ШЕЗ: Ажиллах битгий хэл суух ч боломжгүй актлагдсан, мөөгөнцөртсөн байранд шүүх ажиллаж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗБХ-ны бүрэлдэхүүн Шүүхийн Ерөнхий зөвлөлд ажиллаж байна. Энэ үеэр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг:
–Шүүн таслах ажиллагааг явуулахад зайлшгүй төсөв мөнгө хэрэгтэй. Жил жилдээ бид өөрсдөө төсвөө санал болгоод явуулдаг. Байнгын хороо сүүлийн жилүүдэд харьцангуй санал болгосон төсвийг хянаад УИХ-аар батлуулж байгаа.
2022 онд 131 тэрбумыг санал болгоход байнгын хороонд 99.8 тэрбумаар хянагдаад, 81 тэрбумаар батлагдсан. Энд улс орны янз бүрийн шалтгаан байгаа гэдгийг бид ойлгож байгаа.
Гэхдээ хуульд “Хууль зүйн байнгын хорооны хянагдсан төсвийг Засгийн газар батална” гэж заасан байдаг. Уг хуулийг шинэ парламент хэрэгжүүлээсэй. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үүнийг анхааралдаа аваасай гэж хүсэж байна.
Одоо бид 2024 оныхоо төсвийг зарцуулж байна. Нийтдээ 201 тэрбум хэрэгтэй гэх саналаа өгсөн. Байнгын хороонд хянагдсан нь 184.7, батлагдсан нь 165 тэрбум. Ээлжит бус чуулганаар ШЕЗ-ийн түүхэнд анх удаа шүүхийн төсвийн тодотгол хийсэн. Энэ нь шүүх байгуулах хуультай холбоотой шүүхийн байр, тоног төхөөрөмж, нөхцлийг бүрдүүлэх зардал байсан. Үүнийг УИХ баталж өгсөнд талархаж байна. 2025 онд тойргийн шүүх болон орон нутагт шүүхийн барилга барихаар төсөвлөөд явж байна. Орон нутагт актлагдсан, ажиллах битгий хэл суух ч боломжгүй стандартын бус мөөгөнцөртсөн байранд шүүх үйл ажиллагаа явуулж байна.