“Бодь”-ийн хамсан тендер ба улсын нууц “RFID” систем
Автомашинд суурилуулах “RFID” буюу радио давтамжаар хянах системийг ирэх сарын 1-нээс эхлэн нэвтрүүлэхээр болсон. Албан тушаалтнууд энэ ажилд 13 тэрбум, 20 тэрбум, бүр 43 тэрбум төгрөг зарцуулсан зэргээр зөрүүтэй тоо хэлсээр ирсэн. Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг “RFID” системийн санхүүжилт 13 тэрбум гэж танилцуулж байсан бол Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг 20 тэрбум төгрөг гэж байлаа. Тэгвэл Хотын дарга асан Д.Сумъяабазар 43 тэрбум төгрөг шаардлагатай гэдгийг хэлсэн удаатай. Ямартай ч хотын экс удирдлагуудын зүгээс татвар төлөгчдийн 345 тэрбум төгрөгийг замын түгжрэл бууруулахад зарцуулсан. Үүний зургаан хувь буюу 20 гаруй тэрбумыг зарцуулсан гэж хамгийн сүүлд тайлан тавьсан. Ийм өртөгтэй “RFID” цогц системийг зөв ажиллуулж чадсан тохиолдолд замын түгжрэлийг 20 хувиар шууд бууруулах боломжтой гэдгийг сайд асан Ж.Сүхбаатар хэлж байлаа.
“RFID”-ИЙН ХУДАЛДАН АВАЛТЫГ “НОГООН” АВТОБУСНЫ АДИЛААР УЛСЫН НУУЦААР ХАЛХАЛСАН
Уг системийг нэвтрүүлэх ажил “нийслэлийн замын түгжрэлийг 50 хувиар бууруулна” гэж амласан 2020 оноос эхэлсэн байдаг. Нийтдээ 20 гаруй тэрбумыг зарцуулсан гэж байгаа уг төслийн санхүүжилтийн бараг талыг нь юун түрүүнд “Но-той ногоон” автобусны адилаар улсын нууцад оруулан зарцуулсан талаар аудитын дүгнэлтийг танилцуулъя.
Нийслэлийн төсвийн 2020 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, үр ашгийг хийсэн аудитын дүгнэлтийг сөхөж үзвэл, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх заалт, Худалдан авах ажиллагааны тухай хууль (ТБОНӨХБАҮХАТ)-ийн 3 дугаар зүйлийн 3.43 дэх заалтын хүрээнд нууцад хамруулсан 18.8 тэрбум өртгөөр хэрэгжсэн дөрвөн төсөл байна.
Үүнд:
- “Нийслэлийн цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн албаны хөдөлгөөнт эргүүлийн туулах чадвар сайтай автомашин” 7.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, НЗДТГ-т эрх шилжүүлж хэрэгжүүлсэн,
- “Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тусламж үйлчилгээний зориулалтын автомашин /40ш/” 4.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, НЗДТГ-т эрх шилжүүлж хэрэгжүүлсэн,
- “Улаанбаатар хотын авто машин, гудамж талбайд RFID систем нэвтрүүлэх” таван тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, НМТГ-т эрх шилжүүлж хэрэгжүүлсэн,
- “Авто замын хөдөлгөөн зохицуулалт, төлөвлөлтийн систем” 1.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, НХААГ-т эрх шилжүүлж хэрэгжүүлсэн худалдан авалтууд багтаж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, “RFID” системийн хамгийн их хөрөнгө оруулалт шаардсан хэсэг буюу дэд бүтцийн ажлыг гүйцэтгэсэн компанийг сонгон шалгаруулахдаа улсын нууцаар халхалсан гэж үзэж болохоор байна. ТБОНӨХБАҮХАТ хуулийн 3.4-т “Хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэж заасан байдаг. Үүнийг аудитаас хуулийн цоорхойг ашиглан хяналтгүй худалдан авалт хийсэн гэж дүгнэсэн байгаа юм. Ийм шалтгаанаар нийслэлийн аудитын газар “RFID” төслийг аудитын шалгалтын гадна үлдээсэн байдаг. Теле камер дэд хөтөлбөр, замын хөдөлгөөний удирдлагын системд 2020-2021 онд 15 тэрбум төгрөг зарцуулжээ. Тэгвэл улсын нууцад хамруулсан уг ажлыг ямар компани гүйцэтгэсэн байдгийг аваад үзье.
“RFID”-ИЙН ТЕНДЕРИЙГ ХАМСАН “БОДЬ”
Олон нийтийн эчнээ танил “Бодь групп”-ийн хамаарал бүхий “Бодь-Электроникс” компанийн ажил гүйцэтгэсэн танилцуулгадаа “Манай компани хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын камерын платформыг Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн 161 уулзварыг ухаалаг камер болон авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ унших “RFID” төхөөрөмжөөр тоноглох, төлбөр хураамжийг 100 хувь цахимаар шийдэх ажлыг нэвтрүүлсэн туршлагатай” хэмээн дурдсан байна.
Үнэхээр л хотын удирдлагуудын зүгээс 2020-2022 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн 161 уулзварыг ухаалаг камер болон авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ унших “RFID” төхөөрөмжөөр тоноглосон гэдэг тайланг тавьсаар ирсэн. Тэгвэл үүнийг өнөөдөр уг ажлыг хариуцаж байгаа Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан “Тухайн ажлыг Зам, тээврийн хөгжлийн яам, “Бодь-Электроникс” ХХК хамтран хэрэгжүүлж байгаа” хэмээн ярилцлага өгч батлав. Гэхдээ “RFID” дэд бүтцийн ажлыг гүйцэтгэсэн тендерийн мэдээлэл, байгуулсан гэрээний мэдээлэл хаалттай хэвээр байгаа нь улсын нууцаар халхалсантай шууд холбоотой биз.
Харин энэ 2023 он гарсаар ил болсон мэдээллүүдийг аваад үзэхэд, “RFID” тендерийн төслүүд зөвхөн “Бодь-Электроникс” компанид зориулсан гэж үзэж болохоор юм. Учир нь төрийн байгууллагуудаас “RFID” системийн нэвтрүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах бүрд “Бодь-Электроникс” ганцаараа тендерт орж, өрсөлдөгчгүйгээр шалгарсан байна. Тэдгээр хоёрыг нь товч танилцуулъя.
Тендер-1:
Нийслэлээс “Автомашины цахим гэрчилгээ (RFID tag)-г суурилуулах” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2023 оны гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 27-ны хооронд зарласан байдаг. Нийслэлийн төсвийн хөрөнгөөс гурван тэрбум төгрөгийн санхүүжилттэй уг тендер 2.97 тэрбумын саналаар “Бодь-Электроникс” компани ганцаараа оролцож, өрсөлдөгчгүй шалгарсан.
Гэвч автомашинд цахим гэрчилгээ суулгах ажил учир битүүлгээр хойшилсон. Шалтгаан нь хууль хяналтын байгууллагаас FRID системийг нэвтрүүлэх ажлын гишүүдийг шалгасан талаар эх сурвалжийн мэдээлэл байгаа юм. Улмаар өнгөрсөн хугацаанд ажил хариуцаж байсан хэд, хэдэн албан тушаалтан ажлаа өгсөн гэдэг мэдээлэл бий.
Тендер-2:
Зам, тээврийн хөгжлийн яамнаас “RFID технологи нэвтрүүлэх, тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийн санг өргөжүүлэх” тендерийг 2023 оны зургадугаар 23-наас долдугаар сарын 31-ыг хүртэл зарлажээ. Ингэхдээ 4.5 тэрбум төгрөгийн санхүүжилттэй гурван багц тендер зарласан. Өмнөх тендерт өрсөлдөгчгүйгээр ялж байсан “Бодь-Электроникс” компани энэ удаад гурван багцад гурвууланд нь орсон. Гэхдээ эхний буюу нэгдүгээр багцынх нь үнийн дүн 3.6 тэрбум төгрөгийн санхүүжилттэй тендерт мөн л ганцаараа орж, өрсөлдөгчгүйгээр ялалт байгуулжээ. Тус компани 3.57 тэрбумын санал өгсөн.