Л.Энх-Амгалан: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийг ЗГ-ын өмнөөс би гаргаад “попорчихсон“ юм биш

0

УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалантай ярилцлаа.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэх шийдвэрийг ЗГ биш Үндэсний хороо гаргадаг зохицуулалттай

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /ХХДХ/ 2025 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 792 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх Үндэсний хорооны шийдвэр гарсан. Ямар судалгаануудыг үндэслэж ийм шийдвэр гаргах болсон юм бэ?

-ХХДХ-г шинэчлэх таван үндэслэл бий. Хүн амын амьжиргааны доод түвшинд өөрчлөлт орох үед. Хоёрдугаарт, хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалингийн зохистой харьцаанд өөрчлөлт орсон тохиолдолд шинэчилж болдог. Мөн НДС-аас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ хөдөлсөн тохиолдолд. Дөрөвдүгээрт, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдлийн түвшинг харгалзан үзнэ. Эцэст нь инфляцын түвшинтэй уялдуулж шинэчилдэг зохицуулалттай.

Бид ирэх оны эдийн засгийн өсөлтийг 6-8 хувь байна гэж төлөвлөж байна. Инфляцыг 6-6.5 хувьтай байна гэж тооцоолж буй. Инфляцын түвшинтэй уялдуулж цалин, тэтгэврийн хэмжээг зургаан хувиар нэмэгдүүлэхээр болсон. Цалин, тэтгэвэр нэмэгдэж байгаа учраас өрхийн орлого тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн үг. Эдгээр нөхцөл байдлуудыг авч үзэж ХХДХ-г 20 хувиар нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрсэн.

Салбарын сайд нь гарч ирээд “попорчихсон” юм шиг зүйл ярьснаа Шадар сайд С.Амарсайхан өөрөө залруулах байх

-Ирэх оны төсвийн төслийг ЗГ-аас УИХ-д өргөн барьчихсан хойно ХХДХ-г нэмэгдүүлэх шийдвэр гаргаж байгаа нь эргээд төсөвт дарамт үүсгэх юм биш үү?

-Төрөөс ЭМДШ-ийг нь төлдөг хүмүүсийн шимтгэлтэй холбоотойгоор бага хэмжээний зардал үүснэ. Гэхдээ энэ бол төсөвт үзүүлж байгаа дарамт огт биш. Тийм их ачаалал ч үүсэхгүй.

Цаашдаа бид бага цалин хөлснийхөө асуудлыг цэгцлэхгүй бол ажиллах хүч Солонгос явдаг. Эсвэл самарт явдаг болж хувираад байгаа шүү дээ. Нөгөө талаас цалин хөлс нэмэгдүүлэхтэй уялдаад бүтээмж яригдах ёстой.

Монгол Улсад өндөр бүтээмжтэй, өндөр цалин авч байгаа гуравхан салбар байна. Нэгдүгээрт уул, уурхайн салбар, банкны салбар, мэдээлэл технологийн салбарт ажиллаж байгаа хүмүүс байна. Гэтэл бусад салбарт ажиллаж байгаа хүмүүс бага цалин авч байгаа. Цаашид бид цалингийн доод хэмжээгээ 1000 ам.долларт хүргэж байж, хөдөлмөрийн бүтээмжийн асуудлыг ярих ёстой гэж хардаг. Нөгөө талаас гадагшаа гарч байгаа ажиллах хүчин Монголдоо үлдэх нөхцөл нь бүрдэх ёстой.

Ирэх дөрвөн жилд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.доллар болгохоор Засгийн газар зорилт тавиад буй. Үүний цаана ямар бодлого явж байна гэхээр цалин, хөлсийг хамгийн доод хэмжээндээ 1000 ам.долларт хүргэх шаардлагатай байна гэсэн үг.

Үүнээс гадна бидний анзаардаггүй нэг үзүүлэлт бол ДНБ-д бодит цалингийн эзлэх хувь, хэмжээ бага юм билээ. Үндсэндээ 30 хувийг л эзэлж байна. Гэтэл бусад улс орнуудад 60-70 хувьд хүрчихсэн. Тэднээс бид хоёр дахин бага цалинтай байна л гэсэн үг. Тиймээс хувийн хэвшлийнхэнд цалингаа нэм, төр ч боломжоороо дэмжих хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа.

ХХДХ-г тогтоох асуудлыг ЗГ шийддэггүй. Үүнийг гурван талын түншлэлийн үндэсний хороогоор хэлэлцэж шийддэг. Үүнд ҮХАҮТ, Ажил олгогчдын эздийн холбоо, нөгөө талаас ажилчдын төлөөлөл болох МҮЭ, төр талаас Сангийн яам, ХЗДХЯ, ЭМЯ, Боловсролын яам байхаас гадна Үндэсний хорооны даргыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд миний бие ахалдаг учраас хороогоо хуралдуулж ийм шийдвэр гаргасан.

Одоогийн хөдөлмөрийн хуулиар хоёр жил тутамд ХХДХ-г тогтооно гэсэн зохицуулалттай юм билээ. Гэхдээ өнгөрсөн тавдугаар сард хуралдсан Үндэсний хороонд гурван талт хэлэлцээр хийгээд хоёр хувааж нэмэгдүүлэх асуудлаар гурван талаасаа тохирчихсон байсан.

Шадар сайд С.Амарсайхан дутуу мэдээлэлтэй байгаад буруу тайлбар хийж байна лээ. Засгийн газрын гишүүд нь хоорондоо өөр, өөр байр суурьтай байгаа юм шиг, эсвэл нэг салбарын сайд гарч ирээд “попроод” ийм мэдээлэл өгөөд байгаа мэт ойлгогдохоор зүйл ярьж байна лээ. Үүнийгээ засаж залруулах байх гэж бодож байна.

-Ер нь кабинетын гишүүд саналаа хэр нэгтгэж байгаа вэ. Эсрэг байр суурьтай сайд нар бий юу?

-Эдийн засгийн өсөлтөө бид барина гэж ярьж байгаа. Ирэх дөрвөн жилд хүрэхээр төлөвлөсөн том зорилтууд бий. Нөхцөл байдлаа харсан ч эсэргүүцээд байх хүмүүс байхгүй л болов уу гэж найдаж байгаа.

Ажил олгогч ААН-үүдийг цалингаа нэм гэсэн байр суурьтай байгаа

-МҮХАҮТ одоо мөрдөгдөж байгаа хуулиа бариад, багагүй шүүмжлэлтэй хандаж байсан. Хоёр жил тутамд шинэчлэх ёстой зүйлийг жил ч хүрээгүй байхад хөндлөө гэх зэргээр байр сууриа илэрхийлсэн байсан шүү дээ. Үндэсний хороо МҮХАҮТ-ын байр суурийг үл тоож, хүчээр хэлэлцээд шийдвэрээ гаргачихсан гэж ойлгогдохоор байсан?

-Одоо ер нь 660 мянган төгрөгийн цалингаар ажиллах хүмүүс тун ховор болсон. МҮХАҮТ ХХДХ-г 792 мянга болгохоор жижиг, дунд ААН-үүддээ дарамтыг үүсгэх гэж байна гэсэн байр суурь илэрхийлж байгаа юм билээ. Гэтэл өнөөдөр ажилчдадаа 660 мянган төгрөгийн цалин өгдөг нэг ч жижиг, дунд ажил олгогч байхгүй. Төрд ч гэсэн 660 мянган төгрөгөөр ажил хийдэг хүн байхгүй болчихсон шүү дээ.

Өнөөдөр Монгол Улсын цалингийн дундаж хэмжээ 1.8-2.2 сая төгрөг болчихсон байна. Ийм байхад ХХДХ нь 660 мянган төгрөг байгаад байж болохгүй.

Цаашдаа сая төгрөгт хүргэнэ гэж тооцоолж байгаа. Жижиг, дунд ААН-үүдийг судлахад ихэнх нь ажилчдадаа өгч байгаа цалингаас биш ХХДХ-гээр бодож НДШ-ийг нь төлж байна. Өнөөдөртөө тэр хүнд гарт авах цалинг нь нэмж өгөөд байгаа мэт боловч урт хугацаандаа тэнд ажиллаж байгаа хүмүүс маш бага хэмжээгээр тэтгэвэр тогтоолгоно л гэсэн үг. Ийм байдлаар цалинжиж байгаа 80 гаруй мянган хүн байна. Асуудлыг олон талаас нь харж бодлогоо гаргах хэрэгтэй гэж харж байна.

-ХХДХ-г нэмэгдүүлэхийн нэг тал нь ядуурлын түвшинг баримжаалах арга хэрэгсэл гэж үздэг. ҮСХ-ноос ядуурлын хэмжээ 28 хувьтай байна гэж тооцоолсон. Гэтэл бодит амьдрал дээр түүнээс ч их хувийг эзэлж буй харагддаг. Ажилгүйдлээс үүдэлтэй үр дагаврыг хэрхэн зөв тооцоолох ёстой гэж хардаг вэ?

-Бид энэ тоонуудыг эргэж харахгүй бол Монголын хөрсөнд буугаагүй олон улсын аргачлалаар хийчихсэн судалгааг л танилцуулдаг. Судалгааны аргачлалаа эргэж харах шаардлагатай гэж дүгнэж байгаа.

Хөдөлмөрийн зах зээлд 60 мянган хүн ажилгүй байна гээд яриад байдаг хэр нь нөгөө талд 30-40 мянган хүний ажлын байр зарлагдаж байхад ажиллах хүчин байхгүй байгаад байна. Ийм нөхцөл үүссэн хэд хэдэн шалтгаан бий. Хамгийн том шалтгаан нь 1990-2009 он хүртэлх хугацаанд төрөлт бага байсан. Энэ хугацаанд 20 гаруй мянган хүүхдээр төрөлт багассан. Үүнээс шалтгаалж 200-250 мянган ажиллах хүчний боломжоо алдсан байна гэсэн үг. Хэрэв төрөлт өндөр байсан бол 250 мянган ажиллах хүчний эрэлт, хэрэгцээ хангагдах байж гэсэн судалгаа бий.

Ажиллах хүчний энэ дутагдал 2028 он хүртэл үргэлжлэхээр байгаа. Нөгөө талдаа 208 мянган хүн гадагшаа гарчихсан байна. БНСУ-д 54 мянган хүн, Австралид 20 мянга, Япон улсад 20 мянга, АНУ-д 40 гаруй мянган хүн ажиллаж амьдарч байна.

Анх удаа орон сууц авч байгаа, урьдчилгаа төлбөрийн боломжгүй зорилтот бүлэг рүү ипотекийн зээлийг чиглүүлнэ

-Ирэх онд ипотекийн зээл олголтод 1.1 их наяд төгрөгийн санхүүжилт төлөвлөсөн байсан. Ирэх жилүүдэд зорилтод бүлэг рүү чиглэсэн санхүүжилтийг олгохоо мэдэгдээд буй. Журамд өөрчлөлт хийгдэх үү?

-Хуримтлалын санд төвлөрсөн хөрөнгийн тодорхой хувь нь иргэдийг орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэхэд зарцуулагдах юм. Сангийн хяналт манай яаманд шилжиж байгаа. Монгол Улсад ипотекийн зээлийн үндэсний тогтолцоог бий болгоё, хэдхэн жил энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээд зогсох оновчтой байдлаар хэрэгжүүлье гэж зорьж байгаа. Тэр нь зорилтот гэр бүл рүү чиглүүлнэ гэсэн үг. Орон сууцны урьдчилгаагаа төлөх боломжгүй залуу гэр бүл, эсхүл олон хүүхэдтэй анх удаа орон сууц авах гэж байгаа, хотоос орон нутаг руу шилжин суурьшиж байгаа төрийн албан хаагчид руу, эсвэл амины орон сууц барихад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ипотекийн хөнгөлөлттэй зээлийг чиглүүлнэ.

Харин хоёр болон түүнээс дээш удаагаа орон сууц худалдан авах гэж байгаа олгохгүй байх бодлогыг баримтлах юм.

Тэтгэврийн зээлийг тэглэсэн нэртэй 1.3 их наядын өр төрд бичигдээд явж байгаа

-УИХ-ын гишүүн Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа ахмадуудын тэтгэврийг нэг удаа тэглэх зарлиг гаргаж, УИХ-аар хууль гарч батлагдаж байсан шүү дээ.Гарах санхүүжилтийг Салхитын мөнгөний ордын ирээдүйд олох орлогыг барьцаалж арилжааны банкнуудаас гаргуулсан байдаг. Төрд үлдсэн энэ “өр” төлөгдөж байгаа юу?

-Нийтдээ 1.3 их наяд төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэсэн байдаг. Энэ тэглэсэн мөнгө өнөөдөр төрд өр хэлбэрээр бичигдээд явж байгаа. Дахиж тэтгэврийн зээл тэглэх тухай асуудал хэзээ ч байж болохгүй. Цаашид ахмадын тэтгэвэр барьцаалсан зээл байж болохгүй гэж би хувьдаа боддог. Судалгаа харвал тэтгэвэр барьцаалсан зээл ашиглалтын 70-80 хувь нь ахмадууд өөрсдөө биш үр хүүхдүүд нь аваад хэрэглэсэн байдаг юм билээ. Зарим нь аав ээждээ мэдэгдэлгүйгээр тэтгэврийг нь барьцаалсан зээл авчихсан тохиолдолд ч байна.

Сүүлд УИХ-аар баталсан ахмадын тухай хуулийг дагалдуулсан Эрүүгийн хуульд хууль бусаар хүний тэтгэврийн зээлийг аваад ашигласан тохиолдолд эрүүгийн гэмт хэрэг гэж үзэн хариуцлага хүлээлгэдэг тогтолцоотой болсон юм билээ.

Хүүхэд бүрд 30 мянган төгрөг олгох асуудал АН-ын сонгууль руу чиглэсэн “популист” санаачилга байсан

-Намрын чуулган эхлэхээс өмнө УИХ дахь Ардчилсан намын 21 гишүүн сургуулийн насны хүүхдүүдэд хүүхдийн мөнгөнөөс гадна сар бүр 30 мянган төгрөгийн дэмжлэгийг үзүүлэх хуулийн төсөл санаачилсан. Орон нутгийн сонгуулиар “Хүүхэд хөгжлийн карт” нэртэйгээр сурталчилж байх шиг байсан. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хувьд энэ хуулийн төсөлд ямар байр суурьтай байгаа вэ?

-Эдийн засгийн тооцоолол байхгүй, улс төрийн шинжтэй “популист” санал, санаачилгууд гаргаад тэр нь үндсэндээ орон нутгийн сонгууль руу чиглэсэн үйлдэл болсон гэж харж байгаа. Хэзээ ч бүтэхгүй зүйл шүү дээ. Өнөөдөр улсын төсвөөс хүүхдийн мөнгөнд 1.6 их наяд төгрөг зарцуулж байна. Тэгтэл үүний 1/3-тэй тэнцэх хэмжээний эх үүсвэрийг улсын төсвөөс гаргах боломжгүй гэж хэлмээр байна.

Ярилцсанд баярлалаа

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *