Судлаач Ганаа: Төрийн хувьчлал ба давуу эрхтэн
Орон нутгийн сонгуулийн дүн гарахад иргэдийн ирц тун тааруухан гарав. УИХ-ын сонгууль ч ялгаагүй ирц буурсаар л. Мэдээж хэрэг ард түмнээ “идэвхигүй”, “ухамсаргүй”, “амиа бодсон”, “соёлгүй”-гээр нь загнаж эхлэв. Үүнээс өөр тайлбар Монголчууд мэдэхгүй, мэдэхийг ч хүсдэггүй. Ард түмэн нийгмийн идэвхигүй болсон нь бодит үзэгдэл, бодит байдал юм. Яагаад ? Энэ тухай товч өгүүлсү…
Монголын хоёр “анги”
Сүүлийн жилүүдэд ард түмний нийгмийн идэвхи эрс буурсныг нотлох шаардлагагүй.
Ард түмэн идэвхигүй болсон нь цорын ганц шалтгаантай бөгөөд энэ нь ард түмний олонхи төрдөө сэтгэл алдарсан, эрх баригчдад итгэхээ больсны бодит үзүүлэлт мөн.
Үүнийг улс төр судлалд “пессимизм” буюу “гутранги үзэл” гэж нэрлэдэг. Цаашид пессимизм гэж явна.
Зарим судлаачид пессимизмыг ирээдүйдээ хайнга ханддаг болсон, улс төр нийгэмд буй сөрөг мэдрэмж хуримтлагдсан зэргээр тайлбарладаг. Ингээд ард түмэн “тэмцэхээ байсан”, “монголчууд тэмцэж чаддаггүй” гэх мэтийн лут лут дүгнэлт хийдэг. Энд бас л яагаад гэсэн асуулт үүснэ.
Энд “нийгэм” болон “ард түмэн” гэдэг ойлголтуудыг тодруулах хэрэгтэй.
Одоо монголын ард түмнийг “давуу эрхтний” болон “ард түмний талынхан” гэж 2 том хэсэгт хувааж болно.
Улс төр судлалын “истеблишмент” гэх нэр томъёо монгол хүний хэл хугалчих гээд байдаг тул “давуу эрхтэн” гэж орчуулаад энэ агуулгаар анх удаа хэрэглэж байна.
“Давуу эрхтнүүд” ард түмнийг “юм нэхэх”, “юм шаардах”-аас өөрийг үл мэдэх залхуу амьтад гэж үздэг. Харин ард түмэн давуу эрхтнийг ханаж цадахыг үл мэдэх шуналын тулам, бирдүүд гэж үздэг.
Ялгаа нь давуу эрхтэн эрх мэдэл, эд баялгаа хадгалж чадна гэсэн итгэлтэй байдаг бол ард түмэн эрх мэдэлд хүрч чаддаггүй юмаа гэхэд эрх мэдэл болон баялгийг хянаж чадна гэсэн ямар ч итгэл байдаггүй. Эндээс ард түмний дунд пессимизм үүсдэг.
Ард түмний пессимизм бол давуу эрхтнийг дэмжиж буй хэрэг биш, харин ард түмний дургүйцлийн тод илрэл мөн.
Давуу эрхтэн давхрааг дотор нь: 1. Жинхэнэ давуу эрхтэн, 2. Ах дүү, хамаатан садан, анги, мэргэжил, ижил байр суурь бүхий “ойрын хамааралт” хэсэг, 3. Давуу эрхтний улс төрийн сүлжээнд элсэж худалдагдсан “холын хамааралт” хэсэг гэж 3 хуваан үзэж болно. Харин ард түмнийг: 1. Давуу эрхтэнд дургүйцэн ил тэмцдэг хэсэг, 2. Давуу эрхтнүүдийг сонгуулиар халж солих гэсэн идэвхитэй хэсэг, 3. Үл оролцох үйлдлээрээ дургүйцлээ илэрхийлдэг пессимист хэсэг гэж 3 хувааж болно.
Эндээс манай ард түмэн: 1. Төрийн хулгай дээрмийг зөвшөөрч дэмждэг, 2. Төрийн хулгай дээрмийг зөвшөөрдөггүй гэсэн 2 том хэсэгт хуваагддаг.
Одоо давуу эрхтэн олон уу, ард түмэн олон уу ? гэсэн асуулт үүснэ. Монголчууд ард түмэн олонхи гэж ойлгодог боловч үнэн хэрэг дээрээ тийм биш. Миний олон жилийн харьцуулсан судалгаагаар давуу эрхтэн, ард түмний харьцаа 1:1, эсвэл 1:2 орчим байгаа. Давуу эрхтний давхрааг цөөн хүнтэй гэж огт ойлгож болохгүй.
Монголын давуу эрхтэн ард түмнээс хол тасарсан, өөрсдийгөө бараг Бурхнаас заяасан тавилантай, албат хамжлага ард түмнээ удирдах хувьтай, ард түмэнд тэдэнтэй өрсөлдөх ямар ч эрх байхгүй гэж үздэг. Мөн тэд өөрсдийгөө Монгол орны нүүрс, алт зэс, уран, газрын ховор металл зэрэг бүх нөөц баялгийн эзэн гэдэгт бат итгэдэг. Иймээс тэд нөөц баялгийн талаарх бүх төрлийн мэдээллийг ард түмнээс нуудаг. Ёс болгож зарим нэг мэдээлэл өгсөн ч тэр нь ямагт дутуу буюу хоцрогдсон мэдээлэл байдаг.
Ард түмний пессимизм
1990 оны ардчилсан хувьсгалаар Монголын нийгэмд асар өндөр нийгмийн идэвхи, өөдрөг үзэл (оптимизм) бий болов. Яагаад гэвэл монголын ард түмэн ардчилал, зах зээлийн үзэл сурталд итгэж байв. Хэрэв иргэд идэвхи гаргавал дурын “сайн хүнээ” төр засагт оруулж болно, засгийн алдаа дутагдлыг шууд хэлж, болохгүй бол нам байгуулж, жагсаж цуглаж, тэмцвэл үр дүнд хүрч болно гэдэгт бүрэн итгэж байлаа. Үүнийг жижиг нам, төрийн бус байгууллага, иргэний хөдөлгөөний 2008 он хүртэлх “сайн муу”, “зөв буруу” олон тэмцэл нотолно.
Яагаад 2008 он гэж ялгаад байна гэхээр тэр онд 7 дугаар сарын 1-нд шинэ тутам бүрэлдсэн давуу эрхтнүүд ард түмний жагсаалыг буудаж, жинхэнэ нүүр царайгаа харуулсан юм. Үүнээс хойш ард түмний идэвхитэй тэмцэл илт бууран доройтох замдаа орсон.
Нэлээд улс төрчид хуулиар олгосон эрх мэдлээ ашиглан тэр дороо л байгалийн болон нийгмийн баялгийг бүгдийг нь мэдэлдээ оруулсан давуу эрхтнүүд болон хувирав. Эхэндээ тэд зөвхөн засгийн эрх мэдэлтэй байснаа яваандаа “эрх мэдэл + эд баялаг” бүгдийг эзэмшсэн, хянадаг бие даасан давуу эрхтний давхраа болон хувирав. Улмаар давуу эрхтнүүдэд өөрийн эрх мэдэл, эд баялгаа хамгаалах жам ёсны шаардлага үүссэн юм.
Харин ард түмэнд сайхан хүсэл, шударга ёсны эрмэлзлэлээс өөр юу ч байсангүй. Ард түмэнд эв нэгдэл байсангүй, зохион байгуулалт байсангүй. Сүүлийн үед төрийн зүгээс тэмцэл хийсэн идэвхитнүүдийг нэг нэгээр нь залхаан цээрлүүлэх, шоронд хатаах болсноор ард түмний идэвхийн сүүлчийн найдварыг унтраав.
Эндээс тэнэг л биш бол давуу эрхтнийг дийлэх ямар ч боломжгүй гэж олонхи монголчууд ойлгох болсон. Энэ нь тэднийг пессимизм гарцаагүй хүргэдэг.
Баялаг хийгээд баялгийн хуваарилалтын төөрөгдөл
Монголчуудын дунд баялаг хийгээд баялгийн хуваарилалтын асар их төөрөгдөл бий.
Ний нуугүй үнэнийг хэлэхэд монголчууд ядуурч, турж үхэхийн наагуур амьдарч байгаа гэсэн дүгнэлт оргүй худал. Монголчуудын амьдрал ядуураагүй, харин ч өсч байгаа.
Энэ олон баяр наадам, пиг дүүрэн ресторан, шөнийн клуб, зугаа цэнгээний газрууд, амралт зугаалга, аялал жуулчлал, түүний дотор гадаад аялал жуулчлал, архидалт, хар тамхи, янхандалт зэрэг нь монголчууд мөнгөтэй байгаагийн бэлхэн нотолгоо болно. Монголчуудын хэрэглээ, хэрэгцээ гадаадын хөгжингүй орнуудыг гүйцэхгүй ч өмнөх үеийнхээсээ дээрдсэн нь гарцаагүй.
Монголчуудын амьдрал дээрдсэн нь төр засгийн гавъяа огтхон ч биш , харин баян тансаг Монгол Эх орны минь буян юм. Асуудлын гол учир нэг хүнд ногдох баялгийн хэмжээнд биш, харин нийт баялгийн хуваарилалтад байгаа юм.
Үүнийг ойлгуулах үүднээс хийсвэр жишээ авъя: Язгууртан 100 төгрөгтэй, ард түмэн буюу Та 1 төгрөгтэй байж. Баялгийг 10 дахин нэмэхэд язгууртан 1000 төгрөгтэй, ард түмэн 100 төгрөгтэй болно. Ийнхүү монголын баялаг нэмэгдэхийн хэрээр энэ харьцаа 10.000 ба 1000, 100.000 ба 10.000 гэсэн харьцаатай цааш үргэлжилнэ.
Манай далд буюу сүүдрийн эдийн засаг тойм тооцоогоор манай ДНБ-ээс 5-7 дахин их байдаг ба үүний ихэнхийг авилгын мөнгө эзэлдэг гэдгээр Монголын авилгын цар хэмжээг төсөөлж болно.
Уг нь баян ядуугийн ялгааг гаргадаг Жини коэффициент, Тейлийн индекс гэж байдаг боловч манайд ямагт худлаа гаргадаг. Эдгээрийг анзаарч хардаг монгол гэж огт байхгүй. Ингэхлээр чинь монголчууд баяжиж буюу ядуурч байгаагаа мэдэхгүй гэсэн хэрэг. Энэ ч гэсэн пессимизмын нэг төрөл мөн.
Хэрэв давуу эрхтний төр засаг гадаадынхантай нийлж Эх орноосоо таслан зарж, шулан мөлждөггүй, Эх орны баялгаас ханаж цадахгүй хулгайлдаггүй, Эх орны баялгийг харьцангуй шударгаар хуваарилдаг байсан бол Монголчуудын амьдрал одоогийноос хэдэн арав, магадгүй хэдэн зуу дахин дээр байх ёстой гэдэгт огт эргэлзэхгүй байж болно.
Төрийг хувьчилсан давуу эрхтэн
“Цэвэр” давуу эрхтэн тоогоороо манай ард түмний өчүүхэн хэсэг юм. Манайхан 30 гэр бүл, 300 гэр бүл, 1000 гэр бүл мэтийн янз бүрийн тоогоор давуу эрхтний тоо цөөхөн гэдгийг маш сайн мэднэ. Хэрэв сайн анхаарвал яс тоо, нэр нэрээр нь ч гаргаж болно.
Нэг буюу хэд хэдэн давуу эрхтэн дангаараа идэж уугаад сууж байдаг гэж бодвол тун их эндүүрэл. Угаасаа дэлхийн түүхэнд ганцаараа иддэг давуу эрхтэн гэж байхгүй.
Давуу эрхтнүүд цаг ямагт бүлгээрээ идэж уудаг. Ингэж байж л тэд ангийн хувь тэсэн үлдэж чадна. Төрийг хувьчилсан давуу эрхтэн төр, улмаар нийгмийг салбар, чиглэлээр нь хуваан захирсан бүлгүүдэд хуваагдсан том сүлжээ болон оршин тогтдог. Эндээс жам ёсоор илт өрсөлдөөн бий болдог бөгөөд үүний явцад бидний сайн мэдэх “хонгил” бий болдог. Дүрмээр тоглоогүй давуу эрхтэн энэ хонгилоор гарцаагүй орно.
Энэ үзэгдлийг нэгийг нь шуналдаа автсан “шударга бус” давуу эрхтэн, нөгөөг нь шуналтнуудаас баялаг булаан авч ард түмэнд өгөх гэсэн “шударга” давуу эрхтэн гэж ойлговол их эндүүрэл. Харин ч давуу эрхтнүүд монголын баялгийг булаалдан алалдан тэмцэлдэж байна гэж ойлгох нь үнэнд нийцнэ.
Давуу эрхтний бүлгүүд эрх мэдэл, баялгийг дунд болон анхан шат руу доош хуваарилах шаардлага заавал гардаг. Мөн ард түмэнд хүртээх ёстой. Ингэж доошоо хуваахгүй бол эхний сонгуулиар унана. Энэ нь пирамид хэлбэртэй шаталсан бүтцийг бий болгох ба улмаар улс орны хэмжээнд баялаг болон эрх мэдлийг хуваарилах сүлжээ болон хувирна. Эндээс “орон нутгийн давуу эрхтэн” бий болдог.
Эрх мэдэл-эд баялгийн том пирамид нь бие биенээ түшиглэж, шаталж, давхарлаж тогтсон олон жижиг пирамидаас бүрдэнэ. Оройн пирамид нь баялгийн ихэнхийг хүртэнэ. Түүний дор орших жижиг пирамидууд арай багыг хүртэхийн зэрэгцээ өөрөөсөө жижиг, өөрөөсөө доош хэд хэдэн пирамид үүсгэнэ. Энэхүү пирамидын шаталсан бүтцийг би тайлбарлаж бичсэн боловч манайхан огт ойлгоогүй, ойлгохыг ч хүсээгүй.
Ийнхүү эрх мэдэл-эд баялгийн шаталсан пирамидад: 1. баялгаас илүү хувь хүртэх гэж горилогсод, 2. дээрээс өгсөн шийдвэрийг үг дуугүй биелүүлэх 2 нөхцлийг хангасан хүмүүс л ордог. Мэдээж өөрөө зүгээр яваад орчихгүй, шаталсан пирамидын дээд хэсэг буюу “цэвэр давуу эрхтнүүдийн” тохиролцоо, сонголтоор орно.
Монголын сүүлийн үеийн бүх сонгууль давуу эрхтний бүлгүүдийн тохиролцоо, зөвшилцлөөр явдаг болсон. Өөрөөр хэлбэл Монголд сонгууль гэж байхгүй, харин давуу эрхтний тохиролцоо, зөвшилцөл гэж бий.
Давуу эрхтний найрсал ба зөрчил
Дээр өгүүлснээс давуу эрхтний бүлэг хөрөнгө мөнгөтэй, эрх мэдэлтэй, сүлжээтэй учраас тэднийг ялах боломжгүй гэж дүгнэж огт болохгүй.
Учир нь давуу эрхтэн өрсөлдөн тэмцэлдэгч хэд хэдэн бүлгээс бүрддэг. Өрсөлдөгч бүлгүүд илүү зонхилох байр суурь эзлэхийн тулд л сонгууль явуулдаг. Бас ҮХ-нд тэгээд заачихсан болохоор…
Монголчуудын улс төрийн пирамид гэж нэг зүйл байдаг гэж ойлгодог нь маш буруу дүгнэлт юм. Манайд улс төрийн болон эдийн засгийн гэсэн 2 том пирамид байх бөгөөд эдийн засгийн пирамид нь давамгай байр суурьтай. Яагаад гэвэл улс төрийн бодлого бол эдийн засгийн бодлогын төвлөрсөн илэрхийлэл байдаг учраас тэр.
Үүнийг ойлгомжтой өгүүлбэл эдийн засгийн эрх ашгаараа нэгдсэн давуу эрхтэн нэг том бүлэг болно. Энд нам мам ямар ч хамаагүй. Харин улс төрийн пирамид бол эдийн засгийн эрх ашгаа халхлах “зэрэгцээ” сүлжээ юм. Зөвхөн улс төрд давуу эрхтнүүд нам болон хуваагдах бөгөөд энэ нь ердөө л “ардчилсан”, “олон ургальч” гэдгээ харуулах үзүүлэн төдий.
Нарийн үзвэл эдийн засагт МАН, АН-ын зөрчлөөс МАН доторхи зөрчил нь хавьгүй илүү хурц ширүүн явагддаг. МАН-ын дотоод зөрчлийг хүмүүс бараг мэддэггүй. Угаасаа МАН дотоод зөрчлөө сайтар нууж чаддаг. Эдийн засгийн хүрээнд шийдэж чадахгүй асуудлууд л улс төр рүү орж ирдэг. Ийм зөрчил мөнхийн бөгөөд хэтэрхий олон.
Манай нийгмийн бүхий л зөрчил, тэмцлийг төр, ард түмний хоорондын тэмцэл биш, харин давуу эрхт бүлгүүдийн хоорондын өрсөлдөөн тэмцэл тодорхойлдог. Монголчуудын сайн мэдэх төрийн олон гэмт хэргийг зөвхөн өрсөлдөн тэмцэлдэгч давуу эрхт бүлгүүд нийгэмд цацдаг гэдгээр үүнийг хялбархан нотолж болно. Жирийн иргэд сэтгүүлчид дээд түвшний гэмт хэргийн баримт материалыг олох боломж огт байхгүй.
Авилга бол өнөөгийн Монгол төрийн салшгүй шинж (атрибут), түүний оршин тогтнох арга мөн.
Хамгийн дээрх оройн пирамидаас хамаарах, хагас хамаарах, үл хамаарах авилгын том жижиг олон сүлжээ төрийн ажиллах чадвар, төрийн удирдлагын үр ашгийг тэг болгож, шууд утгаар төрийг хорлон хөнөөдөг.
Авилгын том жижиг олон сүлжээ ялгаж салгахын аргагүй холигдсон нь давуу эрхтний дунд пессемизм гарцаагүй үүсгэдэг. Хэдийгээр хачирхалтай боловч давуу эрхтний пессемизм нь бодит байдал юм. “Хэзээ унагах вэ?”, “Хэзээ унах бол ?” гэх айдас давуу эрхтний пессимизмын үндсэн бөгөөд гол илрэл болно.
Давуу эрхтний пессимизм бодитой оршин байгааг төрийн бодлого байхгүй, төрийн ажил эмх цэгцгүй, зорилго чиглэлгүй, голдуу нэг удаагийн арга хэмжээ авдаг, “төрийн тэнэглэл” өдрөөс өдөрт улам нэмэгдэж байгаагаас бэлхнээ харж болно. Ухаандаа УБ-ыг 14 дүүрэг, 42 нэгжтэй болгох төлөвлөгөөнд шинжлэх ухааны үнэр ч байхгүй. Зүгээр л “шинэ нэгж чинь ямар нэртэй болох юм ?” гэж асуухад л “хот төлөвлөгчид” унах нь гарцаагүй. УБ-ыг олон нэгжтэй болгохын тулд ҮХ өөрчилнө гэдэг бол үнэхээр тэнэг ажил…
Одоо бол бүр санаа амар. Орон нутгийн сонгуульд ялснаараа МАН бүх төрлийн хяналтын гадна болон дээр гарав. Энэ нь давуу эрхтний төр засаг дураараа дургих боломжийг асар их нэмэх бөгөөд ингэснээрээ ард түмний дургүйцлийг улам нэмдэг. Энэ нь давуу эрхтний улс төрийн мөхлийг гарцаагүй дуудна.
Хэрэв ард түмний пессимизмыг хэзээ нэг цагт сэргэх “стратегийн нөөц” гэж үзэж болох бол давуу эрхтний пессимизмд ямар ч гарц, ямар ч хувилбар байдаггүй.
Энэ утгаар давуу эрхтний пессимизм ард түмний пессимизмээс долоон дор хортой гэж дүгнэж болно. Учир нь давуу эрхтний пессимизм эдийн засгийн бүхий үйл явцыг саатуулж, хөгжих боломжийг үгүй хийдэг. Үүнийг төсвийн орлого зарлага ихээхэн нэмэгдсэн ч ард түмний амьдрал олигтой дээшлээгүй,эдийн засгийн болондэд бүтцийн том бүтээн байгуулалт бараг хийгдээгүй, системийн суурь гажгийг засах, авилгатай тэмцэх ажил огт хийгээгүй буюу эхлээгүй зэргээр хялбархан нотолж болно.
Пессимизмийг оптимизм болгохуй
Олон хүнд ийм арга байхгүй мэт бодогдоно. Ямар ч гэсэн энэ талаар бодох хүн цөөхөн. Бодохгүй байна гэдэг бол өөрөө пессимизмийн нэг хэлбэр болно.
Миний мэдэж буй онолын түвшинд пессимизмийг оптимизм болгох цөөнгүй арга бий:
Нэг. Нийгмийн болон байгалийн баялгийн дахин хуваарилалт хийхдээ өөрсдөө ханаж цадахгүй ихийг хүртдэг шударга бус байдлыг эхлээд зөөллөх, яваандаа устгах. Өөрөөр хэлбэл төрийн улайм цаймдаа хүрсэн хулгай, дээрэм, луйврыг хязгаарлах.
Хоёр. Төрийн байгууллагын зүгээс авилга, хүнд суртал зэрэг элдэв төрлийн дарамт учруулахыг зогсоож, татварын ачааллыг буруулан иргэдэд орлогоо өөрөө зарцуулах боломж бүрдүүлэх.
Гурав. Хууль, хүчний байгууллагууд бизнесийн салбарт хутгалдан, тэднийг дарамталдаг бузар практикийг эхлээд багасгах, аажмаар таслан зогсоох. Учир нь хууль, хүчний байгууллагууд давуу эрхтний бүлгүүдийг даган хуваагдаж тэдний тэмцэл өрсөлдөөнд оролцох, ард иргэдээ дээрэмдэх, луйвардах гэмт хэрэг байнга бөгөөд цөөнгүй үйлдэх болсон нь төрийн нэр хүнд унах гол бөгөөд үндсэн шалтгаан юм.
Дөрөв. Сүүлийн үед давуу эрхтний төрд хэвшиж тогтсон хоёр ёс суртахуун, хоёр стандарт, хоёр зарчим, хоёр амаар ажилладаг утгагүй явдлаа зогсоож, ард түмэн давуу эрхтэн хоёрт адил тэгш ханддаг болох. Бүгдээрээ Эх орондоо тангараг өргөдөг атлаа бүгдээрээ Эх орноосоо хулгай хийдэг төр бол ёс суртахууны ялзралын хамгийн адгийн шат мөн. Ийм төрийн оршихуй тун богино байх нь ямар ч эргэлзээгүй…
Эдгээр нь давуу эрхтэнд ч, ард түмэнд ч хэрэгтэй, зөв бөгөөд ирээдүйтэй үйлс мөн. Учир нь ард түмний давхаргуудын дунд пессимист сэтгэл зүй мөнхөд байдаггүй, тэдний тэсгэл тэвчээр хэзээ нэгэн цагт, хаа нэгтэй алдардаг.
Манай давуу эрхтнүүдэд ард түмнээ нэгтгэж, тэднийг ирээдүй рүү хөтлөх ямар нэг үзэл суртлын шинжтэй үзэл санаа огт алга. Иймээс монголын давуу эрхтнүүд хүч, боломжийнхоо хэрээр ганцхан өөрөө баяжихийн төлөө ажиллаж байна. Харин ард түмэн цөхөрч гүйцээд хувиа борлуулж, довоо шарлуулан амьдарч байна.
Манай нийгэм атомжиж байна. Энэ бол төрийг хувьчилсны бодит үр дүн мөн. Аль ч нийгэм төрөө хувьчилчихаад удтал оршин тогтох боломжгүй.
Одоо Монголын нийгэм, ард түмэн дээрээ ч, дороо ч ирээдүйгээ олж харахгүй, харахыг ч хүсэхгүй арчаагүй хөгийн байдалд ороод байна. Ингээд дээр ч, доор ч байгаа пессимист хандлага биднийг хамтад нь системийн сүйрэл рүү хөтөлж байна.
Иймээс төрийн хувьчлалаа задалж, ард түмэндээ нийгмийн баялгаас арай шударгаар хүртээж, тэднийг бизнес эрхлэх хийгээд төрийн үйлст оролцох боломж олговол монголчуудын нийтийн хэрэг бүтэж, оптимист үзэл дээрээ ч, дороо ч бий болно. Харин давуу эрхтний эрх мэдлийг булааж, хөрөнгийг хурааж устгах гэсэн хүн манай ард түмний дунд ганц ч байхгүй…
Миний хувьд төгс шударга ёс хүсээгүй, ийм боломж ч байхгүй. Харин шударга ёсны наад захын хэм хэмжээг хүсч байна.
2024 оны 10 дугаар сарын 14.
Судлаач Х.Д.Ганхуяг
Эх сурвалж: https://gankhuyag.com/