ТӨХК-иуд ашиггүй ажиллачихаад өөрсдийгөө урамшуулж байхад ААН-үүд татвараар төсвийг бүрдүүлж байна

0

Монголд өнөөдөр Төрийн өмчит ХК 47, Төрийн өмчит ХХК 7, Төрийн өмчит үйлдвэрийн газар 24, Төрийн өмчийн оролцоотой 4, мөн банк, үйлчилгээний гэхэд 10 гаруй газар бий. Төрийн өмчит компаниудын орлого нь улсын эдийн засгийн тодорхой хэсгийн бүрдүүлэгч бөгөөд олон салбарыг хамардаг. Гэтэл төрийн өмчит компаниудын зарлага нь орлогоо давдаг, дарга нар нь үр ашиггүй ажилласныхаа төлөө урамшуулал, өндөр цалин авсаар байна. Энэ олон компаниас төсөвт орлого төвлөрүүлдэг нь цөөхөн.

Зардал нь орлогоо давсан төрийн өмчит компаниуд

2023 онд гэхэд Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын орлого, зарлагын дүнг харвал төрийн өмчит Дулааны цахилгаан станц 37 тэрбумын орлогоос 37 тэрбумын зардалтай, Улаанбаатар дулааны сүлжээ 153 тэрбумын орлоготойгоос 153 тэрбумын зардалтай. Дулааны III цахилгаан станц гэхэд 162 тэрбумын орлого, үүнтэйгээ тэнцсэн зардалтай.

Аудитын тайлангаас ашиглав

 Сангийн яамнаас хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж буй компаниудаас Хөгжлийн банк гэхэд өнгөрсөн онд 269 тэрбумын орлоготой, зардал нь 328 тэрбум, Автоимпекс компани 221 саяын орлоготой зардал нь 370 сая төгрөг. Дарханы арьс ширний үйлдвэр 308 саяын орлоготой, 721 саяын зардалтай, Улаанбаатар төмөр зам 1.3 их наядын орлоготой, зардал нь 1,3 их наяд, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал орлого нь тэрбум, зардал нь 1.3 тэрбум, Төрийн орон сууцны корпораци 4.5 тэрбумын орлоготой, 18 тэрбумын зардалтай, Монгол кувейтын байгаль хамгаалах төв 407 саяын орлоготой, зардал нь 825 сая төгрөг, Замын-Үүдийн дулааны станц 6.2 тэрбумын орлоготой бол зардал нь 9.5 тэрбум, Засгийн газрын автобааз 6.7 тэрбумын орлоготой, зардал нь 8.5 тэрбум байх жишээтэй. Дандаа орлогодоо тулгадаг, зардал нь давдаг бодит жишээ энэ.

Төрийн өмчит хуулийн этгээдүүдийн цэвэр ашиг 4 их наяд буюу энэ нь ердөө 5 төрийн өмчит компанийнх байхад 51 төрийн өмчит хуулийн этгээдийн нийт ашиг нь ердөө 380 тэрбум. Бусад 43 хуулийн этгээд нь 150 тэрбумын алдагдалтай ажилласан гэж аудитын дүгнэлт гарсан байна. Нийт хөрөнгийн эрсдэл 99 компаниас 20 хувьд нь үүссэн.

Төрийн өмчит компаниуд нь төсөвт орлого бүрдүүлэхгүй, ашиггүй ажилладаг мөртлөө ТУЗ-ийн гишүүд нь тогтмол 1-3.5 сая төгрөгийн цалинтай. Дарга нар нь тогтмол урамшуулалтай. Төрийн өмчит компанийн урамшууллын систем нь ашигт ажиллагаанаас олгогддог зарчим уг нь бий.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоот компаниудад хийсэн дүгнэлт

Төрийн өмчит компаниуд бол төсвийн мөнгөөр үйл ажиллагаагаа явуулдаг учраас удирдлагуудынх нь урамшуулал ил тод, хуулийн дагуу, шударга явагдах ёстой.

Төрийн өмчит компаниуд төлөвлөгөөнд тусгаагүй 231 арга хэмжээнд 319 тэрбумыг зарцуулсан байна

Засгийн газрын хэрэглэх эрхлэх газрын дарга Н.Учрал хяналтгүй төрийн өмчит компаниудад реформ хийнэ гэж “попордог”. Гэтэл улсын Аудитын газраас “Засгийн газраас зарим хуулийн этгээдийн хэлбэрийг олон дахин өөрчилж, зарим хуулийн этгээдийг татан буулгаж шилжүүлсэн хэдий ч тогтоолд өөрчлөлт оруулаагүй” гэдэг алдааг нь олж хараад тайландаа тусгачихсан. Байнга сөхөж, ярьдаг шигээ байвал уг нь Засгийн газар зарим хуулийн этгээдийн хэлбэрийг өөрчилж шинэчилнэ гэж ярихынхаа оронд тогтоолоо л гаргачихмаар. Төрийн өмчит хувьцаат болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өмчлөлийн эрх, үүрэг, төрийн зохицуулалтын чиг үүргийн зааг ялгааг тусгаарлаагүйгээс эрх үүргийн хэрэгжилтэд хариуцлага тооцож хяналт тавих эрх зүйн орчин байхгүй гэсэн үг. ТӨХК, ТӨХХК-ийн хувьцаа эзэмшигч нь хэн бэ, Засгийн газар.

Өөрөөр хэлбэл хянах үүргээ бүрэн хангахгүй байгаагаа өөрсдөө гайхацгааж буй. Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн тухай хуульд зааснаар “төрийн эзэмшлийн хувьцааг эзэшигчийн эрхийг хэрэгжүүлэх этгээдийг Засгийн газар тогтооно” гээд заачихсан нь хуулийн 21.2.3-т бий. Төрийн өмчит ХК, ХХК-ийн төрийн мэдлийн хувьцаа эзэмшигчдийн эрхийг Засгийн газраас томилдог. Энэ эрх, үүргээ ч мэддэггүй ЗГХЭГ-ын даргатай. Бүр Засгийн газартай. Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат гишүүдээ улс төрийн албан тушаалын томилгоогоор томилдогын гор, тэгээд нэмж урамшуулдаг. Төрийн өмчийн бодлого төвлөрөөгүй одоогийн нөхцлөө шүүмжлэх нь толинд хараад өөрсдийгөө шүүмжилж байгаатай л ижил.

2022 онд Төрийн өмчит, өмчийн оролцоотой 136 хуулийн этгээдийн 48.5 хувь буюу 66 хуулийн этгээд 681 тэрбумын алдагдалтай ажилласан. 2019-2021 онд гэхэд 107 хуулийн этгээдийн ТУЗ-ийн гишүүд нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчиж 316 саяын урамшуулал өөрсдөдөө олгосон дүн бий. Ерөөсөө ашигт ажиллагаатайгаа уялдуулалгүйгээр өөрсдөдөө урамшуулал олгодог байдал Төрийн өмчит блон төрийн өмчийн оролцоотой компаниудад хавтгайрсан. Нийт 68 мянган ажиллагсдаас 2200 удирдах албан тушаалтны цалин, урамшуулал бусдаасаа өндөр. Ашиггүй ажилласан мөртлөөө 9 хуулийн этгээд 3 жилийн хугацаанд нийт 971 саяын урамшуулал олгосноос гадна хөрөнгө оруулалтын төлөвлөгөөндөө тусгалгүй 231 арга хэмжээ зохиож, 319 тэрбумыг зарцуулсан байна.

Аж ахуй нэгжүүдийг ирэх онд төсвийн орлогын 87 хувийг татвараар бүрдүүл гэж тулгав

Гэтэл нөгөө талд Засгийн газар нь ААН-үүддээ дэндүү хатуу татварын бодлого тулгадаг. Өнөөдөр Монголд төсвийн орлогын 70 гаруй хувийг иргэд, аж ахуй нэгжүүд бүрдүүлж байхад ирэх оны төсөвт төсвийн орлогын 87 хувийг буюу 31.9 их наяд төгрөгийг татвараар бүрдүүлэхээр тооцсон нь 2023 оныхоос 49 хувиар илүү буюу 10.5 их наяд төгрөгийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг иргэд, аж ахуй нэгжүүд төлнө гэсэн үг. Аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийн зүгээс 2025 онд ирэх татварын ачааллыг тэсвэрлэхэд маш хүнд байна гэдгээ илэрхийлсээр байгаа.

МАН-ын зүгээс “Улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 25 хувь хүртэл болгож бууруулна”

АН “Монгол улсын нэгдсэн төсвийн зардлыг 20 хувиар танана

ХҮН нам “Төсвийн зардлыг бодитоор бууруулах бодлого баримтлана” хэмээн амласан.

Гэтэл намууд энэ амлалтуудаасаа ухарч Монгол Улсын Засгийн Газраас УИХ-д өргөн барьсан ирэх 2025 оны төсвийн төсөлд төсвийн нийт орлого 36.8 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого 33.9 их наяд төгрөг, зарлага 35.8 их наяд төгрөг байхаар тооцож, оруулж ирсэн юм. Энэ нь 2023 оны төсөвтэй харьцуулахад төсвийн орлого 15.0 их наяд төгрөг буюу 68.8 хувиар, төсвийн зарлага 13.4 их наяд төгрөг буюу 60.0 хувиар, урсгал зардал нь 9.1 их наяд төгрөг буюу 53.9 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлт юм.

Татварын орлого

Бусад улс орнуудын жишгээр бол ХХОАТ дээр татварын орлогын суурь нь явдаг бол Монголд Аж ахуй нэгжийн орлогын албан татвар дээр суурь нь явж байх жишээтэй.

Төрийн ийм ялгамжит бодлого аж ахуй нэгжүүдийг ирэх онд сөхрүүлнэ. Харин төсвөө батлуулчихсан ТӨХК-иуд, төрийн өмчийн оролцоот хуулийн этгээдүүд Засгийн газрын “хазаар тогтоол” гартал жаалж авна гэсэн үг.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *