Энэтхэг: Монголын нүүрсийг импортлох арга хайж байна
Энэтхэг улс Монголын коксжих нүүрсийг ОХУ-аар дамжуулан тогтмол импортлох арга замыг хайж буйг “Reuters” агентлаг мэдээллээ. Учир нь Энэтхэгийн эрх баригчид Хятадаар дамжин өнгөрөх транзит тээвэрт хэт найдлага тавихаас зайлсхийх болжээ.
Тус улс түүхий гангийн үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрт ордог. Австралийн коксжих нүүрсний тогтворгүй нийлүүлэлтээс болж өнгөрсөн жил Энэтхэгийн үйлдвэрүүд тогтворгүй байдалтай байжээ. Тиймээс тус улсын засгийн газар түлшний эх үүсвэрээ төрөлжүүлэхээр Монгол руу төлөөлөгчдөө илгээсэн байна. Тодруулбал, Энэтхэгийн үйлдвэрүүд Монголоос коксжих нүүрсийг тогтмол нийлүүлэх маршруттай болохыг хүсч байна.
Монголоос Энэтхэг рүү коксжих нүүрс нийлүүлэхэд хол зам туулах учир Оросоос дамжуулан импортлох арга замыг хайж байгаа аж. Хятадаар дамжуулахад тодорхой хэмжээний стратегийн асуудлууд байгааг нэрээ нууцалсан эх сурвалж хэлжээ.
Далайд гарцгүй боловч байгалийн баялаг ихтэй Монгол Улс дээд зэрэглэлийн коксжих нүүрсний нөөцтэй гэж салбарынхан хэлдэг. Мөн бүтээгдэхүүн нь Австралийнхаас нэг тонн тутамд 50 ам.доллараар хямд байна гэжээ.
Энэтхэгийн гангийн компаниуд жилд 70 сая тонн коксжих нүүрс хэрэглэдэг бөгөөд нийт хэрэгцээний 85 хувийг импортоор хангадаг. Харин коксжих нүүрсний жилийн импортынх нь талаас илүү хувийг Австрали эзэлдэг. Австралиас гадна Орос, АНУ болон бусад цөөн хэдэн орноос коксжих нүүрс импортолж байна.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS