Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг: Эрчим хүчний салбарт шинэтгэл хийх цаг болсныг бүх түвшинд хүлээн зөвшөөрч, дэмжиж байна

0

Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын ажлын хэсэг өнөөдөр (2024.10.23) хуралдлаа. Тус Ажлын хэсэг дэргэдээ эрчим хүчний салбарын мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн Гүйцэтгэх багийг байгуулан ажиллуулж буй юм. Өнөөдрийн хуралдаанаар тус багийн ажлын явцын талаар мэдээлэл сонссон юм. Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэгээс бид энэ талаар тодрууллаа.

-Улсын Их Хурлын даргын 2024 оны 80 дугаар захирамжаар байгуулагдсан эрчим хүчний хууль тогтоомжийг шинэчлэх ажлын хэсгийн үйл ажиллагаа ямар түвшинд явж буй талаар тодруулахгүй юу?

-Манай ажлын хэсгийн чиг үүрэг бол Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай гэсэн гурван хуулийн төслийг шинэчлэн боловсруулж, ирэх оны хаврын чуулганаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлэх. Эрчим хүчний салбар бол том салбар. Тийм учраас энэ хууль, эрх зүйн шинэтгэлийн ажилд оролцогч талуудыг олноор татан оролцуулах зайлшгүй хэрэгцээ шаардлага байгаа юм. Өөрөөр хэлбэл манай ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүдээс гадна энэ салбарын байгууллагууд, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагууд, хувийн болон төрийн өмчит компаниудын төлөөлөл гээд маш олон хүн оролцож ажиллах зайлшгүй шаардлага тулгарсан. Бид энэ оролцоог хангахын тулд ажлын хэсгийнхээ дэргэд Гүйцэтгэх багийг байгуулаад бүтэн цагаар ажиллуулж эхлээд байна. Энэ багтаа бид эрчим хүчний салбарынхаа хамгийн шилдэг хүмүүсийг ажиллуулж байна. Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Диспетчерийн үндэсний төв ТӨХХК, гурав, дөрөвдүгээр Дулааны цахилгаан станцууд, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Улаанбаатар дулааны сүлжээ зэрэг байгууллага, Төрийн өмчит хувьцаат компаниудын төлөөлөл болон ажлын хэсэгт орж ажиллаж байгаа Улсын Их Хурлын гишүүдийн зөвлөхүүд, эрчим хүчний байгууллагуудын хуульчид, инженерүүд гээд 21 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Үүнээс гадна хууль боловсруулах ажилд бүтэн цагаар шумбаад орох боломжгүй хэрнээ зайлшгүй оролцох, санал зөвлөгөө өгөх шаардлагатай ЭХЯ, ЭХЗГ-ны алба хэлтсийн дарга нар, төрийн бус байгууллагууд, дотоод, гадаадад ажиллаж байгаа эрдэмтэн судлаачидаас хүмүүсээс бүрдсэн Дэмжих багийг байгуулахаар ажиллаж байна. Энэ баг 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байх болов уу.

Түүнчлэн Гүйцэтгэх болон Дэмжих багийн боловсруулсан хуулийн төсөл дээр ажиллах Эрчим хүчний сайдаар ахлуулсан, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга нар орсон Зөвлөх багийг байгуулсан.

Хуулийн төслийг чанартай, сайн боловсруулахын тулд ингэж асуудалдаа төвлөрч, оролцоог хангаж ажиллах нь маш чухал юм.

-Ажлын хэсэг өнөөдөр Гүйцэтгэх багийнхаа мэдээллийг сонслоо. Багийн ажил хэр байна вэ?

-Гүйцэтгэх баг байгуулагдаад ердөө долоо хонож байна. Энэ хугацаанд маш эрчимтэй, зохион байгуулалттай ажилласан нь өнөөдөр хийсэн мэдээллээс харагдлаа. Юуны өмнө Гүйцэтгэх баг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудын хэрэгжилт, түүний үр дагаварт үнэлгээ хийх ажлыг хийж эхлээд байна. Хуулийн заалт нэг бүрээр матрикс гаргаад, хэрэгжиж байгаа эсэх, хэрэгжихгүй байгаа бол яагаад, хэрэгжиж байгаа бол ямар түвшинд, хэдэн хувьтай байна вэ гэх мэтээр нарийвчлан үнэлэх ажиллагаа хийж байна. Хоёрдугаарт, бид эрчим хүчний системийн бүхий л оролцогч талуудын дунд тандан судалгааны ажлыг хийж байна. Үүнд үйлдвэрлэгч, түгээгч байгууллагууд төдийгүй хэрэглэгчдийг хүртэл хамруулан системийн үйл ажиллагаа, үйлчилгээнд сэтгэл хангалуун байна уу, юу нь хаанаа болж, хаанаа болохгүй байна, эрх зүйн зохицуулалтыг ямар байдлаар, хэрхэн шинэчлэх шаардлагатай байна вэ гэх мэт өргөн хүрээтэй асуудлуудаар санал авч байна. Олон нийтээс санал авах зорилгоор бид энэ сарын 15-наас ирэх 11 дүгээр сарын 15-ны хүртэлх хугацаанд “Эрчим хүчний шинэчлэлтэд Та саналаа өгнө үү” гэсэн аяныг зарлаад, аяныхаа постерыг нийгмийн сүлжээ, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр түгээж байгаа. Түүнчлэн гадаад улс орнуудын эрх зүйн орчныг харьцуулан судлах ажлыг эхлүүлээд байна. Энэ судалгаа маш чамбай байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Гүйцэтгэх багийнхан маань Австралийн үндэсний эрчим хүчний хуулийг бүрэн орчуулаад дууслаа. Эстон, Герман, Данийн дулааны эрчим хүчний хууль, Германы сэргээгдэх эрчим хүчний хуулиудыг орчуулж байна. Мөн Олон улсын эрчим хүчний байгууллагаас гаргасан “Хөгжиж буй орнуудын эрчим хүчний салбарын реформыг эргэн харах нь” гэдэг томоохон баримт бичгийг орчуулж эхлээд байна. Энэ судалгаанд эрчим хүчний реформыг хэрэгжүүлсэн дэлхийн 150 гаруй орны алдаа оноо, ололт амжилтыг, цаашид реформыг яаж хэрэгжүүлэх талаар зөвлөгөөг хамруулан авч үзсэн байгаа юм. Дараагийн бас нэг том ажил бол, салбарын нийт байгууллагуудаасаа мөрдөж ажиллаж байгаа дүрэм, журмуудыг татаж авч, судалж байна. Тэдгээр дүрэм журмууд хуулиас давсан зохицуулалттай байна уу, хуулиар зохицуулж болохооргүй харилцааг зохицуулж байна уу гэдэгт бид бас нарийвчилсан үнэлгээ хийж, тайлан гаргана. Хууль зохицуулах ёстой харилцаагаа зохицуулж чадаж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгдөг нэг том индикатор бол гомдогсодын асуудал байдаг. Гомдогсод буюу хуулийн зохицуулалттай холбоотойгоор үүссэн зөрчил маргааны холбогдох талууд, шүүхийн кейсүүдийг судлан үзэж, зохицуулалт ямар байсан бол энэ маргаан гарахгүй байх байсан юм бэ гэдгийг хардаг энэ жишиг олон улсад нийтлэг хэрэглэгддэг.

-Үр дагаварын үнэлгээ, тандалт судалгааны үр дүн урьдчилсан байдлаар яаж гарахаар байна вэ?

-Хуулийн төслүүдийг шинэчлэх шаардлагатай гэдэгтэй салбарын мэргэжилтнүүд санал нэг байна. Одоо мөрдөгдөж байгаа Эрчим хүчний тухай хуулийн зохицуулалт маш ерөнхий. Дулааны салбарыг бараг зохицуулаагүй гэж хэлж болно. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг нарийвчлаад харах юм бол уртаашаа гурван хуудсанд багтдаг. Нэр томъёо, тодорхойлолтууд, тэгээд төрийн байгууллагын эрх, үүрэг, тусгай зөвшөөрөл, үнэ тариф гээд л дуусдаг. Хуулийн зохицуулалтыг ингэж хэт ерөнхий боловсруулж баталснаас болж системийн нарийвчилсан харилцааг хуулиас давсан олон тооны журам, дүрмүүдээр зохицуулахаас аргагүй болж байгаа юм. Журам, дүрмүүдийг захын нэг дарга ирээд сольж, шинэчлээд байдаг болохоор салбарын эрх зүйн орчин бүхэлдээ тогтворгүй болчихож байгаа юм. Гадаад орнуудын хууль тогтоомжуудаас харж байхад эрчим хүчний салбарын бүхий л харилцааг эмх цэгцтэйгээр нэг бүрчлэн хуульчлан зохицуулсан байгаа юм. Хууль бол дүрэм, журмуудыг бодвол тогтвортой, өөрчлөгдөж солигдох нь харьцангуй бага шүү дээ. Гүйцэтгэх баг дээрээ бид орчуулсан, судалсан гадаадын хуулиудыг хэлэлцээд явж байна. Тухайн салбарын байгууллагууд ямар ямар үүрэгтэй, үйл ажиллагаагаа яаж явуулдаг, өөр хоорондоо ямар харилцаатай, зохицуулалт нь ямар онцлогтой вэ гэх мэтийг нэг бүрчлэн ярилцаж байна. Асуудалдаа ингэж төвлөрч, гүнзгийрэн орж ажилласнаар бид эрчим хүчний салбарыг чөлөөт өрсөлдөөнд тулгуурласан зах зээлийн зөв зарчим руу нь шилжүүлэх эрх зүйн шинэтгэлийг хийж чадна. Шинэтгэл хийх цаг нэгэнт болсныг эрчим хүчний салбарын оролцогчид төдийгүй улс төрийн хүрээнийхэн, иргэд олон нийт хүртэл хүлээн зөвшөөрч, сэтгэл зүрхээрээ нэгдэж, дэмжиж байгаад бид маш их баяртай байгаа. Засгийн газрын дэргэд Шадар сайд Т.Доржхандаар ахлуулсан Эрчим хүчний реформын үндэсний хороо байгуулагдаад байна. Энэ хороо болон Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо болон бусад салбарын байгууллагууд манай Ажлын хэсгийн ажилд ихээхэн дэмжлэг үзүүлж, нягт хамтран ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, энэ салбарт шинэтгэл хийх цаг нь болж, тохироо нэгэнт бүрдсэн таатай нөхцөлд ажиллаж байгаа учир манай Ажлын хэсэг үүргээ сайн биелүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.

Хэвлэл мэдээллийн газар

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *