УИХ Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг баталлаа

0

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж баталлаа. Тодруулбал, Монгол Улсын 2025 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлого 23 их наяд 140 тэрбум 589.3 сая төгрөг, төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 26 их наяд, 485 тэрбум, 278  сая төгрөг байхаар баталлаа. Мөн  Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2025 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 3 их наяд 932 тэрбум 432.9 сая төгрөгөөр санхүүжүүлэх, Засгийн газрын гаргах өрийн баталгааны дээд хэмжээг 2025 оны төсвийн жилд 3.5 их наяд төгрөг байхаар тус, тус баталлаа.

Ирэх оны төсвийн хуулийг батлахад 106 гишүүн оролцсоноос 69 нь дэмжиж батлагдав. 

Монгол Улсын 2025 оны төсвийн хуулийн төсөл болон дагалдах төслүүд батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлэв. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Бид төсвийн төслийг ямар хугацаанд, яаж хэлэлцэх вэ гэдэг нарийвчилсан дэгтэй. Төсөв хэлэлцэх ажиллагаа бусад хуулийн төслийг хэлэлцэх үе шатаас өөр байдаг. Энэхүү төсвийн төслийг хэлэлцэхийг иргэд маань анзаарч харсан байх. Харин УИХ-ын гишүүд хуульд заасан энэ дэгээ баримтлах үүрэгтэй. УИХ-ын гишүүдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг ямагт хүндэтгэнэ. Гэхдээ гишүүд хуульд заасны дагуу хэлэлцэх дэг, гаргасан саналыг нь шийдвэрлэх хууль, эрх зүйн боломжийг зөв үнэлж тунгааж, иргэд, олон нийтийг бодитой мэдээллээр хангаж байх хэрэгтэй. Ер нь парламент олон ургалч үзлийн талбар байх ёстой. Үүнийг миний бие тууштай дэмжиж баримтална. Парламентын энэ индэрт санал бодлоо хэлж байгаа УИХ-ын гишүүд болон асуултад хариулж байгаа сайд, мэргэжилтнүүд аль нь ч бай  Монгол Улсын Үндсэн хуулийг санан сахиж байх үүрэгтэйг хэлье.

Үндсэн хуульд хүнийг нас, хүйс, эрхэлсэн шинэ, хуучин ажлаар нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж заасан. Иймд бид бусдад хүндэтгэлтэй хандах, өөр үзэл бодолд хүлээцтэй байхад хаа хаанаа анхаарах нь зүйтэй. 

Үндсэн хуульд зааснаар УИХ-ын үндсэн зорилт нь ард түмний төлөөллийн дээд байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангахад оршино. Тиймээс нээлттэй, ил тод байх, цөөнхийн саналыг хүндэтгэн асуудлыг олон ургалч үзэл бодлын үүднээс чөлөөтэй хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэх зарчим чухал. Тиймээс УИХ өнөөдөр 2025 оны төсвийн хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоол баталлаа гэсэн юм. 

ХуваалцахЖиргэх

16 : 35

2024-11-8

П.Сайнзориг: Засгийн газрын сайдууд хулгай хийх асуудалд оролцдог

УИХ-аар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Засгийн газрын гишүд нь өөрсдөө санал гаргаж төсвийг бужигнуулдагаа болих хэрэгтэй. Засгийн газар дээрээ асуудлаа ярихгүй бол хувь гишүүнийхээ үүднээс тойргоо юм уу, нутаг усаа малладаг явдал байна. Ардчилсан намын бүлгээс ч гарсан Ардын намын бүлгээс ч гарсан.

Тэр байтугай бэлэн сургуулийг авахуулахын тулд нэг гишүүнийг лоббидоод санал гаргуулж байгаа. Ингэж Засгийн газрын сайд нар нь хулгай хийх асуудалд оролцсон шүү.

Энийг хатуу хэлчихмээр байна. Шинэ гишүүдийг зарим талаараа мэдээлэл дутуу, гаргаж байгаа саналын томъёолол дээр багцаа авч чадахгүйг нь далимдуулаад боловсролын салбар дээр хоёр бэлэн байр авъя гээд орж ирсэн ш дээ.  Хүүхдийн цэцэрлэгийн мөнгийг хасч байгаад Сүхбаатар аймагт аудитын барилга авах гэж байгаа. Ийм л саналыг Засгийн газрын гишүүд нь гаргаж байгаа. Цаашид төсвийг хэлэлцэхдээ дэгээ нарийн болгохоос гадна ийм үед Засгийн газрын гишүүд нь танхимд ажиллаж байгаагийн хувьд санал гаргадгаа болимоор байна.

Хоёрдугарат, орон нутгийн төсвийн хөрөнгөөр шийдэх ёстой асуудлыг улсын төсөв дээр лоббидож тавиулсан. Үүнийг болих хэрэгэтй. Түүнээс болж үл ойлголцол гарч байгаа. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль батлахдаа уг нь энэ асуудлы зохицуулсан.

