Тусгай хэрэгцээт боловсролын хөрвүүлэх сургалтын тэтгэлгийн батламж гардуулав
“Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” (EQUAL) төслийн “Тэгш хамран сургах боловсрол” бүрэлдэхүүний хүрээнд Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, МУБИС болон төслийн баг хамтран тэгш хамран сургах боловсролын чиглэлээр баримталж буй бодлого шийдвэр, үйл ажиллагааны хэрэгжилтийг танилцуулах, тусгай хэрэгцээт боловсролын талаар олон нийтэд таниулах арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын Зөвлөх Кондо Казүмаса, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
Мөн үеэр МУБИС-ийн “Багш, тусгай хэрэгцээт боловсрол” мэргэжлийн хөрвүүлэх сургалтад хамрагдах Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт тэтгэлэгт хөтөлбөрийн батламжийг гардуулав. МУБИС нь 2013 оноос хөрвөх сургалтыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд Боловсролын дэлхийн түншлэл (GPE) байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж буй “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих төсөл”-ийн хүрээнд зорилтот сургуулийн 18 багшийг МУБИС-д “Багш, тусгай хэрэгцээт боловсрол” мэргэжлээр хөрвөх сургалтад хамруулах тэтгэлэг олгож байгаа юм.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д чанартай боловсрол эзэмших тэгш боломжийг бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болгон насан туршдаа суралцахуйн тогтолцоог бэхжүүлэх зорилго тусгагдсан. УИХ-ын 2023 оны хаврын чуулганаар батлуулсан Боловсролын багц хуульд орсон боловсролын шинэчлэлийн чухал нэг хэсэг нь Тэгш хамран сургах боловсрол бөгөөд Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд тусгайлан бүлэг болгож зохицуулсан явдал юм.
Энэ хичээлийн жилд боловсролын бүх түвшний сургалтын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй 9922 суралцагч байгаагаас цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд 8260 суралцагч тэгш хамрагдаж байна. Мөн Боловсролын ерөнхий хуулийн шинэчлэлийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг боловсрол эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх багшийн туслахыг бэлтгэн, энэ хичээлийн жилд 55 багшийн туслах ажиллуулж байна.
Тусгай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах багш хүний нөөц дутмаг байгаа тул Боловсролын яамнаас “Гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журам”-ыг шинэчлэн баталж, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад дотоодын сургалтын байгууллагад дэд бакалавр, бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцахад, гадаадын сургалтын байгууллагад бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцахад буцалтгүй тусламж олгохоор тусгасан. Мөн эрэлттэй мэргэжлээр суралцагчдад тэтгэлэг олгох хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгох хэл засалч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, сэтгэл зүйч, арга зүйч мэргэжлийн үндсэн хөтөлбөрөөр суралцагчид тэтгэлэг олгох зохицуулалтыг бий болгосон юм. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 84 дүгээр тогтоолоор “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт”-д багшийн туслахыг нэмэн оруулж, цалингийн шатлалыг батлууллаа.