Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлыг сонгов

0

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2024.11.05) хуралдаан 10 цаг 57 минутад гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд “Нэр дэвших хүсэлтийн загвар батлах тухай”  Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав.

Эдийн засгийн байнгын хорооны харьяанд Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хууль тогтоомж болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгах, хэрэгжилтэд хяналт тавих асуудлыг дагнан хариуцаж, эрхлэх асуудлынхаа хүрээнд судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан тушаалтан, иргэн, байгууллагаас тайлбар авах, ажлын хэсэг байгуулах, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, эрхэлсэн асуудлаараа тогтоол гаргах эрхтэй Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо байгуулагдсан. Тус дэд хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёлыг нэр дэвшүүлж буйг Р.Сэддорж дарга танилцууллаа.

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргад нэр дэвшүүлэхтэй холбоотой асуудлаар Н.Алтаншагай гишүүн лавлаж, Байнгын хорооны даргаас хариулт авлаа. Дэд хорооны даргад нэр дэвшүүлэх, сонгох нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн дагуу явагддаг гэлээ. Дараа нь санал хураалт явуулахад гишүүдийн олонх Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар Б.Мөнхсоёл гишүүнийг сонгохыг дэмжив. Иймд холбогдох тогтоолын төсөл батлагдаж, Р.Сэддорж дарга Байнгын хорооны тогтоолыг уншиж танилцууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *