“Хоум Плаза”-г нураах нь зүйтэй гэх иргэдийн шүүмжлэл эздийнх нь чихнээс хонх уяж эхэллээ
Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хоум Плаза”-г нураах нь зүйтэй гэх давлагаа цахим орчинд үүсээд байна. Тодруулбал, энэ барилгын байршил тухайн хэсгийнхээ авто замын түгжрэлд голлох нөлөө үзүүлдэг буюу буруу газар баригдсан гэгдээд удаж буй. Өмнө нь 2017, 2020 онуудад нураах асуудал яригдаж байсан ч үр дүнд хүрээгүй. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд нураах үндэслэлийг хуулийн хүрээнд хэн ч гаргаж ирж тавиагүй гэж хэлж болно.
Харин иргэдийн зүгээс ялангуяа БЗД-ийн 26, 36 дугаар хорооны оршин суугчид болоод Хан-Уул дүүргийн 15 болон Олимпын гүүрээр Зайсан болон хотын төв рүү тогтмол зорчдог иргэд “Хоум Плаза” түгжрэлд нөлөө үзүүлдэг гэдгийг илэрхийлсээр удаж буй. Жишээлбэл тус барилгын зүүн талд амьдардаг иргэд хотын төвөөс “Олимпын гүүр”-ээр урагш давж гэртээ харихын тулд заавал “Хоум Плаза”-г бүтэн тойрч урдуур нь эргэдэг. Энэ эргэлт Солонгос элчин талаас Хан-Уулын И-Март чиглэлд зорчиж буй урсгалтай нэгдэж түгжрэл үүсгэдэг. Тиймээс тухайн хэсгийг дөрвөн замын уулзвар болгон өөрчлөх нь зөв хэмээн иргэд шүүмжилсээр буй. Энэ агуулгаар бид цахим хуудсандаа санал асуулга үүсгэхэд 1200 хүн оролцож долоон хүнээс бусад нь санал нийлж буйгаа илэрхийлэв.
Дата мэдээллийн сангаас харвал “Хоум Плаза” нь “Минт Интернэшнл” компанийн эзэмшлийнх бөгөөд эзнээр нь 2017 оноос хойш 2022 хүртэл Цэндсүрэн Сэргэлэн гэх хүн бүртгэлтэй байсан бол хоёр жилийн өмнөөс Эрдэнэбатын Хангал гэх хүн гүйцэтгэх захирлаар бүртгэгджээ. Харин олон нийт тус компанийг бизнесмэн Б.Энхбаяр эзэмшдэг гэдэг. Үүнээс гадна Э.Нандинзүрх, Ц.Сандуй зэрэг хүмүүс хувь эзэмшдэг гэх. Гэвч дата мэдээллийн санд одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл алга байна.