“ЭМЧ БА СУВИЛАГЧИЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫГСАЙЖРУУЛАХ ТӨСӨЛ” -ИЙН ҮР ДҮНГИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр
Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын дэмжлэгтэйгээр 2015-2020 онд “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог боловсронгуй болгох суурь тавигдсан. Энэхүү төслийн 2-р шат 2021-2024 онд “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл” хэрэгжээд энэ жил дуусч байна.
Өнөөдөр уг төслийн үр дүнг хэлэлцэх хурлыг зохион байгууллаа.
Хуралд Хуралд ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Очирбат, ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг, Эмнэлгийн тусламжийн бодлогийн газрын дарга Р.Гантуяа, ЭМХТ-ийн ХНХА-ны дарга Б.Отгончимэг болон ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ, тус төслийн Ахлах зөвлөх Иноүэ Нобуаки нар болон төслийн хамт олон, төсөл хэрэгжүүлсэн аймаг, нийслэлийн ЭМБ төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн төлөөлөл 140 гаруй хүн оролцлоо.
Хурлаар Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын төслийн нэгж, төсөл хэрэгжүүлэгч байгуулага, хамт олон өөр өөрсдийн чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнгээ танилцуулж, харилцан туршлага солилцлоо
Мөн ЖАЙКА олон улсын байгууллагаас дээрх техникийн хамтын ажиллагааны төслийн хэрэгжих хугацаа дуусч байгаатай холбогдуулан төслийн үнэлгээг хийсэн. Үнэлгээний дүнгээс харахад, төслийн үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж, хүрэх үр дүн биелж, эмч, сувилагч, эх баригчийн төгсөлтийн дараах сургалтын суурь амжилттай тавигдсан гэж үнэлжээ. Энэ нь Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын төслийн нэгжийн хамт олны харилцан итгэлцэл, бат бэх хэлхээ холбоо, хамтын ажиллагааны үр дүн юм.
Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн яам болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA) хамтран хэрэгжүүлсэн 2 дахь шатны төсөл буюу “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төсөл нь Ерөнхий мэргэшил судлал сургалтыг орон даяар өргөжүүлэх, сувилагч, эх баригч мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах зорилготой юм.
Энэ төслийн хэрэгжих хугацаанд цар тахлын үе, цар тахлын дараах нийгэм, эдийн засгийн эргэн сэргэх цаг үе давхцсан хэдий ч Орон нутгийн сургалт эрхлэх байгууллага нэмэгдэж, тусламж, үйлчилгээний хэрэгцээнд тулгуурлан Ерөнхий мэргэшил судлалаар хүний нөөцийг бэлтгэх боломж бүрдлээ.
Мөн бид сувилагч ба эх баригч мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт, сувилагч, эх баригч мэргэжилтний цогц чадамж, шинэ сувилагч, эх баригчийг ажлын байран дээр дадлагажуулах сургалтын хөтөлбөр, сувилагч, мэргэжилтний хөгжил, ур чадварын шатлалыг хэрэгжүүлж эхэлсэн төдийгүй Эрүүл мэндийн хөгжлийн төв, загвар байгууллагууд чадавхижлаа.
Үүнээс гадна дээр дурдсан аюулт цар тахалтай тэмцэж байсан хүнд үед Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-аас нийт 13 эмнэлэгт 1,517,667,500 төгрөгийн үнэ бүхий зөөврийн эхо аппаратыг нийлүүлж, сургалт явуулан оношилгооны ур чадварыг дээшлүүлсэн, мөн яаралтай тусламжийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор 700 гаруй сая төгрөгийн яаралтай тусламжийн мэдээллийн системийн хөгжүүлэлтийг хийж өгсөн төдийгүй 230 гаруй сая төгрөгийн үнэ бүхий сургалтын муляжийг тус тус бэлэглэсэн байна.