Инчоны нисэх онгоцны буудлаар зорчиж байсан монгол эрэгтэйн ачаанаас 100 ширхэг сум илрүүлжээ
Өмнөд Солонгосын Инчоны олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин өнгөрч байсан монгол зорчигчийн ачаанаас 100 ширхэг цэнэгтэй сум олж илрүүлсэн талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Тодруулбал, өнгөрөгч гуравдугаар сарын 15-ны өдөр АНУ-ын Вашингтон хотоос Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын 2-р терминалаар дамжин Монгол руу зорчиж явсан Монгол Улсын харьяат, 60 гаруй насны эрэгтэй А-гийн ачаанаас 22 калибрын гар бууны 100 ширхэг сум олсон гэж тус нисэх буудлын цагдаа нар өнөөдөр /2023.04.03/ мэдэгдсэн байна.
Нисэх буудлын аюулгүй байдлын шалгалтын ажилтан А-гийн ачааг холбогдох албаныхныг байлцуулан онгойлгож, сумнуудыг шалган, холбогдох байгууллагад хүргүүлсэн бөгөөд Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын цагдаагийн алба, Батлан хамгаалахын сөрөг тагнуулын команд төдийгүй Нисэх онгоцны буудлын тэсрэх бөмбөг устгах баг хэргийн газарт ажиллаж, хамтарсан шалгалт хийсэн аж. Мөрдөн байцаалтын явцад А нь “Монголд очоод буудлагын бэлтгэл сургуулилт хийхийн тулд АНУ-ын Вашингтон хотоос спортын зориулалтаар сум худалдаж авсан. АНУ-аас худалдаж авсан сумыг Монгол руу яагаад авч явж болдоггүй юм?” хэмээн эсэргүүцсэн гэжээ.
Үүний дараагаар цагдаа нар 100 ширхэг сумыг хураан авч, тус зорчигчийг эх орноосоо гарахыг тушаасан байна.
Инчоны нисэх буудалд цэнэгтэй сум олдсон хэрэг өнгөрсөн сард гэхэд үүнээс гадна дахиад хоёр ч удаа гарсан билээ. Өнгөрөгч гуравдугаар сарын 10-ны өдөр АНУ-ын Лас Вегас хотоос Инчоны олон улсын нисэх буудлаар дамжин Филиппиний Манила хотын зүг хөөрөх гэж байсан “Korean Air” компанийн нисэх онгоцны зорчигчдын суудал дороос 9 мм-ийн гар бууны хоёр сум олдсон ба улмаар онгоц яаралтай терминал руу буцсан. Харин мөн адил сарын 16-ны өдөр тус нисэх буудлын 1-р терминалын 3 давхарт байрлах хогийн савнаас 5.56 мм-ийн хэмжээтэй америк бууны сум олдсон юм.
Эх сурвалж: SBS News