Сэтгүүлчийг дайрч хөнөөсөн жолоочид дөрвөн жил хорих ял оноож, 118.8 сая төгрөг гаргуулна
Хэвлэлийн хүрээлэнгийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн, сэтгүүлч Э.Г-ийг унадаг дугуйтай зорчиж байхад нь согтуугаар автомашин жолоодож явсан этгээд дайрч амийг нь хохироосон хэрэг өнгөрсөн долоодугаар сарын 8-нд гарсан юм. Уг хэргийг үйлдсэн Р.Идэрбатад холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн баасан гарагт хэлэлцэн шийдвэрлэлээ.
Р.Идэрбатыг согтуурсан үедээ “Тоёота приус-30” загварын тээврийн хэрэгслийг жолоодон Сонгинохайрхан дүүргийн IV хорооны нутаг, Толгойтын “Содон кар вош” авто угаалгын газрын урд замаар зорчиж явсан дугуйтай зорчигч иргэн Э.Г-ийг мөргөж амийг нь аврах боломжгүй хүнд гэмтэл учруулснаас нас барсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэсэн юм. Тиймээс Р.Идэрбатад Эрүүгийн хуулийн 27.10-4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг арван жилийн хугацаагаар хасаж, дөрвөн жилийн хугацаагаар хорих ял оноожээ. Энэ хэргийн улмаас амиа алдсан сэтгүүлчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 118.8 сая төгрөгийг Р.Идэрбатаас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэлээ.
Ингэхдээ эрэгтэй хүний дундаж наслалтын тоон үзүүлэлт 67.46-гаас иргэн Э.Г-ийн насыг хасаж, гарсан дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660 000 төгрөгийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлж тооцож гаргасан гэдгээ шүүгч Г.Алтанцэцэг шүүхийн шийдвэрийн тоймдоо мэдээлсэн юм.