Шинэ гишүүд зарим зүйлийг хүлээн авах ёстой. Ямар цаг үед санал гаргахаа мэддэггүй, санал бичиж байгаа томъёоллоо хар. Балансаа барьдаггүй, аль зардлаас юуг нь хасаад гаргаж байгаагаа мэддэггүй.

Дэгтэйгээ сайн танилц, буруу зөрүү юм биччихээд саналын томъёолол нь унахаар хоёрын хооронд улс төр хийгээд байх юм. Өөрсдийнхөө хариуцлагагүй алдаанаас болоод шинэ хуучнаараа ялгараад, аль эсвэл жагсаалтынх, тойргийнх гээд ийм зүйл яримааргүй байна.

Гуравдугаарт, төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах асуудал байгаа. Төрийн өмчит болон орон нутгийн өмчит компанийн хуулийг хэзээ оруулж ирэх вэ. Төсвөөс илүү хулгай энд байгаа шүү.

Д.Амарбаясгалан дарга чиглэл өгөөд УИХ батлах жагсаалтыг Засгийн газрын санал болгосноор хэлэлцье гэсэн яагаад орж ирсэнгүй вэ?

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:

Боловсруулах үйлдвэрийн жагсаалтыг УИХ батална. Засгийн газрын мэдүүлснэр гэхээр хууль санаачлагч Ерөнхийлөгч, гишүүдийн эрхэнд халдаад байгаа.  Тэрнээс биш УИХ -ын гишүүн, Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхэнд халдаж болохгүй, Цэц дээр унах магадлалтай гэж үзээд оруулаагүй байгаа.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал:

-Төрийн өмчит компанийн хуулийг Засгийн газар танилцуулахаар бэлтгэж байгаа.  Төрийн өмчит компаниуд 64 их наядын орлого бүрдүүлж байгаа хэрнээ 70 хувийг тавхан компани бүрдүүлдэг.

Цалин, урамшуулал нь зарлага болчихсон, төрийн өмчит компани, зарлагатай компанийг татан буулгах, мөн нэгтгэх хэрэгтэй байгаа.

Хуушуур хийхдэг, хоол хийдэг байдлыг таслан зогсоож,  хувийн хэвшил рүү шилжүүлэх ажлыг хийнэ. Та бүхнийг дэмжиж өгөхийг хүсч байна.

ХуваалцахЖиргэх

15 : 20

2024-11-8

Урсгал зардлаас 306 тэрбумыг танах санал орж ирсэн ч 23.3 тэрбумыг л хасчээ

УИХ-аар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлэг хийх шатанд гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

-Намайг саналаа хэлээгүй гээд Ц.Даваасүрэн гишүүн дайрч байх шиг байна. Бид нарыг сонгосон сонгогчдын амьдрал гандуу ахуй хүнд байна. Тэрийг сануулсан. Засгийн газрын оруулж ирж байгаа төсөл сонгогчдыг үл тоосон.  Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийг 35 тэрбумаар л багасгаж байна. Засгийн газар энийгээ ойлгохгүй бол дэгээр хязгаарлаад болохгүй байна. Төсөв 13.3 их наядаар нэмэгдэж байна. Энийг татвар төлөгчид даах боломжгүй. Иргэдэд энэ мөнгийг төлөх боломж байгаа юм уу. Төсвийг татаж авах бололцоо байгаа. Ерөнхийлөгч төсөвт хориг тавибал энэ асуудал дахиад явна. Боломжгүй юм шиг шалтаг тоочоод дэгээр хязгаарлаж болохгүй.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-Төсөв хэлэлцэх процесс дэгийн хүрээнд хангалтгүй явсан.

Төсвийн гуравдугаар хэлэлцүүлэг явж байхад олонхийн бүлгээс таван хүн сууж байна, Ерөнхий сайдын хувьд төсвийн хэлэлцүүлгийн үед суугаагүй.  

Б.Жавхлан сайд өөрийгөө өмөөрч, гишүүдийг загнаад хэлэлцүүлгийн цагийг үрэн таран хийсэн. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн та хашир туршлагатай дэг мэдэх ёстой хүн. Төсвийн байнгын хороог даргалж байна, төсвийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг ахалж ажилласан. Танай ажлын хэсгээс дорвитой санаачлага орж ирээгүй.

Зах зээлд итгэдэггүй хувийн хэвшилд итгэдэггүй гээд өчигдөр юу яриад сууж байгаа юм. Тойргтоо тавьсан бяслагнийхаа үйлдвэрийн төлөө ажиллах ёстой юм уу. Бусад нөхдийг саналаа оруулж ирээгүй гээд загнаад сууж байх юм уу.

Төсөвт Засгийн газраас орж ирсэн урсгал зардал 26 их наяд 508 тэрбум 592 сая төгрөг байсныг 23.3 тэрбум төгрөгөөр л  танасан байна. Нэг, хоёрдугаар хэлэлцүүлэг дээр гишүүд төсвийн урсгал зардал хэт их байна гээд ярьсан ш дээ.  Ажлын хэсэг дээр төсвийн урсгал зардлыг хэдэн төгрөгөөр танах санал орж ирсэн бэ. Тодорхой хариулт өг л дөө, өөрийгөө өмөөрөөд сууж болохгүй ш дээ.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:

-Яригдаад байгаа асуудлыг судлаад оруулж ир гээд Б.Түвшин гишүүнээр ахлуулаад төсвийн урсгал зардал дээр ажиллуулсан.

306 тэрбум төгрөгийн асуудал ажлын хэсэг рүү оруулж ирсэн. Цаанаа үндсэн ямар ажил үүрэг гүйцэтгэж байгааг мэдэх боломжгүй учраас шууд хасах боломжгүй байсан.

Эцэстээ 32 тэрбум төгрөгийг л танахаар оруулж ирсэн. Цаанаа ямар нэг үр дагавар алга гээд санал оруулсан. Тэр дотор хүүхдийн үзвэр үзэх ваучер багтсан. Мөн урсгал засвартай холбоотой, тоног төхөөрөмжийн зардал өссөн юм билээ. Бүгдийг 30 хувиар таная гэтэл дэмжигдээгүй. Шинэ сургууль, цэцэрлэг ашиглалтад орж байна, эмнэлэг дээр тийм ажил хийх гэж байгаа гээд хасах боломж байгаагүй.

2000 оны эхээр жилд 60 мянган хүүхэд шинээр сургуульд ордог байсан бол одоо жилдээ 100 мянга гаруй хүүхэд сургуульд элсдэг болсон. Цэцэрлэг шинээр барихаар зардлууд тавигдаж байгаа.  Тийм учраас 30 хувийн санал дэмжигдээгүй. Улс суурьтай үндэслэлтэй үзээд хэн гэдэг төсвийн ерөнхийлөн захирагч зардлаа өсгөв гэдгийг үзэхгүйгээр харанхуйгаар шууд аваад хаячихаж болохгүй. Харанхуйгаар авснаас болж 12 хүүхдийн аминд хүрч байсан. Хүйн халдвар тусч хүүхдүүд эндэж байсан.  10 хувиар зардлыг танатал ариутгалын бодисоо авахгүй байснаас болж энэ асуудал үүссэн.   Нүдэн сохор таналт хийж болохгүй. Ажлын хэсэг гаргаад хугацаа өгөөд ажиллах хэрэгтэй.

Бяслагны үйлдвэрийн хувьд хөдөө аж ахуйг гол эх үүсвэр гэж боддог. Бүх сумдад орчин үеийн нядалгааны цех, хөргөгчтэйгээ байх ёстой. Нүүрснээс гадна хөдөө аж ахуй,  сүү сүүн бүтээгдэхүүн, арьс ширээ боловсруулах. Аялал жуулчлалыг хөжүүлж байж бид хөгжинө. Өөр хийж чадах зүйл бидэнд байхгүй.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-Төсөв гурав дахь хэлэлцүүлэг рүүгээ орсон. Энэ ондоо багтаагаад төсвөө тодотгоод ир гээд стандарт бус шийдэл гаргаад сууж байна. Төсвийн байнгын хороо мэргэжлийн байнгын хороо, энэ асуудал дээр та хариуцлага хүлээх ёстой. Таны ажлын хэсэг маш муу ажилласан, та хариуцлага хүлээгээрэй.  Улсын төсөвт ингэж хариуцлагагүй хандаж болохгүй шүү дээ.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:

-Д.Түвшин гишүүнийг сайн ажилласан гэж бодож байна,  Зардлын хяналтын дэд хэсэгт ажилласан залуучуудыг сайн ажилласан гэж бодож байна, би тэднийг буруутгахгүй. Аав чинь чамайг бодвол ухаантай байсан. Амьдрал гэж байдаг байхгүй юу.

С.Ламбаа гишүүнийг Эрүүл мэндийн сайд байхад  бид нүдэн сохор хасч байж, 12 хүүхдийг эндүүлсэн. Тэгэхээр хэн зардлаа өсгөөд хэн орон тоогоо нэмээд байгааг олохх ёстой. Ордны цонхоор харж байгаад төсвийг хасаад байж болохгүй. Зөв явж байгаа, хуулийн хүрээнд захиран зарцуулалт хийж байгаа байгууллагын зардлыг танаад байж болохгүй.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Төсвийн зардлыг танах ёстой гэдэгтэй санал нэгдэж байгаа. Төсвийн хэлэлцүүлэг тусгай дэгээр явдаг. Тэгэхээр шинэ гишүүдэд сургалт орох хэрэгтэй.

Бусдаар гүйцэтгүүлэх ажил дээр 1.9 их наяд төгрөг тавьсан байгаа. Манайх том дүнгээр тавиад юу хийх гэж байгаа нь тодорхойгүй, хэлэлцүүлгийн явцад задраагүйгээс үл ойлголцол үүсгэж байна. Дээр нь төсөвт тавих хариуцлагыг сайжруулах. 2023 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлан хэлэлцэхэд асар олон зөрчил гардаг. 2023 оны төсөвт 900 гаруй тэрбум төгрөг анхан шатны баримтгүйгээр худалдан авалт хийгдсэн. Хэн ч хариуцлага хүлээгээгүй. Хариуцлагыг чангатгахгүй бол хянах боломж байдаггүй. Ямар ч хуулийн төсөл орж ирэхэд Засгийн газрын сайд нар зарчмын зөрүүтэй санал гаргаж бужигнуулдаг. Засгийн газар дээрээ асуудлаа хэлэлцдэггүй, Засгийн газрынхаа хурал дээр танхимынхаа малгайг өмсдөг. УИХ дээр орж ирээд УИХ ын гишүүнийхээ малгайг өмсөөд бужигнуулдаг.

Тойргийн асуудлыг шинэ гишүүд ярьсан байна лээ. Тойрог дээр хөрөнгө оруулалт тавих гээд байна гээд. Тойргоос сонгогдсон гишүүд тойрогтоо санаа зовох нь зөв.  Манай тойргийн асуудлыг шийдэж өгөөч гээд яам тамгын газраас гуйгаад явахгүй нь олйгомжтой ш дээ.

Баахан санал өгдөг, дэмжигддэггүй. Сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдэж өгөөч гэж саналаа өгдөг, түүнээс захиран зарцуулаад байдаггүй.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:

-Тойргийн гишүүдэд асуудал байгаа. Тухайн иргэд нь тулгамдсан асуудлаа шийдвэрлэх гээд санал гаргаад явж байгаа. Гишүүд хувьдаа мөнгө авах гэж байгаа юм шиг төөрөгдүүлж болохгүй. Сум, дүүрэгтээ тулгамдаад байгаа асуудлыг тавьж байгаа. Саналаа оруулсан гишүдийн санал хураагдаад явж байгаа.

Б.Түвшин, Ж.Баярмаа гишүүн шиг бай л даа. Нэг ч санал оруулаагүй байж тэр муу байна гээд амаа хөдөлгөөд сууж болохгүй. Галт тэрэг хөдөлсөн хойно хашиграад нэмэргүй.

Төсөв дээрээ танах зүйл байгаа. 3-4 жилийн дотор төсвөө 3 дахин нэмсэн улс байхгүй. Гурав дөрвөн жилийн дотор төсөв гурав дахин нэмэгдлээ,  нүүрсний үнэ унавал яах юм. Цалин, тэтгэврийг тавьж чадахгүй болох эрсдэл бий. Хаанаа болохгүй байгааг нь харах ёстой, механикаар шууд хасаж болохгүй.

Төсвөөрөө наргиад байгаа захирагчдын төсвийг л тайрах ёстой. Улс суурьтай хандаад ажлын хэсэг гаргаж байгаад шийдсэн нь дээр.

Монгол Улсын 2025 оны төсвийн хуулийн төсөл болон холбогдох бусад төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлээд байна. 

ХуваалцахЖиргэх

13 : 58

2024-11-8

“УИХ 2025 оны төсвийг баталж чадахгүй бол тарна”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна. Ирэх оны төсвийн хуулийн төслийг хийх шатанд УИХ хуульд заасны дагуу 2025 оны төсвийн төслийг арваннэгдүгээр сарын 15-нд багтаан баталж чадахгүй бол ямар үр дагавар үүсэх вэ гэдэг асуудал хөндөгдлөө.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-УИХ 2025 оны төсвийн төслийг арваннэгдүгээр сарын 15-нд багтаан баталж чадаагүй бол ямар үр дагавар гарах вэ. Одоо төсвийг буцаах боломж байгаа юу, эсвэл Засгийн газар татаж авах боломжтой юу?

УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж:

-Монгол Улсын төсвийн төслийг УИХ тусгай дэгээр хэлэлцдэг.  Өөрөөр хэлбэл, төсвийн нэгдэх, хоёр дахь хэлэлцүүлэг дээр буюу хоёр сарын хугацаанд УИХ-ын 126 гишүүнээс хэн хүссэн нь чөлөөтэй зарчмын зөрүүтэй санал гаргах, саналаа хэлэх боломж байсан. Таван зүйлээр төсвийн хуулийг яаж хэлэлцэх юм бэ, хэрхэн яаж санал хураах юм бэ гэдгийг нарийвчлан зохицуулж өгсөн байдаг.

УИХ-д 2025 оны төсвийн төслийг буцаах боломж байсан, өөрөөр хэлбэл, төсвийн нэгдүгээр хэлэлцүүлэг дээр төсвийг буцаах боломж байсан.

Парламент олонхиороо асуудлыг шийдвэрлэдэг.  Төсвийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийгээд дуусангуут УИХ-ын гишүүд маань “Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл нь Төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур, Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тусгай шаардлага, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн байна” гэж үзээд хоёдугаар хэлэлцүүлэгт шилжүүлсэн.

Хуульд зааснаар УИХ аравдугаар сарын эхний 7 хоногт багтаан төсвийн төслийг хэлэлцэх ёстой, мөн арваннэгдүгээр сарын 15-нд багтаан батлах үүргийг УИХ-д хуулиар заасан. Хэрвээ УИХ 2025 оны төсвийг баталж чадахгүй бол хуулиа зөрчинө. УИХ хуулиа зөрчиж болохгүй, Хуулиараа арваннэгдүгээр сарын 15-нд багтаан төсвийн хуулийг батлаарай гэдэг заалт байгаа учраас хуулиа хэрэгжүүлэх ёстой.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:

-Ийм тохиолдол хоёр удаа болсон. УИХ төсвөө баталж чадахгүй бол яах вэ. УИХ- д хамгийн олон удаа сонгогдсон Д.Лүндээжанцан гишүүний тайлбарыг тухайн үедээ зөв гэж үзсэн.

УИХ -ын үндсэн ажил бол төсөв батлах. Төсвөө баталж чадахгүй бол УИХ ажлаа хийж чадаагүй,  чадамжгүй болжээ гэсэн үг. Тийм учраас чадамжгүй болсон УИХ тарах ёстой.  

УИХ төсвийг батлахгүй бол яах вэ гэдэг зохицуулалт хуульд байхгүй. Дараагийн чадамжтай УИХ бүрдүүлэх ёстой гэв.

ХуваалцахЖиргэх

12 : 52

2024-11-8

Н.Номтойбаяр: МАН, АН, ХҮН нам нийлээд залилан хийж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

-Төсөв хэлэлцэх явцад нэг зүйл ажиглагдаад байна. Бадамсүрэн гишүүний хэлдэг үнэн шүү дээ. Хал цэрэг, шинэ цэрэг гэдэг шиг шинэ, хуучнаараа ялгараад шинэ гишүүдээ дарамтлаад үг хэлүүлэхгүй. Төсвийн ажлын хэсэг 10:00 цагт хуралдана гээд зарласан, 12:00 цаг болсон, 15:00 цаг болсон тэр өдрөө хуралдаагүй.

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдахаас өмнө ажлын хэсэг хуралдсан болоод явсан.

Шинэ, хуучин гишүүн гэдэг сэтгэхүйгээ хаячихмаар байна. Төсөв хэлэлцэж байхад шинэ УИХ-ын гишүүдийн улс төрийн эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандмаар байна. Нэг үг хэлэхээр л айлгаад дарамтлаад муухай муухай хараад. Тэгж амжихгүй шүү.

Төсөв хэлэлцэж байхад Ерөнхий сайд орж ирдэггүй юм уу. Энэ хүн чинь л хар толгойгоорооо хариуцах ёстой биз дээ. Энэ хүнээс л асуулт асуумаар байна ш дээ. Сангийн сайдаас юу асуух юм, Төсвийн байнгын хорооны даргаас юу асуух юм.

Төсөв 0.7 хувийнх өөрчлөлт л орж ирсэн. Одоо төсөв батлагдмагц тодотгол орж ирнэ. УИХ-ын дарга энэ хэдэн гишүүдийн хэлсэнчлэн 3.4 их наядын урсгал зардлыг хасъя гэдэг дээр тодотгол хийе гэж байна. Б.Жавхлан сайд ямар байр суурьтай байгаа юм. Зөвхөн түүхий нүүрс экспортолдог. Гэтэл өдрөөс өдөрт үнэ нь унаад байна. Инфляци хоёр оронтой тоонд хүрнэ гэдэг үнэн шүү дээ. Долларын ханш тун удахгүй 3700 хүрнэ. Тодотголд гөлдөг төөрүүлж байгаа юм шиг хандаж болохгүй. Засгийн газар энэ асуудалд хэр итгэл үнэмшилтэй хандаж байгаа юм.

Улс төрийн намууд гурван сарын өмнө бүгдээрээ УИХ-ын сонгуулиар мөрийн хөтөлбөрөө танилцуулж, батлуулсан. Мөрийн хөтөлбөр бол иргэд сонгогчидтойгоо байгуулж байгаа гэрээ. Одоо гэрээнээсээ ухарч байна, залилан хийж байна,  дамнуулаад хулгай хийнэ. Засгийн газрыг бүрдүүлсэн Ардын нам, Ардчилсан нам ХҮН нам нийлээд залилан хийж байна.

Төөрүүлэх байдлаар шинэ хуучны он заагийн ялгаа гаргаад.

Шинэ гишүүдээ дарамтлаад жагсаалтаар орж ирсэн гишүүдээ гөлөг болгох гээд ийм зүйл энэ парламентад байж болохгүй.

Парламентын дархлаа гэж байна, улс төрийн эрх чөлөө гэж байна. Хэзээ ч төсвийг ингэж баталж байгаагүй.

Хуучин гишүүд бүгдээрээ мэднэ шүү дээ, хэзээ ч ингэж баталж байгаагүй. Арай л хэтрээд байна. Монгол Улсын 2025 оны төсвийг тодотгох асуудал дээр  Засгийн газар ямар байр суурьтай байна. Дэмжих юм уу, дэмжихгүй юм уу.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-УИХ-ын чуулганаар Төсвийн хүрээний мэдэгдэл:ярьж байна, энэн дээр Ерөнхий сайд заавал суух албагүй. Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд чиглэлийнхээ дагуу хариулт өгч байгаа.

Төсөв өргөн бариад нэгдүгээр хэлэлцүүлэг хийгээд хөгжлийн бодлого төлөвлөлтөд нийцэж байна гэж гишүүдийн олонх үзсэнээс хойш төсөв хэлэлцэх болон төсөвт өөрчлөлт оруулах, батлах бүх асуудал УИХ -д шилжиж байгаа. УИХ -ын ажлын хэсэг байнгын хороод анхаарлаа тавьж ажиллах шаардлага өндөр байдаг. Сонгууль болж, УИХ-д олон гишүүн шинээр орж ирсэн. Олон сонгогдсон, нэг сонгогдсон гэдэг ялгаа байх учиргүй. Гэхдээ олон сонгогдсон гишүзд туршлагаасаа хуваалцаж алдаж байгаа зүйл дээр нь хэлж тусалж, парламентын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарах ёстой.

УИХ -ын гишүүнийг тойргоос сонгогдсон, жагсаалтаар сонгогдсон гэж ялгаварлаж болохгүй. Монгол Улсын Үндсэн хуулиараа УИХ-ын гишүүн гэдэг нэг л ойлголт байдаг. Аливаа асуудалд эрх тэгш оролцоно.

Үгээ хэлэхдээ эрх тэгш, асуулт асуухдаа эрх тэгш, шийдвэр гаргахдаа эрх тэгш байна. Хэн нэгний нөлөөлөлгүйгээр саналаа өгөх эрх нь нээлттэй. Улс төрийн намууд өөрсдийн бодлогын хүрээнд аливаа асуудал дээр яаж санал өгөх вэ гэдэг улс төрийн шийдвэр гаргаж оролцож байгаа. Тэр шийдвэрийг бусад нь хүндэтгэх ёстой. Улс төрийн намгүйгээр парламентын засаглал гэдэг ойлголт байхгүй. УИХ-д суудалтай нам, эвслүүд энэ асуудал дээр төвлөрч ярьж ойлголцох хэрэгтэй.

Төсвийн тодотгол хийх асуудлыг Төсвийн байнгын хороо шийдвэр гаргаж саналаа хураасан.  Засгийн газар, Сангийн сайдаас тодруулж байж шийдвэрээ гаргаж байгаа.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Засгийн газрын байр суурь ойлгомжтой. Шинэ цаглабараар есдүгээр сарын 1-нд 2025 оны төсвийг УИХ-д өргөн барьсан. Түүнэс хойш 70 хонож байна. Гэтэл одоо л төсөв хэлэлцэж байгаа юм шиг асуудал нь гуравдугаар хэлэлцүүлгийн өмнө гарч ирсэн.  

УИХ-аар 70 хоног хэлэлцсэний эцэст өчигдөр төсөв өргөн барьсан юм шиг асуудал үүсч байгаад гайхаад л байна. Хэлэлцүүлгийн явцад ажил хэрэгч байдлаар хэрвээ явсан бол тал талаасаа сууна. Ийм юм болоогүй.

Наймдугаар сард хийсэн Монгол Улсын 2024 оны төсвийн тодотгол бол Шинэ Засгийн газрын эхлэл дээр Улаанбаатар хотын түгжрэлийг шийдье, энэнээс гаръя гэдэг 3.2 их наядын тодотгол байсан. Хэдхэн хоногийн дараа барьсан 2025 оны төсөв бол мөрийн хөтөлбөрөө батлагдмагц түүнийгээ биелүүлэх эхний том төсөв. 14 мега төслийг эхлүүлье, нэг хүнд ногдох ДНБ-нийг 10 мянган ам.долларт хүргэе гэдэг төсөв байсан.  Угсраад орж ирж байгаа учраас өсөлт байсан. Мөнгөний бодлоготой нийцүүлж төсөв хийнэ гэдэг ойлголт байж болохгүй.

Энэ жил 2025 оны төсвийн төслийг УИХ-д есдүгээр сарын 1-нд өргөн барьсан байхад  Мөнгөний бодлогыг сарын дараа өргөн барихдаа инфляц 5 хувь гэж орж ирсэн. Зэрэг өргөн барьдаг болох ёстой.

2025 оны төсөвт маш олон зүйлийг бид хойш нь татсан. Өмнө нь 500-600 орчим шинэ төсөл орж ирдэг байсан бол 38 хан шинэ төсөл орж ирсэн. Тойрог дээр нь хөрөнгө оруулалт  завсарлах болсныг  ойлгож байна. Гэхдээ л УИХ-ын гишүүдийг Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг дэмжээд явах нь ээ гэдэг итгэл үнэшилтэйгээр явж байна.

УИХ –ыг 2025 оны төсвөө батална гээд хүлээгээд сууж байна. Ямар төсөв батална, хуулийн хүрээнд нийцүүлээд л ажиллана. Тодотгол хийнэ гэж байна, хуулийн зөрчил гарах вий, түүнийгээ сайн анхаарна биз.

Алдагдлыг бууруулна гэж байгаатай санал нэгдэж байна. 14 мега төсөл наанатай цаанатай болох байх, нэг хүнд ногдох ДНБ -ийг 10 мянган ам долларт хүргэх ойрын зорилго хойшлох байх.

Гэхдээ алдагдалгүй төсөв батлаад тайван алгуурхан явах болов уу. алдагдалгүй төсөв батлахад бидэнд сонголт байгаа, маш амархан гэв.

Эцэст нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай, Засгийн газарт чиглэл өгөх тухай”, Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл нэг бүрээр санал хураалт явуулахад, тус тус дэмжин батлагдав.

ХуваалцахЖиргэх

11 : 25

2024-11-8

“Төсвөөс 3.6 их наядыг хасвал боловсрол, эрүүл мэндийн салбарынхан хэлмэгдэнэ”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Дээрх төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, мөн саналаа хэлж буй юм. 

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:

-2025 оны зургадугаар сарын 5-нд Төсвийн хүрээний мэдэгдэлийг баталсан . Нийт зарлагыг 30 гаруй их наяд гэж баталсан. Өнгөрсөн наймдугаар сард Засгийн газар Монгол Улсын 2024 оны төсвийн тодотголд нийт зарлагыг 31.9 их наяд гэж оруулж ирсэн. Гэтэл есдүгээр сарын 1-нд нийт зарлага 35.8 их наяд гэж орж ирсэн.  Нэг өдөрт ийм зөрүүтэй юмыг яаж  сэтгэж оруулж ирж чадаж байна вэ. Тодотголоор төсвийн зарлагыг 31.9 их наяд гэж  баталчихаад нөгөө талдаа 35.8 их наяд гэж оруулж ирээд байгааг гайхаад байна.

Төсвийн тэлэлт хэн дээр очиж буух вэ гэхээр ард түмэн, аж ахуй нэгжийн нуруун дээр бууна. Төсвийг энэ их тэлсэн байдлыг юугаар орлуулах вэ гэхээр зээл авч таарна. Төрийн өмчит компанийг хувьчлах талаар юу ч байхгүй. Тэгэхээр татвар болоод орлогодоо найдаад сууж байгаа. Орлого нь орж ирэхгүй бол яах вэ.

Аж ахуй нэгжүүд 500 гаруй тэрбум төгрөгийн НӨАТ-ын өртэй байгаа. Аж ахуй нэгжүүдээс өдөр шөнөгүй нэхэж баргдуулах гэж байгаа юм уу.

Олон улсын байгууллагууд төсвөө хумиач ээ, төсвөө хумихгүй бол эдийн засгийн макро үзүүлэлтүүд балрах нь ээ гэж байгаа. Инфляци хавартаа илрээд хоёр оронтой тонд орно гэж анхааруулаад байгаа.

УИХ өмнө нь төсвийг 300, 400 тэрбум төгрөгөөр танаж байсан байна лээ. Энэ удаад бид 30-аад тэрбум төгрөгөөр төсвийг танах юм уу, үгүй юм уу?

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:

-Санал нэг байна, төсөв орж ирэхэд саналаа хэлсэн. 11 их наяд байсан төсөв 3 дахин нэмэгдчихээд байна. Төсвийн орлого зөвхөн нүүрснээс хамаараад байна гэж хэлж л байсан. Ганц нүүрснээс хамааралтай хэрнээ орлогоо яагаад нэмээд байгаа юм бэ гэж асууж л байсан. Байнгын хоороны даргын ажил аваад дөрвөн сар л болж байна. Улсын төсөв нэмэгдэж байхад Г.Тэмүүлэн Төсвийн байнгын хорооны дарга байсан, одоо болохоор төсөв өслөө гээд шүүмижлээд байдаг.

