Халзан бүрэгтэйг хазлан бүрэлгэх шалтгаанууд
Орчин цагийн дэвшилтэт техник, технологийн үйлдвэрлэлд хамгийн эрэлттэй түүхий эд буюу газрын ховор элементийн чамгүй арвин нөөцтэй Халзан бүрэгтэйн орд газрыг түшиглэн хэрэгжүүлэх төсөл сүүлийн жилүүдэд амжилттай хөдөлсөн боловч уул уурхайг улс төржүүлэх замаар улдан эцэсргүүцэж, унагаж, гацаадаг жишиг рүү явчихлаа. Оюу толгойн гэрээг байгуулахаас өмнө олон жил хойш чангаасан түүх давтагдаж байх шиг. Монголчууд аль хэдийнэ уул уурхайгаас бүрэн хамаарал бүхий эдийн засагтай улс болсон ч зөвхөн энэ салбараа л самарч сандаачих дуртай.Унаган нутаг, уул усандаа хайртай уугуул иргэдийн сэтгэл зүтгэлийг үгүйсгэж болохгүй. Гэхдээ улс төржих, уул уурхайг эсэргүүцэх хоёрт учир ялгаа их бий. Аливаа уурхай-төсөл тухайн бүс нутгийн иргэдийн ахуй амьдрал болоод нийгэм, эдийн засагт үр ашигтай юу, эсвэл хор хохиролтой юу гэдгийг мэргэжлийн байгууллагаас хийсэн бодит судалгаагаар тодорхойлох ёстой. Энэхүү амин чухал судалгааг “Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ” гэдэг. Тэгвэл Халзан бүрэгтэй төсөл яг одоо иргэдтэй хамгийн ойр ажиллах, хамгийн чухал мэдээлэл өгөх үе шатандаа явж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ төсөл байгаль орчин, хөрс, ургамал, биологийн олон янз байдал, гадаргын болон гүний усны горим, нөөц, агаарын чанарт яаж нөлөөлөх, бүс нутгийн нийгэм, эдийн засагт ямар үр ашигтай байх зэргийг судлах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах “Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ” /БОННҮ/-гээ хийж эхэлсэн. Энэ ажил нийт найман улирал буюу 24 сарын хугацаанд үргэлжилнэ.Ховдын иргэд болоод Халзан бүрэгтэй төсөлд санаа чилээгчид чин үнэнээсээ энэ асуудлыг анхаарч байгаа бол уг төслийн БОННҮ-тэй нухацтай танилцах учиртай. Ер нь ямар ч уул уурхайн төслийг хөндлөнгөөс энгийн нүдээр хараад юм уу, дотоод итгэл үнэмшил, үзэл бодлоороо “Уурхай л юм чинь аюултай байж таараа” гэж дүгнэх боломжгүй. Харамсалтай нь, нөхцөл байдалд сөрөг уур амьсгал давамгайлж, буруу тийш хазайж эхлэх маягтай боллоо.Орос, Монголын хамтарсан геологийн судалгааны баг тэртээ 1984 онд анх хүдрийн илэрлийг тогтоосноос хойш 40 жилийн дараа нөөцөө албан ёсоор баталгаажуулж, өнөөдөр олон улсын аргачлалаар ТЭЗҮ-гээ боловсруулаад байгаа энэ чухал төслийг “цацраг аюултай” гэх мэт ухвар мөчид муйхар тайлбараар гацааж мэдэх нь ээ. Яг үнэндээ уг төсөл аюултай юу, ашигтай юу гэдгийг тодорхой болгох судалгаа нь дөнгөж эхэлж байхад шүү дээ. Судалгааг хийлгэхгүйгээр ингэж их хөөсөрч байна гэдэг цаанаа огт өөр шалтгаантай. Ганц ч бус хэд хэдэн шалтгаан байгааг товч дурдъя.
ШАЛТГААН 1. Өстнөө өрөөлөөр намнуулах боломж…Халзан бүрэгтэй орд газрын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай бол тухайн бүс нутагт олгогдсон бусад газартай харьцуулахад маш багад тооцогдоно. Жишээ нь, А лицензтэй хоёр талбайн хэмжээ нийлээд ердөө 313 га болдог. Нэг дор яг залгаад байгаа Цахир толгойн орд газрыг эзэмшдэг “Апро” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн хэмжээ 10 мянган га-гаас дээш хэмжээтэй. Цөөхний улаан, Хар ямаат зэрэг хайгуулын талбайн хэмжээ мөн л 10-15 мянган га. Ховд голын ай савд хамгийн ойр нь гэвэл “Эрдэнэ дисковери” компанийн эзэмшдэг Зээрэн нуур талбай бөгөөд Халзан бүрэгтэйгээс 10 дахин том буюу 3000 орчим га болдог.Тэгвэл яагаад тэмцэгчид хамгийн том талбайтайг нь бус хамгийн жижиг газар орон зайд үйл ажиллагаа явуулж байгаа Халзан бүрэгтэйг онилов? Яагаад гэвэл төсөл хэрэгжүүлэгч “Монголиан нэшнл рийр ийрт корп” компани буюу Монголын үндэсний газрын ховор элементийн корпораци нь анх Канад улсын хөрөнгө оруулалттай байсан боловч эцсийн өмчлөгч нь ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн хүү Э.Тулга юм.Д.Эрдэнэбилэг Эрдэнэтийн 49 хувиас эхлээд Дарханы төмөрлөг, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр гээд олон том төсөл дээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газартай зөрчилдсөн, тэмцэлдсэн. Одоо ч зарим маргаан эцэслээгүй яваа. Тийм учраас Ерөнхий сайд газрын ховор элементийн төсөл эдийн засагт хэдий чухал байлаа ч түр зогсолт хийж, өрсөлдөгчөө өрөөлөөр баалуулах, чулуугаар нүдүүлэх боломжийг ашиглаж байна. Энд зөвхөн эдийн засгийн төслүүдийн маргаанаар зогсохгүй Ц.Элбэгдорж нартай холбогдох улс төрийн зөрчлийн том шалтгаан ч бий. Тийм ч учраас Ерөнхий сайд УИХ-ын 2024 оны сонгуулиас өмнө Халзан бүрэгтэй төслөөс зай барьж, “Иргэд өөрсдөө мэд” гэсэн тэмцлийн идэвхжүүлэлт хийж өгөөд холдсон. Тиймээс төслийн бодит үр дүн, үр дагаварт бус төсөл хэрэгжүүлэгч рүү чиглэсэн дайралт ийм хүчтэй байна гэж хардах үндэслэлтэй. ШАЛТГААН 2. Популизм хийх боломж…Иргэдийн эсэргүүцэл тэмцэл хаана хүчтэй байна тэнд улстөрчид популизм хийх боломж улам нэмэгдэж байдаг. Жишээ нь, Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөх байсан Э.Болормаа Ховдын Засаг даргаар ажиллах хугацаандаа Эрдэнэбүрэнгийн УЦС зэрэг томоохон төслийг хөдөлгөхийн төлөө хэрэндээ чардайсан. Халзан бүрэгтэй дээр ч хариуцлагатай хандаж байсан нь саяхан. Гэтэл сонгууль болуут төрөл арилжиж, иргэдэд хайртай баатрын дүрээр эв дүйгүй улс төр хийж эхлэв. Сонгуулийн дараа буюу шинэ Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-аар өнгөрсөн наймдугаар сард хэлэлцэхэд ч “Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааныг хэт шуурхай ажиллаж, Халзан бүрэгтэйг дэмжлээ” гэж шүүмжилсэн. Нэгэнт төр засгийн бодлого тодорхой болсон бол шуурхай ажиллах нь салбар харицсан сайдын үүрэг. Яамдыг хойрго бус шуурхай ажиллалаа гэж шүүмжлэх нь баруунд боловсрол эзэшсэн залуу хүнээс гарамгүй популист хандлага байв.Э.Болормаагаас гадна энэ төслөөр шалихгүй улс төр хийж, шат ахисан хүн цөөнгүй. Тэр болгоныг энд дурдах нь илүүц. ШАЛТГААН 3. Засаг займчуулах боломж…Сүүлийн үед Ховд аймгийн төвд болон Мянгад суманд Халзан бүрэгтэй төслийг эсэргүүцсэн жагсаал цуглаан, сошиал акц эрс идэвхжих болсон нь АН, МАН-ын бүлэг фракцуудын зөрчил хийгээд засаг ганхуулах сонирхолтой шууд холбоотой. Уул уурхайн төслийн үр өгөөж, ач холбогдлыг хөсөр хаяж, зөвхөн аюул сүйрэл ирнэ гэсэн айдсаар бөмбөгдөж байгаагаас улс төрийн цаад сонирхол нь нэвт шувт харагдана. Яагаад гэвэл хот хөдөө гэлтгүй яаж ийгээд Засгийн газрыг займчуулж, тогтворгүй байдал үүсгэх нь тоглоомын гадна үлдсэн хэсэгт ашигтай. Нөгөөтэйгүүр, томоохон төсөл, толхиотой улс төр дээр дөрөөлж амь зуудаг хуурамч эх орончдод нэн таатай нөхцөл бүрдүүлж байна. ШАЛТГААН 4. Төсөл хэрэгжүүлэгчийн чадавх сулХалзан бүрэгтэй бол нөөцийн хэмжээгээрээ энэ чиглэлдээ дэлхийн томоохон ордын ангилалд багтах боломжтой. Хэдийгээр Австрали, Канадын зөвлөх компаниудтай хамтран ажиллаж байгаа ч орон нутаг, олон нийттэй харилцах, хүлээн зөвшөөрөгдөх арга барилын хувьд харьцангуй сул байгаа нь ажиглагддаг. Цар хүрээ нь харьцангуй том боловч цаана ч наана ч тулгарах бэрхшээл ихтэй харьцангуй шинэ, залуу баг учраас аргагүй биз.Жишээ нь, Баянхонгор аймгийн Шинэжинст суманд алт, зэсийн томоохон бүлэг орд эзэмшдэг “Эрдэнэ ресурс” компани төслийн эхний жилүүдэд орон нутгийн иргэдийн чамгүй эсэргүүцэлтэй тулсан. Харин өнгөрсөн оны нэгдүгээр сард уул уурхайн томоохон олборлогч Монголиан Майнинг Корпорэйшн /MMC/-тэй стратегийн түншлэлийн гэрээ байгуулан хамтран ажилласнаар уугуул иргэд болон орон нутаг, олон нийтээс ирэх эсэргүүцэл тэмцлийг ухаалгаар зохицуулж, төслөө амжилттай урагшлуулж байна. Тэд боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтаа эхлүүлж, тухайн бүс нутаг руу хатуу хучилттай авто зам барих болсноор байгаль орчны сэдэвтэй асуудал, эсэргүүцлийн ард гарч чадсан гэхэд болно. Түүнчлэн, уул уурхай дахь улс төрийн сөрөг нөлөө, нийгмийн реакцийг хамгийн сайн мэдэх арвин туршлагатай учраас оновчтой менежмент хэрэгжүүлж буй.Харин Халзан бүрэгтэй төслийн хувьд хазлан бүрэлгэхээр хаа сайгүй давшилж буй энэ эгзэгтэй цаг үеийг хохирол багатай даван туулж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Тэд үйл ажиллагаандаа олон улсын стандартыг чухалчлахаас гадна олон нийттэй харилцах, нийгмийн сэтгэл зүй, улс төрийн уур амьсгалд дасан зохицох, зохистой хариу үйлдэл үзүүлэх дотоод ур чадвар, арга барилдаа онцгой анхаарах шаардлагатай. Эс бөгөөс газрын ховор элементийн зах зээлд Хятадаас үл хамаарах нийлүүлэлтийн шинэ суваг бий болгох стратеги нь нурж, эрэлт хурдтай нэмэгдэж байгаа хамгийн таатай цаг хугацаагаа алдах эрсдэлтэй.