БНСУ-д машины үйлдвэрт ажиллаж байгаад харамсалтайгаар амиа алдсан Кан Тэ Ван буюу н.Тайван гэх монгол залуу нь 27 жилийн өмнө тус улсад цагаачилж байжээ
БНСУ-д машины үйлдвэрт ажиллаж байсан 30 орчим настай монгол залуу үйлдвэрийн осолд өртөн амиа алдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖхарна уу.
Уг монгол залуу нь одоогоос 27 жилийн өмнө Монголоос Солонгост цагаачилж, “Бүртгэлгүй цагаач хүүхэд” болон амьдарч байсан ч энэ жил ажилтай болж, тогтвортой оршин суух эрх авсан залуу ажилчин байжээ. БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлтийн яамнаас өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 12-ны өдөр өгсөн албан ёсны мэдээллээр, Жооллабук-до мужийн Гимже хотод байрлах тусгай зориулалтын автомашин үйлдвэрлэгч “HR E&I” компанийн ажилтан Кан Тэ Ван (32 настай, Монгол нэр нь Тайван) энэ сарын 8-ны өдрийн 11:00 цагийн орчимд 10 тоннын даацтай тоног төхөөрөмж хийж байх явцдаа тоног төхөөрөмжийн хооронд тээглэн эмнэлэгт хүргэгдэн ч харамсалтайгаар нас барсан гэх албан мэдээллийг өглөө.
Тэрбээр 1997 онд таван настай байхдаа ээжийнхээ хамт Солонгост цагаачилж очсон бөгөөд бичиг баримтгүй цагаач хүүхэд байжээ. Улмаар өнгөрсөн сарын 9-нд “Цагаач иргэдийн хүний эрхийн судалгааны хүрээлэн”-д өгсөн ярилцлагадаа, “Дунд ангид байхдаа найзтайгаа муудалцсан, манай найзын эцэг эх цагдаа дуудсан гэсэн. Манай ангийн багш “Хэрэв цагдаа нар чам дээр ирвэл чамайг Солонгосоос хөөж магадгүй” гэж хэлсэн. “Би тэгэхэд л анх удаа оршин суух эрхгүй хүүхэд байснаа мэдсэн” гэж хэлж байжээ.
Ийнхүү 2021 онд сайн дураараа улсаасаа гарсан бичиг баримтгүй цагаачдад дахин хилээр нэвтрэх боломж олгоно гэж Монголын Хууль зүйн яамнаас мэдээлэхэд Тайван 2021 онд Монголд ирж, 2022 оны 3-р сард богино хугацааны оршин суух визээр Солонгост буцаж ирсэн бөгөөд гадаадад суралцах (D-2) статустай болсон байна.
Ийнхүү коллежоо онц дүнтэй төгссөн бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард “HR E&I”-д судлаачаар ажилд орж, өнгөрсөн зургадугаар сард оршин суух (F-2) статус авсан байна. Мөн тэрээр нэгэн ярилцлагадаа, “Бүс нутгийн тусгай визний талаар мэдсэнийхээ дараа би Жонбүкт ирж ажилд орсон. Жонбүкт 5 жил ажиллавал байнгын оршин суух эрхтэй болно гэж сонссон. “Миний зорилго бол ногоон карт авч, иргэншилтэй болох явдал” гэж хэлж байжээ. Түүний ар гэрийнхэн нь тус компанийг олон нийтээс уучлалт гуйж, дахин ийм хэрэг давтагдахгүй байх арга хэмжээ авахыг шаардаж байгаа аж.