Механикаар төсвийг 3.6 их наяд төгрөгөөр шууд хасна гэвэл эрүүл мэнд, боловсрол, цэрэг цагдаа хэлмэгдэнэ. Тэгэхээр тодотгол хийгээд гурав дахин өссөн мөнгө хаашаа ороод байгааг үзэх хэрэгтэй.

Монгол Улс нэгхэн бүтээгдэхүүнээс хамаардаг эдийн засагтай. Тэгсэн хэрнээ төсвөө 3-4 дахин нэмчихсэн. Б.Түвшин гишүүний ахалсан ажлын хэсгийн дүгнэлтээр шинэ байшин их барьж, түүний эд хогшил ажиллах хүчин нь нийт өсч байгаа зардлын 50 хувийг авсан. Тэгэхээр цаашдаа бүтцийн өөрчлөлт хийх, учир шалтгааныг нь олох хэрэгтэй. Хаана орон тоогоо нэмээд байна, хаана зардлаа өсгөөд байна. гэдгийг олох ёстой. 2011 он шиг шууд 11 хувиар танаж болохгүй.

Урсгал зардлыг шууд хасъя гэдэг асуудал хоёрдугаар хэлэлцүүлгээс хойш гарсан. Хоёрдугаар хэлэцүүлэг дээр дэгээрээ шууд найруулгын чанартай санал гаргадаг.

Энэ тохиолдолд урсгал зардлыг шууд танах боломжгүй учраас Байнгын хорооноос төсвийн хэрэгслийг хангах тогтоол гаргахаар болсон. 

Түүгээр урсгал зардлын асуудлыг хэлэлцье, арванхоёрдугаар сардаа багтаан төсвийн тодотгол хийе гэдэг тогтоолыг оруулж ирсэн. Зардал сүүлийн гурван жилд  3 дахин өссөн нь үнэн. Зардал өсч байх үед нь яагаад дуугүй байгаад байсан юм гэдэг л асуудал. Нүүрснээс хамааралтай эдийн засгийг гурав дахин тэлээд байж болохгүй.

УИХ-ын гишүүн Ч.Анар:

-Монгол Улсын Алсын хараа, Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны дунд хугацааны хөтөлбөр, Төсвийн хүрээний мэдэгдэл хоорондоо уялдахгүй байна.

Сонгуулиар намуудын санал болгодог мөрийн хөтөлбөр нь гоё, гоё үгтэй. Эдийн засгаа солонгоруулна гэдэг. 3.5 сая хүн амтай, 1.1 нь сая хөдөлмөрийн харилцаанд орсон.

Засаг төр, хувийн хэвшлийн хамаг ухаантай хүмүүс нь 10 хан тэрбум ам.доллар дээрээ хэрэлддэг.

Гэхдээ тэрийг нь бид нар бүтээдэггүй байгаль бүтээдэг. Аймаар үрэлгэн төсөвтэй.  Гэтэл яаж хэрэгжих нь тодорхойгүй. Ганц нүүрсний үнээ л яриад байдаг. Бодлогоо гаргаагүй байж төсвийн хүрээний мэдэгдэл нь яваад байдаг.Ерөнхий сайд урд хөршид айлчлахдаа төрийн бодлогоо Хятадын төрийн өмчит компаниар хийлгэнэ гэдэг. Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр та бодлого гаргах ёстой шүү дээ. Гэтэл Ц.Баатархүү сайд ажлын хэсгийг ахлаад явж байх шиг. Төрийн проткол дэг зарчмаа мэддэг юм уу, улс орноо худалдаад яваад байх юм. Л.Гантөмөр сайд та байр сууриа тодорхой гаргаад сайд шиг бай л даа. Гадаадад оччихоод “Ядуу орны ядуу иргэд, ядуу удирдагч” гэж Л.Гантөмөр сайд яриад яваад байх юм. Ийм намын дарга байж болдог юм уу. Гэтэл энд тэндгүй тийм юм яриад яваад байх юм. Ийм хүнээр Эдийн засгийн хөгжлийн яамыг удирдуулаад байж болох юм уу.

Жижиг технологийн компанийн олдог 10 тэрбум ам.долларын орлогыг л хэдүүлээ яриад сууж байна шүү.

ХуваалцахЖиргэх

10 : 16

2024-11-8

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.08/ нэгдсэн хуралдаан эхлээд байна. Чуулганы эхэнд Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Мөн УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг хасч, Ц.Сандаг-Очирыг тус хорооны бүрэлдэхүүнд багтаан баталлаа.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхлээд байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *