Засгийн газар “шүд сугалах” уу эсвэл?

0

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бий болсон 126 гишүүн ойрын өдрүүдэд халуурал ихтэй байна. УИХ-ын чуулганы босго давж, өргөн баригдсан 2025 оны төсөв ёстой л тал талын гишүүдээр чанагдаж, эхнээсээ Засгийн газрын зарим сайд нарын суудал “ганхаж” эхлэв. Засгийн газар 2025 оны төсөв өргөн барих хуулийнхаа дагуу өнгөрсөн наймдугаар сард өргөн барьсан. Парламент ч 2025 оны төсвийг батлах хуулийн хугацаатай.

Сүүлийн өдрүүдэд хамгийн их яригдаж байгаа сэдэв бол 2025 оны төсөв. Ингэхдээ эрх барилцаж байгаа МАН, АН, ХҮН гээд хүний өөрийнгүй 2025 оны төсвийг эсэргүүцэж, гарын үсэг цуглуулж, төсвийн урсгал зардлаа танахыг Ерөнхий сайдыг эзгүйчлэн шаардаж эхэлсэн.

Гарын үсэг өдрөөс өдөрт нэмэгдэж байгаагаас гадна энэ долоо хоногт гэхэд УИХ-ын чуулган хуралдахгүй, төсвөө хөшигний ард нухаж, зөвшилцөх ажил үргэлжилж байна.

АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН-ын дарга Т.Доржханд нараар шадарлуулсан Л.Оюун-Эрдэнийн байгуулсан хамтарсан Засгийн газар 16 яам, 23 сайдтай ажиллаж буй.

Эрх ашиг, эрх ямбаа ижил тэнцүү хувааж, анхны төсвөө өргөн барьсан Засгийн газар нохой, шувуу шуугиулаад байгаа зарим сайд нартаа хариуцлага тооцохоос өөр сонголтгүй болгож байна, олон нийт. Угтаа хамтарсан Засгийн газар том төслүүдээ хөдөлгөх, олон жил яригдаж, улс төрөө давж чадаагүй төслүүдээ хөдөлгөх том амбицтай. Гэхдээ олонхын болоод эрх ашгийн зовлон хамтарсан Засгийн газрыг хатгасаар. Эхнээсээ л олонх болж, Засгийн газраа байгуулах боломжоосоо татгалзаж, АН, ХҮН-д хадаг тавьсан Л.Оюун-Эрдэнэд намын  гишүүд нь ил, далд дургүйцлээ илэрхийлсээр ирсэн. Өө хайж, цагийг нь хүлээж байсан хүмүүс 2025 оны дарин давс болов. Намынхаа жагсаалтад урьсан Д.Энхтүвшин зэрэг шинээр сонгогдсон гишүүд 2025 оны төсвийн зардлыг бууруулах шаардлага тавьж, түүний араас бизнесийнхнийг дуугаргаж, байгаагийн цаана улс орны эрх ашиг бодсондоо лав биш.

Д.Энхтүвшинг хөлнөөс нь дэмжиж, тохойг нь түшиж суугаа ах нар ардын нам, Ардчилсан нам, Төрийн ордонд ч олон бий нь үнэн.  Хэнээр эхлүүлж, хэнээр өдөөлгөж, хэн төгсгөх вэ гэдэг нь ч зурагдсан зураглал гэдэг нь ч бас л үнэн.

Хуулиараа хамтарсан Засгийн газрын тэргүүн сайд нартаа хариуцлага тооцож, чөлөөлөх, томилох эрхтэй. Хамтарсан Засгийн газрын насыг уртасгая гэвэл Л.Оюун-Эрдэнэ “шүд сугалах” нь илүү оновчтой. Эсвэл хамтрагчдынхаа амыг таглах зорилготой байгуулсан бол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцрох сонголттой. Гэвч олон жил улс төрийн босго давж чадахгүй байсан том төслүүд, эрчим хүчний салбарын реформ, гадаадын томоохон хөрөнгө оруулалт татах гээд эхлүүлсэн олон ажлаа дуусгах амбицаа хамтарсан Засгийн газар хадгална гэвэл “шүд сугалах”-аас өөр гарцгүй. “Шүд сугалах”-ын олон нийтийн шүүмжлэлд хамгийн их өртөж байгаа хүнээс эхэлнэ гэж үзвэл сүүлийн үед хэл амны бай болоод буй Соёлын сайд Ч.Номин, гадаадад зугаалсан нэр зүүгээд буй Э.Одбаяр нарын сайд нар дуулиан, шуугиан ихтэй байгаа. Оруулж ирсэн төсөв, ажилдаа хандаж байгаа хандлага гээд шалтаг хайж болох ч намын дарга нарын аль аль нь сайд нараа явуулахыг хүсэхгүй байгаа. Гэвч олон нийтийн шүүмжлэл, эсэргүүцэл энэ Засгийн газрыг бүтэн үлдээлгэх хүсэлгүй бөгөөд сонирхолгүй. Ийм л зовлон  хамтарсан Засгийн газрын зовлон, зовиур нь болсон өдрүүд үргэлжилж байна.

Хамтарсан Засгийн газар өргөн барьсан төсвөө батлуулж чадахгүй, УИХ нь ч баталж чадахгүй бол хуулиараа энэ парламент тарах зохицуулалттай. Гэвч үүнийг хэн ч хүсэхгүй учир хариуцлага нэртэй “шүд сугалах”-аас өөр гарц үлдээсэнгүй, хамтарсан засагт.

Эх сурвалж: Nnews.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *