Эрчим хүчний салбарын шинэчлэл Монгол Улсын бүх салбарт үр нөлөөгөө өгнө
Өнгөрсөн өдөр хоногуудад анхаарлын төвд байсан нэг сэдэв бол цахилгаан, дулааны үнэ нэмэгдэх тухай. Угтаа арай ядан дэнжигнэж, эрчим хүчээ тасалчихгүйхэн шиг авч явах гэж, гал алдчихгүйхэн шиг өвлийг давахад ямар их хүндрэл тулгараад байгааг бид мэдэж л байгаа. Гэвч хоолой дээр тулаад ирэхээр цахилгааны үнээ өгөхөд гол зуртал нарийлна. Харин эрчим хүчний алдагдалтай явж ирсэн, өнтэй өвөлжих эсэхэд эргэлзээтэй болчихсон талаар санаа зовниж байгаа нь цөөн. Энэ бол зүгээр нэг үнэ нэмж, иргэдийн халаасанд гар дүрэх санаархал биш гэдгийг бид ойлгох ёстой юм. Цахилгааны үнийг нэмэх нь нэгэнт тодорхой болчихлоо. Эрчим хүчний зохицуулах хороо удахгүй хэдэн төгрөгөөр нэмж байгаагаа танилцуулна гэдгийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдэгдсэн. Олон жилийн турш үнийг нь барьж ирсэн энэ салбар сэхээнд ороод удаж байгаа. Тиймээс үнийг нэмэхээс өөр аргагүй. Харин бүх зүйлээ төрөөр даалгаж, халамжинд угжуулах хүсэлтэй манай иргэд эсэргүүцэх хандлагатай байна. Эсэргүүцэхээсээ өмнө нэг бодлого бодоё. Айл өрхүүдийн цахилгааны төлбөр дунджаар сард 30-60 мянган төгрөг. Өдөрт 1000-2000 төгрөг гэсэн үг. Тэгэхээр нэг айл өрх өдөрт дунджаар 1000-2000 төгрөг төлөөд хоол, цайгаа чанаж, гэрлээ асааж, зурагтаа үзэж, хувцасаа угааж, индүүдэж, утсаа цэнэглэдэг гэсэн үг. Ийм бага зардлаар энэ их үйлчилгээг авсаар иржээ. Дан ганц цахилгааны үнийг нэмэх нь гэж ярих учир дутагдалтай.
Хамтарсан Засгийн газар зөвхөн цахилгаан, дулааны үнийг нэмэхдээ бус эрчим хүчний реформыг цогцоор нь хийхээр төлөвлөжээ. Хамтарсан Засгийн газар байгуулсны нэг зорилго нь ч энэ биз. Цахилгаан, дулааны станцууд байгуулагдсан цагаасаа л алдагдалтай ажилласаар ирсэн. Үүний шалтгаан нь цахилгаан, дулаанаа хэрэглэгчдэд нийлүүлж буй үнэ нь үйлдвэрлэж байгаа зардлаас нь хэд дахин бага байгаатай шууд холбоотой. Цахилгаан, дулааны станцууд цаг үргэлж алдагдалтай ажиллаж ирсний зэрэгцээ цаанаа нүүрсний уурхайнуудад бүгд хуримтлагдсан өртэй. Хамгийн сүүлд ашиглалтад орсон Амгалан дулааны цахилгаан станц ч аль хэдийнэ алдагдалтай ажиллаад эхэлсэн. Цахилгаан, дулааны станцууд, нүүрсний уурхайнууд нь бүгд төрийн өмч учраас энэ хооронд мөд төлөгдөж барахааргүй өрийн сүлжээтэй, хэзээ ч нөхөгдөхгүй алдагдалтай ажилласаар л байна. Хэрэв энэ бүхэн хувийн өмч, хувийн өмч биш юмаа гэхэд анхнаас нь бизнесийнх нь зарчмаар явуулсан бол хэзээ ч ийм байдалд орохгүй байсан ч байж болох. Нэг л хувийн өмч байсан бол тэр газарт нь гацалт үүсэж зогсох байлаа. Тиймээс хамтарсан Засгийн газар энэ бүхнийг өөрчлөхөөр эрчим хүчний реформ хийх нь. Энэ бол ахиц, дэвшил. Олон нийт хамаг анхаарлаа цахилгаан, дулааны нэмэгдэлд л хандуулаад байгаа болохоос цаана нь Засгийн газар юу төлөвлөж, ямар өөрчлөлт шинэчлэлт хийх гэж байгааг анзаарч харахгүй байна.
Хамтарсан Засгийн газар байгуулагдсан даруйдаа Эрчим хүчний үндэсний хороог Шадар сайд Т.Доржхандаар ахлуулан байгуулахаас энэхүү реформыг хийх ажлаа эхлүүлсэн юм. Мөн эрчим хүчний багц хуулийг боловсруулж, шинэчлэх зорилгоор УИХ-аас ажлын хэсэг байгуулсан. Тэгвэл ажлын хэсэг эрчим хүчний салбарын хууль эрх зүйг сайжруулахаар ажиллаж эхэлжээ.
Шадар сайд, Эрчим хүчний үндэсний хорооны дарга Т.Доржханд “Эрчим хүчний реформ нь гэдэг үнэ тарифыг өөрчлөх асуудал биш. Эрчим хүчээ экспортолж, орлого орох шаардлагатай. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний салбарт бүтцийн өөрчлөлт хийнэ” гэсэн бол Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Эрчим хүчний зардал 357 тэрбум төгрөг, уурхайн алдагдал 80 тэрбум төгрөг байна. Урт хугацааны алдагдал нэг их наяд 800 тэрбум төгрөг байхаар байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд хамтарсан Засгийн газраас байгуулсан Эрчим хүчний үндэсний хороо реформ хийхээр ажиллаж байна. Үнэ тарифын тухайд одоо зөвхөн зах зээлийнх нь өртөгт ойртуулах байдлаар ажиллаж байна. Дараа нь төрийн өмчит компаниудыг хувьчлах асуудал ярина. Тэгэхгүй бол манай салбар ашиггүй учраас хэн ч сонирхож хөрөнгө оруулахгүй байна” гэсэн юм.
Тэгэхээр цахилгаан, дулааны төрийн өмчит компаниудыг хувьчлах асуудал яригдах нь. Ингэж байж бүх асуудал зах зээлийнхээ зарчимд шилжиж үр ашигтай ажиллана гэж үзжээ. Энэ мэтээр эрчим хүчний салбарт реформ хийхийн тулд бүх хууль, дүрэм журмыг нь шинэчлэх шаардлагатай болно. Эрчим хүчний хууль 2001 онд батлагдсан. Мөн энэ хуулиас давсан журам их байгааг УИХ-ын гишүүн, Эрчим хүчний үндэсний хорооны дэд дарга М.Энхцэцэг онцолсон юм. Удахгүй УИХ эрчим хүчний багц хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлэх нь. Одоогийн байдлаар УИХ-ын 126 гишүүний 103 нь эрчим хүчний реформыг хийхийг дэмжиж гарын үсгээ зуржээ. Эрчим хүчний салбарын шинэчлэл нь ганцхан энэ салбарын шинэчлэл бус Монгол Улсын бүх салбарт нөлөөлөх шинэчлэл юм. Цахилгаан эрчим хүчгүйгээр ямар ч үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, хөгжлийн төслүүд урагшлах боломжгүй гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.