“Сэлэнгэ бодонс” баг сагсан бөмбөгийн түүхэнд хамгийн өндөр буюу 120 сая төгрөгөөр А.Базаргүрийн гэрээг авав
Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн 2024-2024 оны шинэ улирал эхлээд удаагүй байтал маш сонирхолтой нэгэн үйл явдал болсон нь өнгөрөгч улиралд “Сэлэнгэ бодонс” багт харьяалагдаж байсан А.Базаргүр энэ жил шинээр элссэн “SG Apes” багаасаа татгалзсан үйл явдал байлаа. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан “Сэлэнгэ бодонс” багийн эзэн Л.Наранбаатар “SG Apes” багийн эзэн О.Мөнхжинд А.Базаргүрийн гэрээг хамгийн өндөр үнээр буюу 120 сая төгрөгөөр худалдан авах санал тавьснаар хоёр тал агентын оролцоотойгоор тохиролцсон нь сагсан бөмбөгийн спортын түүхэнд шинэ соёл нэвтрүүлж, дараагийн шатанд хүргэх эхлэл тавигдлаа гэж сагсан бөмбөг сонирхогчид ярьж байна.
Багийн эздийн тухайд хоёул сошиал хуудаст олон дагагчтай бөгөөд хэн хэн нь өөр өөрийн зан характертай гэдгээрээ алдартай. Хэдийгээр тэд А.Базаргүрийн асуудлаар сошиал хуудаснаа ширүүхэн “маргаан” өрнүүлсэн ч эцэст нь спортын соёл үзүүлж, тамирчныг хохироолгүйгээр тамирчин солилцооны гэрээг байгуулж, харилцан тохиролцож чадлаа.
Тэдний сошиал сувагтаа илэрхийлсэн байр суурийг хүргэе.
“SG Apes” багийн эзэн О.Мөнхжин:
-Бас нэгэн сайхан мэдээ. “SG Apes” болон “Сэлэнгэ бодонс” багууд тохиролцоонд хүрч, тамирчин А. Базаргүрийн гэрээг “Сэлэнгэ бодонс” баг 120 сая төгрөгөөр худалдаж авлаа. Энэ бол спортын зөв хөгжил. Тамирчид минь мэргэжлийн тамирчны гэрээ байгуулсан л бол хөдөлшгүй байдгийг, ирье гээд ирдэг, явъя гээд явчихдаггүйг ахин сануулъя. Хамгийн өндөр саналыг тавьж, харилцан зөв тохиролцож, Монголд анх удаа хамгийн өндөр дүнгээр тамирчин солилцооны гэрээг байгуулсан “Сэлэнгэ бодонс” баг болон багийн эзэн Л. Наранбаатарт баяр хүргэе. А.Базаргүр дүүдээ цаашдын спортын замналд нь өндөр амжилт хүсье. Сагсан бөмбөгийн спорт минь улам хөгжсөөр байна.
Сэлэнгэ бодонс багийн эзэн Л.Наранбаатар:
-О.Мөнхжин бид хоёр яаж ч маргаж, биесээ хэмлэж болно. Сагсан бөмбөгийн дараагийн хөгжлийн төлөө харилцан буулт, тохироо хийж, А.Базаргүрийн “SG Apes” гэрээг “Сэлэнгэ бодонс” баг худалдан авснаар тамирчныг хохироолгүй хуулийн дагуу А.Базаргүр албан ёсоор гэртээ буцаж ирлээ.
“Онч нүүдэл” хуулийн фирмийн хуульч Ш.Алтангадас:
-Монголын сагсан бөмбөгийн спортын түүхэнд ач холбогдол бүхий нэгэн үйл явдалд оролцлоо. А.Базараа маань тоглогчийн гэрээнд шаардлагатай асуудлаар хууль зүйн зөвлөгөө хүссэний хүрээнд түүний хүсэл, сонирхолд үндэслэн манай хуулийн фирмийн зүгээс “SG Apes” багтай байгуулсан гэрээг “Сэлэнгэ бодонс” багт шилжүүлэх хууль зүйн асуудалд тоглогчид зөвлөх үйлчилгээ үзүүлж бодонгуудтай тохиролцоонд хүрч ажил амжилттай дууслаа. Сагсан бөмбөгийн спортын хувьд агентын үүргийг гүйцэтгэх гэж оролдлоо гэжээ.
Эндээс харахад, А.Базаргүрийн кэйс Монголын сагсан бөмбөгийн ертөнцөд сайн гэж хэлж болохуйц олон үр дагавар үзүүллээ. Тухайлбал, тамирчид цаашдаа баг болон клубтэй байгуулсан гэрээндээ хариуцлагатай, хүндэтгэлтэй хандах, тамирчид багуудтай гэрээний хэлцэл хийхдээ мэргэжлийн агентаар (эсвэл хуулийн фирм) дамжуулж хийдэг болох, улмаар энэ зах зээл хоосон байгааг харууллаа. Мөн энэ талбарт цаашид мэргэжлийн агентууд бий болох эрэлт хэрэгцээ байгаа ба агентууд бий болсноор зөвхөн дотоодод бус гадаадын клубүүдэд тамирчдыг экспортоор гаргах боломж бүрдэж, энэ зах зээл хөгжих юм. Ямартай ч Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн шинэ улирал тун сонирхолтой эхэлж, тун ширүүн өрсөлдөөнөөр үргэлжилж байна. Тодруулбал, дээр дурдсан тамирчин солилцох гэрээ байгуулсан “Сэлэнгэ бодонс” болон “SG Apes” багууд энэ сарын 26-нд “Дархан Юнайтед Арена”-д 14:30 цагт тоглохоор учраа таараад байгаа юм. Тус хоёр багийн тоглолтын тасалбар хэдийн 10 хоногийн өмнө дуусчихсан бөгөөд тамирчид болон сагсан бөмбөг сонирхогчид энэхүү тоглолтыг сонирхолтой ажиглан хүлээж байна. Учир нь SG Apes-т байсан тоглогч А.Базаргүр эргэн “Сэлэнгэ бодонс” багтаа нэгдэн бэлтгэлдээ орсон ба хуучин “SG Apes”-т байсан Батбаяр тэргүүтэй гурван тоглогч хуучин багийнхаа эсрэг тоглох нь. Энэ бол сагсан бөмбөг сонирхогчдын өнцгөөс харахад, хамгийн сонирхолтой “тулаан” болно гэсэн хүлээлттэй байгааг дурдъя.
Ийн жилээс жилд үзэгч фэнүүд, хөрөнгө оруулагчдаар цар хүрээгээ тэлж буй дээд лигийн дотоодын өрсөлдөөн ширүүсэж, багууд олон улсаас өндөр зэрэглэлийн дасгалжуулагч, тамирчдыг элсүүлсээр байна. Дотоодын тамирчдын үнэлгээ ч өсөж, цалин гэрээ нь Азийн топ лигүүдийн хэмжээнд дөхөж эхэллээ. Энэ бол Монголын сагсан бөмбөгийн холбоо үр дүнтэй менежментээр ажиллаж байгаагийн илрэл юм. Цаашид ч тус холбоо үйл ажиллагаа, цар хүрээгээ тэлж сагсан бөмбөгийн спортын хөгжлийн шинэ шатанд ахиулсаар байгаа гэдгээ энэ мэт үйлдлээрээ харуулсаар байна.