СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНД-2024 ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН

0


Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын 2022 оны тайлангаар дэлхий дээр 8 хүн тутмын 1 нь ямар нэгэн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай амьдарч байгаагаас гадна хөдөлмөрийн чадвар алдалттай амьдарсан он жилүүдийн 15.6%-д сэтгэц болон зан үйлийн эмгэгийн шалтгаант өвчлөл нөлөөлсөн байна. Дэлхий даяар 970 сая орчим хүн сэтгэц болон зан үйлийн эмгэгээр шаналж байгаа бөгөөд үүнээс 82 хувийг бага болон дунд орлоготой улс орнуудын хүн ам эзэлж байна. Сэтгэц болон зан үйлийн эмгэгийн тархалтыг авч үзэхэд нийт сэтгэцийн эмгэгийн 31.0%-ийг сэтгэл түгших эмгэг, 28.9%-ийг сэтгэл гутрах эмгэг тус тус эзэлж байна. Эх сурвалж: Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн тайлан-2022.
Монгол улсын хэмжээнд 11,746 хүнийг хамруулсан судалгаагаар (2013-2019) сэтгэл түгших эмгэг 18.4% (n=2163), органик бус нойрны эмгэг 17.5% (n=2059), архаг ядаргаа 16.2% (n=1908), тайлбарлаж боломгүй биеийн зовуурь шаналгаа 11.9% (n=1403), архинд донтох эмгэг 6.4% (n=753), сэтгэл гутрах эмгэг 6.2% (n=734) тархалттай байв. Улаанбаатар хот нь стрессийн гаралтай зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгээрээ тэргүүлэх хандлагатай байв. Эх сурвалж: Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгааны тайлан. ДЭМБ, СЭМҮТ, АШУҮИС. УБ.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь сэтгэцийн эрүүл мэндийн төрөлжсөн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор 2022 оноос эхлээд ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн анхан шатны түвшинд ажиллаж буй эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн сэтгэц, мэдрэл, донтолт (СМД)-ын тусламж үйлчилгээний чадавхийг бэхжүүлэх MhGAP хөтөлбөрийг шат дараалалтай хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд үндэсний сургагч багш, эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд зориулсан хүүхэд, өсвөр насныхны сэтгэцийн болон зан үйлийн эмгэгүүд, насанд хүрэгчдэд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгүүд болох тэнэгрэл, сэтгэл гутрал, эпилепси, солиорол, амиа хорлолт, мансууруулах бодис хэрэглэх эмгэг болон зайлшгүй шаардлагатай эмчилгээний чиглэлээр үйл ажиллагааны удирдамж, интервенцийн гарын авлагыг монгол хэл дээр орчуулж, хэвлүүлсэн.
2022-2023 онд төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын Баянзүрх, Багануур, Налайх, Баянгол дүүрэг хөдөө орон нутгаас Хэнтий, Архангай, Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ, Булган, Орхон аймгийн нийт 465 эмч, мэргэжилтнүүд сургалтанд тус тус хамрагдсан ба цаашид илүү олон өрх сумуудыг хамруулхаар ажиллаж байна.
Сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг тасралтгүй сайжруулахаас гадна сэтгэц нийгмийн нөхөн сэргээх эмчилгээг анхааран ажиллах хэрэгцээ шаардлага байсаар байгаатай холбогдуулан тус чуулганыг зохион байгуулах болсон.

Сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг хэлэлцэж, ойрын ирээдүйд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хамтарсан зөвлөмж, дүгнэлтийг тодорхойлж гаргана.
Хэрэв танд болон таны ойр дотны хүнд сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой дараах асуудлын талаар мэдээлэл авахыг хүсвэл Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 1800-2000 утсанд 24 цагийн турш холбогдох боломжтой. Үүнд:

 Нойргүйдэл;
 Сэтгэл түгшилт;
 Айдас;
 Сэтгэл гутрал;
 Уур бухимдал;
 Мэдрэл сульдал;
 Дэлгэцийн донтолт;
 Архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой асуудал:
 Жирэмсэн үеийн сэтгэл зүйн өөрчлөлт
 Төрсний дараах сэтгэлзүйн хямрал, сэтгэл гутрал
 Гэмтлийн дараах /хүчтэй стресс/ сэтгэлзуйн хямрал
 Ахимаг насны үеийн сэтгэцийн тулгамдсан асуудал
 Хүүхэд, өсвөр насны сэтгэцийн тулгамдсан асуудал

СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *