300 ТЭРБУМААР БОСГОСОН БӨӨРӨЛЖҮҮТИЙН ЦАХИЛГААН СТАНЦ “ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ЭХ ҮҮСВЭР БОЛНО” ГЭСЭН ЯАСАН БЭ, ТӨРИЙН ТҮШЭЭД ЭЭ

0

Монгол Улсын эрчим хүчний салбарт сүүлийн 40 жил хийгдээгүй томоохон бүтээн байгуулалт болох Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний блок, 150 мВт хүчин чадалтай станц өнгөрсөн сарын эхээр ашиглалтад орсон. Тухайлбал, Улаанбаатар хотоос 120 км зайд Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн босгох нийт дөрвөн блок бүхий 600 мВт хүчин чадалтай тус цахилгаан станцыг улстөрчид олон жилийн турш улс, Улаанбаатарын эрчим хүчний шийдэл болно гэж мэдэгдэж байв. Гэсэн ч өдгөө 150 мВт хүчин чадалтай эхний ээлжийн блок нь ашиглалтад ороод байгаа ч нийслэлчүүд цахилгааны хязгаарлалттай, тогоо хэмнэдэг хэвээрээ. Нийслэлийн “найдвар” болж, эрчим хүчний шинэ эх үүсвэр болно гэсэн Бөөрөлжүүтийн цахилгаан станц дахиад л хоосон амлалт болоод дуусах вий.

“ШИНЭ ЭХ ҮҮСВЭР” БИШ “ХООСОН АМЛАЛТ” БОЛООД ДУУСАХ ВИЙ

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл нь УИХ-ын 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдаж, Улаанбаатар бондын 500 гаруй тэрбум төгрөгөөр бүтээн байгуулагдах эрчим хүчний томоохон цогц төсөл. Төв аймгийн Баянжаргалан суманд орших Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэж бүтээн байгуулж буй уг цахилгаан станцыг нийт дөрвөн блок бүхий 600 мВт хүчин чадалтай байхаар байгуулах бөгөөд эцсийн байдлаар 2028 онд бүх блок нь ашиглалтад орж дуусна. Харин нийт 600 мВт хүчин чадалтай цахилгаан станцын төслийг эхний ээлжийн блок болох 150 мВт хүчин чадалтай станцыг байгуулж, өнгөрсөн сарын 5-нд Ерөнхий сайд, Шадар сайд, хотын дарга тэргүүтэй албаны хүмүүс очиж, албан ёсоор нээсэн юм.

Тодруулбал, Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний блокийн нээлтийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Энэ цахилгаан станц ашиглалтад орсноор бид эрчим хүчний хараат байдлаа бууруулж, Монгол Улс шинэ эх үүсвэртэй болж, ард иргэдийн амьдралд нааштай өөрчлөлт авчирна” гэж мэдэгдсэн. Түүнчлэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Хотын даргаар ирээд Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг баталснаар Улаанбаатар хот бие даан гадаад, дотоод бонд гаргах эрхзүйн орчин бүрдсэн. Анхны дотоод бонд 20 минутад зарагдсан нь хөрөнгө оруулагчид нийслэлийн багт итгэл үзүүлж буйн илрэл болсон. Бид босгосон бондоороо анхны хөрөнгө оруулалт болгож Бөөрөлжүүтийн цахилгаан станцад 300 тэрбумын зээл олгож, 2024 оны аравдугаа сард эхний 150 МВт-ын блок, ирэх жил дараагийн 150 МВт-ын блокийг ашиглалтад оруулах гэрээг “Цэцэнс майнинг энд Энержи” компанитай гэрээ хийсэн. Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын эрчим хүчний сэргэлт нэг алхам урагшилж байна” гэж мэдээлсэн байдаг.

Харин уг нээлтийн ёслол болохоос хэдхэн сарын өмнө “Бөөрөлжүүтийн цахилгаан станц”-ын гүйцэтгэх захирал Д.Мөнхтөр хэвлэлд “Манай цахилгаан станц аравдугаар сард төвийн эрчим хүчний системтэй холбогдоно. Нэгдсэн шугам сүлжээнд холбогдсоны дараа тэндээсээ дамжуулан хэрэглэгчдэд тархаагдах бөгөөд ОХУ-аас импортолдог эрчим хүчээ орлохуйц, хямд үнээр нийлүүлэх боломжтой болж байгаа юм. Бөөрөлжүүтийн цахилгаан станц Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 20-30 хувийг дангаараа хангаж чадна” гэж мэдэгдэж байв.

Төрийн зүгээс Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний ээлжийн блокт гэхэд, 300 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэ хэмжээний томоохон хөрөнгө оруулалтынхаа ард “Дотооддоо эрчим хүчээ үйлдвэрлэж, эрчим хүчний хангамжаа сайжруулна” гэж мөрөөдөж байсан ч цахилгаан станцын 150 мВт хүчин чадалтай эхний блок ашиглалтад орсноос хойш сар гаруйн хугацаан өнгөрөөд байгаа ч албаныхан, улстөрчдийн амлалт бодит байдал дээр хэрэгжихгүй, зөрчилдөж байгаад иргэд бухимдлаа илэрхийлж байна.

БӨӨРӨЛЖҮҮТИЙН ЦАХИЛГААН СТАНЦАД ТӨРИЙН ХЯНАЛТ БИЙ ЮҮ

Монгол Улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд эрчим хүчний хэрэглээ жилд тогтмол 80-100 мВт-аар нэмэгдэх болсон. Өнөөдрийн байдлааар гэхэд, манай орны эрчим хүчний хэрэглээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй гарч байгаа. Харин Монгол Улсын ОХУ-ын импортолдог тодорхой хэмжээний эрчим хүч зах зээл дээрх үнээсээ илүү үнэтэй буюу манай орон гаднаас үнэтэй эрчим хүч худалдан авдаг тухай асуудал олон жилийн турш яригдсаар ирэв. Тиймдээ ч дотооддоо эрчим хүчээ үйлдвэрлэж, эрчим хүчээрээ гаднаас хараат байдлаа бууруулахын тулд дотооддоо эрчим хүч үйлдвэрлэх, цахилгаан станцын хэд хэдэн төсөл хэрэгжүүлж буй.

Гэсэн ч улстөрчдийн дотооддоо үйлдвэрлэсэн эрчим хүчээрээ дотоодын хэрэгцээгээ хангах эрчим хүчний “мөрөөдөл” нь хоосон амлалт болоод дуусах вий гэж шинжээч, судлаачид онцолж байна. Тодруулбал, дээр дурдсан нийт 500 гаруй тэрбум төгрөгөөр босох Бөөрөлжүүтийн цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлын явц, төсвийн зарцуулалт, хяналтын асуудал өнөөг хүртэл тодорхой гараагүй, олон нийтэд ил тод мэдээлээгүй. Ингээд ч зогсохгүй зөвхөн Бөөрөлжүүтийн жишээн дээр гэхэд, төрийн түшээдийн цахилгаан станцыг тойрсон эрчим хүчний сэргэлт, дотоодоо цахилгаанаар хангах амлалтууд үнэн хэрэгтээ бодит алхам болж, сүр жавхлантай нээлтээ хийж, ашиглалтад орсон цахилгаан станцын эхний блок ажиллаад хэдийнэ 150 мВт хүчин чадлаар эрчим хүч үйлдвэрлэж байх ёстой байтал бодитоор хэрэгжсэн зүйлгүй, цахилгаан станц ажилгүй байна.

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хүчин чадал:

Манай орон сүүлийн 34 жилийн хугацаанд эрчим хүчээ 900 орчим мВт-аар нэмэгдүүлсэн. Гэсэн ч энэ хугацаанд ТЭЦ-4 ДЦС-ыг ашиглалтад оруулсан шиг томоохон бүтээн байгуулалт хийгдээгүй бөгөөд өнгөрсөн сард нээлтээ хийсэн Бөөрөлжүүтийн станц сүүлийн 40 жилийн хамгийн том нь. Дээр дурдсаны адил Бөөрөлжүүтийн цахилгаан станцын ашиглалтад ороод байгаа эхний блок нь 40 барилга бүхий 150 мВт-ын хүчин чадалтай станц. Уг цахилгаан станцын хүчин чадлыг энгийнээр тайлбарлавал, Бөөрөлжүүт нь сард дунджаар 200 кВт/цаг эрчим хүч буюу 30-40 мянган төгрөгөөр үнэлэгддэг цахилгаан ашигладаг 470 мянга гаруй айлыг эрчим хүчээр хангах хэмжээний өндөр эх үүсвэр юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *