Сонгуульд ялагдсан АН-ын дарга нараа “түр орлон гүйцэтгэгч”-ээр сольж Х.Баттулгын хүмүүсийг огцруулахаар Л.Гантөмөр шийджээ
Өнгөрөгч баасан гараг /2024.10.11/-т болж өндөрлөсөн аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд АН долоон аймаг, нэг дүүрэгт ялалт байгуулсан бол МАН 14 аймаг, найман дүүрэг, НИТХ-ын 40 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан.
Тэгвэл АН-ын дарга Л.Гантөмөр “өмнөх сонгуулийн амжилтаа ахиулж чадаагүй 2024 оны орон нутгийн сонгуульд ялагдал хүлээсэн аймаг, дүүрэг, нийслэлийн АН-ын хорооны дарга нарын оронд яаралтай түр орлон гүйцэтгэгч тавих санал”-ыг гаргажээ. Учир нь орон нутгийн сонгуульд ялагдал хүлээсэн намын даргаар дараагийн даргыг сонгох хүртэл үргэлжлүүлбэл түүний нөлөөний хүн сонгогдоно гэж үзэж байгаа аж.
Харин аймаг, дүүрэг, нийслэлийн АН-ын хорооны даргын түр орлон гүйцэтгэгчийг зөвхөн Л.Гантөмөрийн тушаалаар томилдог байна. Иймд АН-ын хороодын дарга нарыг орлох хүмүүсийг зөвхөн Л.Гантөмөрийн тушаалаар томилох ажээ.
Сонирхуулахад,УИХ-ын 2024 оны сонгуулиар АН 48 гишүүнтэй болж, ялагдал хүлээсэн ч “Л.Гантөмөрийг өмнөх 2020 оны УИХ-ын сонгуулийн амжилтыг ахиулсан” хэмээн үзэж түүнийг АН-ын даргаар үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэрийг тус намын Үндэсний бодлогын хороо гаргасан байдаг. Тэгвэл Л.Гантөмөр яг энэхүү аргыг ашиглан орон нутгийн сонгуульд ялагдсан нийслэлийн АН-ын хорооны дарга Т.Батцогт тэргүүтэй Х.Баттулгын хүмүүсийг чөлөөлөх гэж байгаа ажээ.
Мөн АН-ын ЕНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ганибал манай сайтад өгсөн тайлбартаа, “Манай намын дүрэмд амжилт гаргаагүй намын дарга нарыг хоёр сарын дотор өөрчлөх заалттай. Мэдээж улс төрийн соёл гэж бий. Амжилтаа бууруулсан доод шатны намын дарга нар өөрсдөө өргөдлөө өгдөг. Өгөөгүй тохиолдолд хоёр сарын дотор өөрчилдөг” гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж:isee.mn