Дархан аварга А.Сүхбат торгуулжээ
Увс аймгийн Өндөрхангай сумын Хан хөхий нуруу руу зөвшөөрөлгүйгээр буутай нэвтэрснээсээ болж, УИХ-ын гишүүн асан, Дархан аварга А.Сүхбат нэг сая төгрөгөөр торгуулжээ.
Тэрбээр хоёр машин хөлөглөн арав гаруй хүний хамтаар улсын тусгай хамгаалалттай газар руу зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн үедээ байгаль хамгаалагч нарт “гардуулсан” байдаг.
Улмаар тус хамгаалалтын газрынхан Дархан аварга А.Сүхбат нарт Зөрчлийн хуульд заасны дагуу торгох арга хэмжээ авсан нь энэ аж. Сануулахад, Дархан аварга А.Сүхбат 2021 онд “Covid-19” цар тахлын үеэр хөл хорио тогтоосон байхад зөвшөөрөл авалгүйгээр нийслэлээс сэм гарч, Дорнод аймгийн Халхгол сум руу нэвтрэх үедээ баригдаж, тусгаарлагдаж байв.
Тухайн үед түүнийг Цар тахлын хууль зөрчсөн үндэслэлээр унаж явсан “Land Cruiser-200” автомашиныг нь хурааж, улсын орлого болгох хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас гаргаж, шүүхэд хүргүүлж байсан ч хүлээн аваагүй юм.
Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Төв аймагт нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулан, УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
Энэ хооронд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хамаарал бүхий компани нь 800 сая төгрөгийн зээл авсан болох нь баримтаар баталгаажсанаар, ард түмнийхээ боломжийг хулгайлсан УИХ-ын гишүүдийн нэгээр тодорч байв.