэр дэвшигчдийн бас нэг нь Л.Энхболд. УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс Монгол” төрийн өмчит компанийн тэргүүн дэд захирал байсан гэдгээр нь олон нийт мэднэ. Улаанбаатар зочид буудалд харуул манаачаар ажиллаж байсан энэ хүн хэний дэмжлэгээр хууль тогтоогч болтлоо өсөж дэвжсэнээ санадаг болов уу? Нам харгалзахгүй, Өмнөговь нутгийнхнаа л гэдэг тэр нэгэн “том ах”-ын абшиг хишгээр өнөөдөр тэрбээр “том ахаас ч том ах” болжээ.

Л.Энхболд зөвхөн “ЖДҮ-чин” биш!

Гэтэл Л.Энхболд гэж хэнсэн билээ. Тэр зөвхөн “ЖДҮчин” биш билээ. “Эрдэнэс Монгол”-ын дэд захиралаар “гэтэж” яваа Л.Энхболдын дараагийн зээл нь Бичил санхүүгийн хөгжлийг дэмжих сан. Энэ санг анх Дэлхийн банк, Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлсэн “Тогтвортой амьжиргаа” төслийн хүрээнд 2002 онд байгуулсан байдаг. Хөдөөгийн болон санхүүгийн үйлчилгээ  хязгаарлагдмал газруудад оршин сууж буй иргэдийг тогтвортой санхүүгийн үйлчилгээнд хамруулан улмаар хүрээг нь өргөтгөж, тэдэнд үзүүлэх санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилго бүхий Бичил санхүүгийн хөгжлийн сан манай улсад байгуулагдаад олон жил болж байна. Энэ сангаас бичил санхүүгийн хөгжлийг дэмжих зорилгоор арилжааны банкуудад гурван тэрбум, банк бус санхүүгийн байгууллагууллагад нэг тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилтийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 10 хувийн хүүтэйгээр /сүүлд нэмэгдсэнээр/ олгодог байсан юм билээ. МАН-ын олон ч “ББСБ-тай, ломбардтай нууц ноёнтнууд энэ сангаар VIP үйлчлүүлсэн дээ. Л.Энхболд тэдний л нэг. Гэм нь шаардлага хангаагүй байсан ч утсаар ярьж дарамталж байгаад авчихдаг байсан ноён зан түүнд ч байв. Л.Энхболдын хувьд одоо ч түүний ХОМ-т бичээстэй “Ирээдүй Инвест” ББСБ тус сангаас удаа дараа зээл олгогдож, төлөгдсөн байдаг. Хамгийн сүүлд 2016 оны сүүлчээр 400 сая төгрөгийн зээл авсан байдгаас Бичил санхүүгийн хөгжлийг дэмжих сан татан буугдсан 2020 оны дөрөвдүгээр сарын байдлаар 240 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэйгээр уг сан Сангийн яамны мэдэлд шилжсэн байдаг. Төлөгдсөн гэж найдъя. Сонирхолтой нь “Ирээдүй инвест” ББСБ-д хувь нийлүүлэгчдийн бүртгэлд Л.Энхболдоос гадна “Тэмүүжин хүнс” ХХК гэж бүртгэсэн байдаг. Харин “Тэмүүжин хүнс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал нь Shih Pei Chih гэж бүртгэгджээ. Ийм овсгоотой, омогтой, үүгээрээ л “төр бизнес хийдэг” ухаанаас хожиж яваа нэгэн бол Л.Энхболд билээ. Мөн түүний төрсөн ах Л.Нэргүй нь Татварын ерөнхий газарт Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажилладаг төдийгүй түүнтэй хамаарал бүхий “ургийн мод”-ыг зурвал бас хөөрхөн бут ургачихна. Түүнчлэн түүний болон НАМЗХ-ны Л.Батсүрэн нарын хамаарал бүхий нэр бүхий компаниуд болон Андлалын хөшөөг барьж байсан “Хос санаа” компанийн дансаар удаа дараа орлого, зарлагын гүйлгээ хийсэн баримтууд бий. Дөнгөж барьж эхэлж буй хөшөөний бүтээн байгуулалт руу орсон тэр мөнгө уул уурхайн эсвэл газар тариалангийн компани руу орж гараад байсан нь анхаарал татдаг. Л.Батсүрэн Л.Энхболд нарыг энэ асуудлаар шалгах өдөр ирнэ. Шалгахгүй бол шалгуулах эрх иргэд, сэтгүүлчдэд байдаг юм шүү.

“Нүүрсний хулгай”-н хэрэг Өмнөговийн улстөрчдийн “брэнд” биш байлтай


Л.Энхболдод холбогдох дараагийн хэрэг нь түүнийг зөвхөн “Ждүчин” биш гэдгийг нотолно. Өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор “Х” тайлантай байсан автомашинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-гийн компанийг иргэн Ч-ийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн “Дэлгэр говь” компаниар төсөл бичүүлэн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн албан тоотыг тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт ирүүлсэн байдаг. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг 2018 оны 5 дугаар сарын14-ний А/88 тоот тушаалаараа ЖДҮХС-аас “Хас говь транс” хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгохдоо албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгоход хамтран оролцсон нь нотлогдсон. Иргэн Ч гэдэг нь гишүүний туслах нь байсан, одоо хариуцлага хүлээж үлдсэн өрөвдөлтэй нэгэн боловч хулгайчууд төрд хамсаатантайгаа очдогийг л харуулсаны нэг жишээ.  2020 оны тавдугаар сард, Нийслэлийн прокурорын газраас Л.Энхболд тэргүүтэй тэр үеийн парламентын гурван гишүүнийг нэр заан “Албадан ирүүлэх тухай” шүүгчийн захирамж гаргасан байдаг. Уг захирамжийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүх хүлээн авч 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хянаад “Яллагдагч болон түүний өмгөөлөгч, гэр бүлийн 18 насанд хүрсэн гишүүнд мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн эсэх нь баримтаар тогтоогдоогүй” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Өөрөөр хэлбэл шүүх “Л.Энхболд яллагдагч мөн. Харин албадан ирүүлэх хүсэлтэд дурдсан “Удаа дараа мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй” гэх үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдоогүй” тул захирамжийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байна” гэж шийдвэрлэжээ. Энэ бол Л.Энхболд цагаатгагдсан гэсэн үг биш. “Дуудахад нь битгий оч” гэсэн зөрчилтэй зөвлөгөөний үр дагавар. Харин дараахан нь тэрбээр “Эрдэнэс Монгол” төрийн өмчит компанийн тэргүүн дэд захирлаар томилогдсон. МАН ийм л “хүний нөөц” гэх “хулгайчийн нөөцтэй”. Улсын Ерөнхий Прокурор асан М.Энх-Амгалан 2019 оны 1 дүгээр сарын 19-нд “ЖДҮХС-ийн хэрэг гэмт хэрэг мөн үү гэвэл мөн. Бүгд яллагдагчаар татагдсан. Л.Энхболд хамаарал бүхий этгээдээрээ ЖДҮХС-гаас зээл авахуулж өөрийнхөө банкны зээлийг төлүүлсэн. Энэ гэмт хэрэг биш үү?” гэснийг хурлын  протоколоос болон тэр үеийн хэвлэлүүдээс хараарай! М.Энх-Амгаланг УЕП-оос “зайлуулагдсан” ч Л.Энхболдоос гэмт хэрэг зайлчихаагүй юм шүү.

“Том ах”-аас том “дээрэмчид” говь сайхан нутгийг гоё болгож чадах уу

Одоо дээрх залуусын үг хэл, үйл байдлыг харахад ойрд цахим хуудсуудаар үзүүлээд буй “том ах” гэгч ч тэдний дэргэд “жаалхүү” мэт санагдана. Муухай ч үг биш л дээ. Нутаг орныхоо нөмөр нөөлөг болсон, хөдөлмөр бүтээлийнхээ үр дүнд хувийн бизнес нь дэгжин дээшилж явдаг тийм “том ах нар” нутаг орон бүрт байдаг биз.
Хэрэв дээрх хоёр залуу хувийн ашиг хонжоогоо хойш тавьж намын харьяаллаас үүдсэн улстөржилтөө тэвчиж нутгийн ард олныхоо төлөө, хөгжлийн төлөө зүтгэсэн бол ихийг хийж бүтээх боломжтой байсан. Тус аймагт хэрэгждэг маш олон төсөл хөтөлбөрт өнөөдөр яагаад нутгийн иргэд хамрагдаж, оролцож, ажлын байраар хангагдаж сайхан амьдрахын оронд гадны улс орны эсвэл бусад нутаг орныхон ирж баяжиж хөлжчихөөд яваад өгдөг юм бол? Энэ бол нутгийнхаа зон олны төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр ажиллаж чадаагүй, нутгийн ард иргэдээ зөвхөн “сонгогч” гэдэг нүдээр харж хагалан бутаргасаар ирсэн та нарын буруу үйлдлийн үр мөн.


Энэ бүхнийг түр завсарлаад Өмнөговийн сонгогчдыг мэхийн хүндэтгэж зөвлөхөд УИХ-ын сонгуульд МАН-2, АН-5 гишүүнд итгэл үзүүлсэнд гүнээ талархаж явдаг. Гэсэн хэдий ч нүүрсний хулгайн гэх хэрэгт яллагдагчаар татагдсан Н.Наранбаатар сонгуульд ялсан нь танай нутгийн сонгогчдыг даапаалсан л хэрэг байлаа. Нам нь том үед яллагдагч нь хүртэл хууль тогтоогч болдог юмсанж. Түүнийг Засаг даргаар ажиллаж байхад төсвийн зарцуулалтад яаж ханддаг байсан болон тухайн үеийн  Ханбогд сумын Засаг дарга Ш.Эрдэнэжаргал нар хууль бусаар газар эзэмшүүлэх асуудалд хэрхэн холбогдож байсныг нутгийн зон олон мартаагүй байх. Өмнөговьчууд АН-ынхныг дэмжсэнээ бататгаж дөрвөн жилийн дараа бүтэн хариуцлага хүлээлгээд үзвэл сайнсан. Говь сайхан нутаг гоё сайхан хөгжих болтугай. Баялаг нь нутагтаа үлддэггүй юм аа гэхэд иргэд нь нигүүлсэнгүй сайхан сэтгэл, эв нэгдэл, хөдөлмөрч чанараа “капитал” хэвээр нь авч үлдээсэй гэж ерөөе.

Эх сурвалж: Newspress.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *