Ч. Номин: CNN, ВВС-гээр Монголыг сурталчлуулах ажил маш сайн үр дүнтэй байгаа

0

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2025 оны
төсвийг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн асуулт, хариултыг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Б.Найдалаа: “Тамгагүй төр” жүжиг гадаадад тоглогдож байгаа. Энэ жүжгийг
гадаад улсад тавихад улсын төсвөөс санхүүжилт өгсөн үү.
Мөн ирэх оны төсөвт Ховд аймагт кино театр барих төсөв суулгасан байна. Улсын төсвөөр кино театр барих гэж байгаа нь өмнөх тогтолцоо руугаа шилжиж байгаа хэрэг үү.
Соёлын сайд Ч.Номин: “Тамгагүй төр” жүжиг Монгол улсыг маш сайн сурталчлан таниулж байгаа боловч төсвөөс нэг ч төгрөг аваагүй. Бид төсөв мөнгөөр бус бодлогын дэмжлэг үзүүлдэг. Энэ жүжигт зориулж улсын төсвөөс ямар нэгэн санхүүгийн дэмжлэг гаргаагүй.
Ховд аймагт баригдах кино театрын тухайд, хотод амьдарч байгаа бидэнд соёлын үйлчилгээ авах боломж маш их бий. Орон нутгийн иргэд ч бидэнтэй адил соёлын арга хэмжээг хүртэх эрхтэй. Та нар хөдөө байгаа учраас кино үзэх эрхгүй гэж болохгүй. Соёлын олон төрлийн
үйлчилгээг иргэдэд үзүүлэх ёстой учраас соёлын төв, кино театр зэрэг олон төрлийн соёлын байгууламжийг улсын төсвөөр барьж байгаа юм.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Соёлын яамны томилолтын зардал 221 саяас 349 сая бол өссөн байна. 57 хувийн өсөлттэй гэсэн үг. Яагаад ингэж өссөн бэ.
Соёлын сайд Ч.Номин: Манай дээр тавигдсан томилолт бол дотоод томилолтын нэгтгэл. Төсвийн ерөнхийлөн захирагчийн хүрээнд 480 гаруй байгууллага бий. Төсөвт тусгаснаар 50 гаруй байгууллагын дотоод томилолт юм.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Ижил зорилготой, хоёр өөр нэртэй төсвийн зардал байгааг тайлбарлаж өгнө үү. Нийт 20 орчим тэрбум төгрөгийн зардал байсан.
Соёлын сайд Ч.Номин: Томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан Монгол Улсын дэлхийд сурталчилдаг. Үүнд, CNN, ВВС зэрэг байгууллагаас нэгдсэн сурталчилгаа хийлгэх зэрэг ажил багтаж байгаа. Үүний үр дүн нь маш сайн байгаа.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хувийн хэвшилтэй хамтраад ямар нэгэн төсвийн санхүүжилтгүйгээр сурталчилгаа хийхэд Монгол улсын олон улсад эергээр танигдсан байдал 82 хувиар нэмэгдсэн. Аялал жуулчлалын салбар өнөөдрийн байдлаар 706 мянган хүн хүлээн авч, 1.4 тэрбум ам.долларын экспортын орлого оруулж ирсэн.
Г.Дамдинням гишүүний асуултаас яг ижил зорилготой хэр нь өөр нэртэй зардал гэж Монголын уран бүтээлчид дэлхийн тавцанд өөрийн улсыг сурталчлан таниулах тоглолт хийдэг. Энэ болов уу гэж бодож байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *