МҮХАҮТ 2025 оны төсвийн төслийг буцаахыг шаардлаа

0

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын удирдах зөвлөл болон гишүүн бизнес эрхлэгчдийн төлөөллөөс 2025 оны төсвийн төслийн зардлын нэмэгдлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Төрийн оролцоог нэмэгдэж, бизнесүүд хумигдах эрсдэл үүсэж байгааг тодотгов.МҮХАҮТ-ын гишүүн Б.Лхагважав: Манай танхимаас эрх барих дээд байгууллагад гишүүн илгээсэн. Гэхдээ эрх баригч намын хүүхэлдэй бол гэж илгээгээгүй. Хамгийн гол нь ард түмний төлөөлөл, нэн ялангуяа бизнес эрхлэгч нар болон зах зээлийг авч яваа хүмүүсийн төлөөлөл очсон. Гэтэл очсон хүний маань эрх чөлөөг хааж байна. Төсөв УИХ болон УИХ-ын гишүүний онцгой эрхийн асуудал. Гэтэл УИХ-аа төсвөө боож оруулж ирсэн Засгийн газар нь дарамтлах, хамтарсан засаг нэрээр намуудын дарамтад татвар төлөгчдийн мөнгийг хязгааргүй эдлэх эрх рүү орж байгааг бид эсэргүүцэж байна. Төсвийн зардал, ялангуяа чөлөөт зах зээлийг хумьсан, буцаад коммунизм руу эргэсэн энэ төсвийг баталбал бид үндсэн зарчмаасаа ухрах эрсдэлд орно. Тиймээс танхим үүнийг эрс эсэргүүцэж, 2025 оны төсвийг буцаан татахыг шаардаж байна. Ялангуяа төсвийн төслийг оруулж ирсэн Сангийн сайдыг огцруулах ёстой. Учир нь, энэ хүн нэг сар Сангийн сайд хийгээгүй, 4 жил Сангийн сайд хийж байгаа. Гэтэл энэ хүн бизнес эрхлэгчдийн үнэ цэн, эрх чөлөө рүү халдсан төсвийг удаа дараа оруулж ирж байна. Тиймээс энэ хүнтэй хариуцлага тооцох ёстой. Цаашлаад Ерөнхий сайдтай ч хариуцлага тооцох асуудал нээлттэй. Хамгийн гол нь татвар төлөгчид кодивын хүнд хэцүү үе, түүнээс хойш дандаа татварын орлогоо давуулан  сайн биелүүлсэн. Гэтэл өнөөдөр татвар төлөгчид төсөв, нийтийн санхүүг хуримтлуулсныхаа төлөө дахин дарамтад орох, төрийн танхайсан бүтцийг тэжээх гэж байна. Энэ байдал руу яваад байгаа учраас манай танхимын удирдлагууд нэгдэж байгаа юм.Жүр-Үр ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхзул: 2025 оны төсвийн орлого, зарлага тус бүр таван их наядаар нэмэгдэж орж ирлээ. Энэ нь 2022 онтой харьцуулбал хоёр дахин, 2020 онтой харьцуулбал 3 дахин их байна. Төсвийн хэт тэлэлтийг дагаад төсвийн урсгал зардал маш нэмэгдэж байна. Үүнийг бизнес эрхлэгч дэмжихгүй, хүлээн авах боломжгүй. Эдийн засаг таатай байх, орлого өсөх цонх үе дээр Монгол Улс ирээд байгаа нь үнэн. Гэхдээ энэ үеэ бизнесүүдээ тэлэх, хөгжлийг тэтгэх төслүүдээ хөдөлгөх, ард түмний амьдралыг дээшлүүлэхэд төсвийн нэмэгдсэн орлогыг чиглүүлэх ёстой байтал төрийн урсгал зардал руу орж байна. Энэ нь өөрөө эдийн засгийн таатай үеэ зөв зохистой ашиглахгүй байна гэсэн үг. Тиймээс шийдвэр гаргагчдад төсөвтөө ухаалаг хандаж, урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй байхыг хүсэж байна.МҮХАҮТ-ын УЗ-ий гишүүн: 2025, 2026 оноос төмрийн хүдэр, алт, нүүрсний үнэ ирэх жилүүдэд хорин хувийн бууралттай байхаар байна. Хамтын шийдвэр гаргаж байгаа бол тооцоо судалгаагаа хийж, хамтын хариуцлага хүлээж сураач ээ. Хувийн сектор хийж болох төслүүд дээр оновчтой шийдлээ гаргаж, эрэмбээ гаргахгүй байна. Амлалтаа өгч гарсан УИХ-ын гишүүд ээ, амлалтаа биелүүлээч ээ. Яагаад УИХ-ын зааланд ороод амлалтынхаа эсрэг ажиллаад байна вэ. Амлалтаа биелүүлэхийг шаардсан гишүүдийн талд яагаад зогсохгүй, дуугарахгүй байна вэ гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *